Бизнесийг боомилсон шийдвэрийн уршиг ядуурлын түвшингээр илэрлээ

ЗГМ: Сэдэв


3.2 сая хүний 904 мянга нь ядуу гэх ангилалд багтаж байна


“Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин өнгөрсөн онд 28.4 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 1.2 пунктээр буурсан” хэмээн Дэлхийн банк болон үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ нь өнгөрсөн онд 39 мянган хүн ядуурлаас гарсан гэсэн үг юм. Чихэнд чимэгтэй л сонсогдож байна. Гэхдээ статистик мэдээллийг цааш ухаад үзвэл баярлахаасаа илүү халаглаж, харамсмаар баримтууд ар араасаа хөвөрнө. Хэдийгээр ядуурлын түвшин 1.2 пунктээр буурсан гэж байгаа ч улсын хүн амын талаас илүү нь амьдарч буй нийслэл хотод ядуурлын түвшин 27.2 хувьд хүрч, нэмэгджээ.


Ядуурлын түвшинг хэрхэн тооцдог талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Тухайн хүний сарын нийт хэрэглээ 166,580 төгрөг болон түүнээс бага байвал ядуу гэсэн ангилалд багтдаг байна. Гэтэл Монгол Улсын 3.2 сая иргэний 904 мянга нь буюу бараг гурван хүн тутмын нэг нь энэ мөнгөн дүнд хүрэхгүй орлогоор амиа зогоож, тэрхүү улаан шугамнаас доогуур түвшинд амьдарч байна.


Сарын 166 мянган төгрөгийн хэрэглээ гэж юу болохыг төсөөлөөд үзээрэй. өдөрт хуваавал 5500 орчим төгрөг болно. Ийм хэмжээний мөнгөөр амьдралаа залгуулж буй сая шахам хүн байна гэдэг дэндүү харамсалтай.


“Ядуурлын түвшин буурсан ч олон хүн ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр түвшинд амьдарч байна. Одоо байгаа 905 мянган ядуус дээр 475 мянган хүн нэмэгдэхэд ойрхон байгаа юм. Хэрэв эдийн засаг, үнэ, уур амьсгал, эрүүл мэндийн багахан хямрал үүсэхэд эдгээр хүн ядууралд өртөх өндөр эрсдэлтэй” хэмээн Дэлхийн банкны эдийн засагч Икокү Уочи ярьсан юм.


Тавхан жилийн өмнө 21 хувьтай байсан ядуурлын түвшин ийн нэмэгдэхэд юу нөлөөлөв. Мэдээж олон шалтгаан байгаа. Гэхдээ ажилгүйдэл болон ядуурлын түвшний хоорондын уялдааг харвал гол учир шалтгаан тодорхой болоод ирнэ.  Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 2013 онд 4.6, 2014 онд 5.1 хувь байв. Гэтэл 2016 онд энэ үзүүлэлт 9.1 хувь болж, огцом нэмэгджээ. Ядуурлын түвшин эрс нэмэгдсэн үе яг энэ мөчтэй давхцаж байгаа нь яавч санамсаргүй тохиолдол биш. Ажил эрхлэлт багасаж, өрхийн орлого хумигдахын хэрээр иргэд ядуусын эгнээнд шилжиж байгааг эндээс харж болно.

Дөрвөн аж ахуйн нэгж тутмын нэг нь үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон
Тэгвэл хүмүүс яагаад ажилгүй болоод байна гэсэн асуулт эндээс урган гарч буй за. Үүнийг эдийн засагчид бизнесийн орчин муудаж, хувийн хэвшилд ирэх дарамт шахалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүнийг ойлгомжтой болгохын тулд ганц статистик танилцуулъя. Өдгөө улсын хэмжээнд 170 мянга орчим аж ахуйн нэгж бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс үйл ажиллагаа эрхлээгүй байгууллагын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Тухайлбал, 2016 онд нийт аж ахуйн нэгжийн 21.6 хувь буюу 20,539 нь “үйл ажиллагаа эрхлээгүй” гэсэн ангилалд багтаж байв. Тэгвэл дээрх тоо 2017 онд 38,149 (24.6 хувь), 2018 онд 44,483 (26.1 хувь) болж, нэмэгджээ. Үндсэндээ дөрвөн аж ахуйн нэгж тутмын нэг нь үйл ажиллагаа явуулахгүй, сул зогсох хэмжээнд хүрчихэж. Энэ хэрээр ажлын байр хомсдож, иргэдийн бодит орлого багассаар байна.

Уг нь бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн төр засаг тэднийг дэмждэггүй юм аа гэхэд ядаж саад болохгүй баймаар байна гэдэг. Гэвч манай төр засаг хувийн хэвшлийг торгоно, хаана, хураана гэж дарамталж, дотоод үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохдоо гаргуун. Төрийн төмөр нүүрийг хувийн хэвшлийнхэнд хайр найргүй гаргасны гор ядуусын арми хүрээгээ улам тэлсэн баримтаар илэрч байна.

Манай сайд дарга нар эдийн засгийн өсөлт ярих дуртай. Өнгөрсөн онд эдийн засаг 6.9 хувь өссөн бол энэ жил 7-8 хувьд хүрэх төлөвтэй хэмээн Сангийн сайд бахархалтай нь аргагүй мэдэгдэж байв. Гэвч сайрхан гайхуулдаг өнөөх өсөлт нь энгийн иргэдийн амьдралд огт наалдсангүй. Уг нь эдийн засгийн өсөлт, ядуурал хоёр хоорондоо хамааралтай. Тухайлбал, АНУ-д эдийн засаг нэг хувиар өсөхөд ажилгүйдэл дунджаар 0.5 хувиар буурдаг бол Польш, Испани улсад эдийн засаг 2-3 хувиар өсөхөд ажилгүйдэл нэг орчим хувиар буурдаг байна.

• Одоо байгаа 905 мянган ядуус дээр 475 мянган хүн нэмэгдэхэд ойрхон байгаа талаар мэргэжилнүүд хэлж байна.
• Тухайн хүний сарын нийт хэрэглээ 166,580 төгрөг болон түүнээс бага байвал ядуу гэсэн ангилалд багтана.
• Ажил эрхлэлт багасаж, өрхийн орлого хумигдахын хэрээр иргэд ядуусын эгнээнд шилжиж байна.

Гэтэл манайд энэ зүй тогтол яагаад ажиглагдахгүй байна вэ. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаанд энэ талаар тодорхой дурдсан. “Монгол Улсын эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад нөлөөлдөггүй. Учир нь эдийн засгийн өсөлт нийгмийн халамжийг л нэмэгдүүлдэг. Нийгмийн халамж өссөн нь ядуурлыг бууруулах бус, эсрэгээрээ өсгөх нөхцөл болдог” хэмээн уг тайланд дурдсан байв. Гурван хүн тутмын нэг нь сард 166 мянгаас бага орлоготой байхад эдийн засаг долоон хувиар өслөө, дундаж цалин 1.2 сая төгрөгт хүрлээ гэх яриа доромжлол мэт санагдахаас ч аргагүй.

“Өнгөрсөн оны байдлаар хамгийн ядуу бүлгийн хэрэглээ улсын хэмжээнд нийт хэрэглээний 7.9 хувийг эзэлж байгаа бол чинээлэг бүлгийн хэрэглээ 40.9 хувийг эзэлж байсан. Чинээлэг бүлгийн дундаж хэрэглээ ядуу бүлгийнхээс 5.2 дахин их байгаа нь тэгш бус байдал өндөр байгааг харуулж байна” хэмээн ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч С.Болормаа ярьсныг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Үнэндээ ядуурлыг бууруулахад айхтар том төсөл хөтөлбөр, асар их мөнгө хэрэггүй ээ. Зүгээр л хувийн хэвшлийг дэмжиж, тэднийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаад өгчих хэрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаа сайжирч, ашиг орлого нэмэгдэхийн хэрээр ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшин дээшилнэ. Гэвч манай төрийн эрхэнд байгаа нөхдүүд үүний яг эсрэгээр ажиллаад байгааг хүн бүр харж байна.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хүү багатай зээлийг сайд, дарга, УИХ-ын гишүүд нь өөрсдөө хувааж авчихаад “ЖДҮ-чид болсон” баримт ил боллоо. Гэвч тэдэнд арга хэмжээ авах нь байтугай тушаал дэвшүүлж байна. Үүн шиг том доромжлол гэж байх уу. Зээл авсан гишүүд нь эхэндээ хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй гөлөлзөж байсан бол сүүлдээ гавьяа байгуулсан мэт ханхалздаг болж. Ичихгүй 2020 онд дахин сонгогдох гээд ширэн нүүрлэнэ дээ.

Хэрэв гишүүдийн хувааж авсан тэр зээл бизнес эрхлэгчдэд очсон бол үйл ажиллагаа нь дэвжиж, хэчнээн ажлын байр нэмэгдэх байсан бол. Ингээд бодохоор гурван хүн тутмын нэгийг нь ядуу болоход ЖДҮ-чин гишүүд хувь нэмрээ багагүй оруулжээ. Байдал дээрдэхгүй байвал яах вэ. Хэрэв ийм дээрээ тулбал дахин 475 мянган хүн ядуусын эгнээнд шилжихэд ойрхон байгааг санахад илүүдэхгүй. Сарын нийт хэрэглээ нь 166 мянгаас бага нэг сая шахам хүн амьдралаа дөнгөн данган залгуулж, тэдний тоо дахин нэмэгдэх магадлалтай байгаа нь өнөөгийн монголын эмгэнэл юм.
САНАЛ БОЛГОХ