“Амгалан” амаржихыг түгшээсэн “Хаанчлал”
Төрөх эмнэлгийн орчинд согтуучууд хөлхөж, архи, шивтэр нэвт сэнгэнэнэ
Эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авахад чимээ шуугианаа намдаагаач гэдэг
Гадаа орилолдох залуусын чимээг тээршаасан хэн нэгний “Чимээгүй байгаач хүүхэд унтаж байна” гэх дуу эмнэлгийн дөрөвдүгээр давхраас сонсогдлоо. “Хаанчлал” пабын харалдаа болохоор хүлээн авах, нялхсын, төрөх, төрөхийн өмнөх болон хагалгааны тасгуудын үйлчлүүлэгчид амар тайван байдаггүй аж. Мөн баасан гараг болон баярын өдрүүдэд бүр ч түвэгтэй байдаг тухай эмнэлгийнхэн хэлж байв.
Цонхоор агаар биш архи сэнгэнэнэ
Амаржихын үйлчлүүлэгч Б.Буянхишиг “Амаржихад ирээд долоо хонож байна. Эмчилгээ, сувилгаа сайтай ч нэг асуудал нь хажуу талдаа паб, караокетой. Үүр шөнийн таван цаг хүртэл согтуу, хөлчүү хүмүүсийн дуу чимээ тасрахгүй. Нойр хулжиж, цочиж сэрдэг. Бас зуны халуунд цонхоо нээхээс өөр аргагүй. Гэвч архины эхүүн үнэрт хамар цоргиод дотор муухайруулаад байдаг юм. Энд хоёр хүн нэгнийгээ алах гээд байна хэмээн цагдаад дуудлага өгөхөд тоогоогүй. Эхчүүд төрж, нялхас амарч байгаа газрын дэргэд паб, үйлчилгээний газар ажиллуулах зохимжгүй л баймаар юм” хэмээн санаа алдан хэллээ.
Нийслэлийн хэмжээнд баар, рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 1500 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр газар үүрийн шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг байлаа ч эмнэлгийн ойролцоо байрлаж боломгүй. Хуульд эмнэлэг сувиллын газар тэдгээрийн гаднах орчинд тамхи татахыг хориглосон ч тус хуулийн заалт хэрэгжихгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байлаа. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт иргэнээс амаржих газрын замыг хааж машин зогссон тухай гомдол ирж шийдвэрлэж байжээ. Гэвч энэ явдал удаа дараа давтагдсан хэвээр л байгаа аж.
Түргэний машины хангинах дохио, согтуу залуусын шуугиан, зодоон, анхны хүүхдээ өлгийдсөн аавын баяр, амар амгаланг хайсан жижүүр эмч, сувилагч, дүүгээ хүлээсэн хүүхдүүд болон амрахыг хүсэж гомдоллосон ээжүүд гээд амьдралын олон өнгө сүлэлдсэн амаржих газрын нэг шөнийг үдлээ.
• “Хаанчлал” пабынхан машин орох хашааг хааснаас болж, үйлчлүүлэгчид амаржих эмнэлгийн зогсоолыг эзэгнээд зогсохгүй түргэний тэрэг ордог замыг нь хаажээ.
• Манай эмнэлгийн өмнөх талбайд халамцуу залуу шээж байхад нь шаардлага тавьснаас болж, эх баригч эмч гараа хугалуулж байсан удаатай. Энд удвал их зүйл харна даа” гэсэн юм.
• “Хаанчлал” пабын дөрвөн ханан дундах хэтэрсэн архидалт, дайрч давшилсан маргаан зэрэг төрийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэлд арга хэмжээ авахгүй, мөнгөнд сохорсон албан тушаалтнаа хаацайлсаар.
Гаднах талбайг архи ууж, тамхи татах газар шиг ашигладаг болсон
Бид мөн “Амаржих” газрын аж ахуйн менежертэй уулзсан юм. Тэрбээр “холоос ирсэн үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан үйлчилгээг цогцоор нь бүрдүүлэх зорилгоор ТҮЦ машин, АТМ байрлуулсан. Гэвч шөнийн цагаар уг АТМ пабын үйлчлүүлэгчдийн хэрэглээ болж, эхчүүдийн тайван байдал алдагдаад байна. Энд дүрэм журам алга. Залуус машинаа түргэний машины замд орхичих нь хүндрэл учруулах юм. Манайх гадна талбайг эхчүүддээ зориулж нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижуулж сүүдрэвч, саравч барисан. Гэтэл залуус цугларч архи ууж, тамхи татдаг газар болчихлоо. Сэтгэл ханамжийн судалгаа эхчүүдээс авахад чимээ шуугианаа намдаагаач л гэдэг. Эмнэлэг гэдэг тусгай объект байх ёстой. Манай цонхыг хагалж, араас нь хөөцөлдөн төлүүлж байсан удаатай “өмнө нь энэ “хаанчлал”-ын байр эмнэлгийн угаалгын газар байсан юм” хэмээв.
“Амгалан” амаржих газар нэг, хоёрдугаар төрөхөөс орчин үеийн тоног, төхөөрөмж, эх хүлээн авах хүчин чадлаараа хоёр дахин илүү шинэ байр ашиглалтад оруулж, эмнэлгийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн. ийм сайхан байр бариад ч хэрэг алга. орчин гэдэг иргэдийн эрүүл мэндэд хамгийн хамаатай зүйл. Гэтэл төрөх эмнэлгийн орчин нь тайван бус болчихоор жирэмсэн эмэгтэйчүүд адаглаад л сэтгэл түгших эмгэгтэй болж байгаа юм. Ер ийм газар удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх ч арга алга. Эмнэлгийн ажилчид энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг өнгөрсөн оны есдүгээр сард хотын захиргаанд хүргүүлсэн хариу өгөөгүй аж.
Төрөх эмнэлгийн ажилтнууд “хаанчлал” пабын эзэн нэлээд эрх мэдэлтэй албан тушаалтан байдаг гэнэ лээ гэж сэтгэл гонсгор хариулсан юм. тэвчих, хүлээхийн заагт эмнэлгийнхэн гарцгүй болжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн “хаанчлал” пабын дөрвөн ханан дундах хэтэрсэн архидалт, дайрч давшилсан маргаан зэрэг төрийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэлд арга хэмжээ авахгүй, мөнгөнд сохорсон албан тушаалтнаа хаацайлсаар. Нийслэлийн тамгын газар, цагдаа нар нь ч хяналт тавьж чадахгүй, айж дагжсан “хаанчлал” ингэхэд хэний паб вэ? Амаржихын ажилчид, хэвтэн эмчлүүлэгчид “хаанчлал”-аас салах өдрийг хүлээж сууна. Хувийн өмч, орлогын үүсвэрийг шууд хааж болохгүй ч хорвоод мэндлэх бяцхан үрсийг тосож өлгийддөг эмнэлэг баар, цэнгээний газартай хөрш оршиж боломгүй. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлыг анхаарахгүй хоосон хөгжил, дэвшил ярьж суух нь оновчгүй юм. Үүнийг Нийслэлийн захирагч, Эрүүл мэндийн сайд, улаанбаатар хотын ерөнхий менежер, НМХГ хуулийн дагуу анхааралдаа авах цаг болжээ. Эрх мэдэл, танил тал энэ оронд хэзээ хаанчлахаа болих вэ?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй