Амины төлөөстэй аюулгүй байдал

ЗГМ: Сэдэв


Мэргэжлийн хяналтын шаардлагад УБЦТС-нээс нэг ч хариу өгөөгүй аж


Одоогоос есөн жилийн өмнө гэмтэлтэй цахилгааны эх үүсвэрт цохиулан нас барсан хүүгийн цогцсыг Баянгол дүүргийн 55 дугаар байрны дээврээс буулгаж байсан эмгэнэлт тохиолдол нийгмийг цочирдуулж байлаа. Өнөөдөр 22 нас хүрэх байсан хүүгийн зул асаасан зургийн өмнө эх нь элгээ эгштэл, энгэрээ нэвтэртэл уйлсан ч сэтгэлийн шарх нь аниагүй. Сүүлийн арван жилд бид хэдэн хүүхдийг зураг болгон мөнхөлж, зул болгон асаав. Цаашид хэдэн хүүхдийн амийг авч байж цахилгааны аюулгүй байдлаа хангах ёстой юм бэ.


Өнгөрсөн долоо хоногт гэхэд л айл хооронд татсан цахилгааны утсанд таван настай хүү цохиулаад бас нас барлаа. Яг энэ мөчид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эмийн сангийн үүдэнд тоглож байгаад амиа алдсан хүүгийн эцэг эх “хариуцлага” нэхэн уйлж суув. Шүүх хурлын талаар талийгаач хүүгийн ээж Ж.Мөнхсайханаас тодруулахад, “2018 оны зун хүү минь амиа алдсанаас хойш жилийн хугацаанд шүүх цагдаагаар явлаа. Эмийн сангийн хаалга яагаад цахилгаанжсан асуудлыг холбогдох байгууллагууд бие бие рүүгээ чихэж, хариуцах эзэн олдохгүй явсаар эмийн сангийн эзэнд нэг жилийн ял оноогоод өнгөрлөө. Хүү минь босоод ирэхгүй ч гомдолтой байна. Халуун тогоонд түлээд, эсвэл өндрөөс унагаад амийг нь тасалчихсан бол эх хүн би өөртөө гомдохсон. Даанч хүү минь олон нийтийн зам талбайд тоглож яваад амиа алдсан. Дараа нь Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ (УБЦТС)-нийхэн тэр хавийн газрыг аюулгүй болгосон байна лээ. Хүүг минь нас барснаас долоохон хоногийн дараа Налайх дүүрэгт бас нэг жаахан охин газар унасан шонгийн модны цахилгааны утсанд цохиулж нас барсан. Сая бас нэг хүү амиа алдчихлаа. Ийм мэдээг сонсохоор зүрх урагдах шиг болох юм. Одоо гэр хорооллын зах, зуслангийн бүсэд аалзны тор шиг хэрсэн цахилгааны ил утсыг харахаар хүү минь бодогддог. Хатуухан хэлэхэд дахин нэг амь эрсдэхийг хүлээж байгаа юм уу гэж асуумаар санагддаг” гэсэн юм.

• Сүүлийн арван жилд бид хэдэн хүүхдийг зураг болгон мөнхөлж, зул болгон асаав. Цаашид хэдэн хүүхдийн амийг авч байж цахилгааны аюулгүй байдлаа хангах ёстой юм бэ.
• Хэрэв тэр залуу алдаа гаргаж осолдвол түүний л “хохь” болж, УБЦТС нийхэн өнөөх хуулийн 30.1.8 дахь заалтаа уншаад өнгөрнө.
• “Ухны ам”-д дахин нэг алтан амь эрсдэж, халуун зүрх зогссон нөхцөлд л УБЦТС-нээс мэргэжилтнүүд ирж цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөх бололтой.

Д.БАЯРСАЙХАН: ХЭРЭГЛЭГЧ АЮУЛГҮЙ  БАЙДЛАА ХАНГАХ ХУУЛЬТАЙ

Харин саяхан Цайз орчимд амиа алдсан хүүгийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, “УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлж, хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан. Шинжээчийн дүгнэлт гарч, хэргийн нөхцөл байдал тодорхой болсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэний буруутай үйлдлээс болж цахилгааны гэмтэл үүссэнийг эцэслэн тогтоох журмаар явна” гэж хариулав. Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж байгаа аж. Мөн гарсан хэрэгтэй холбогдуулан УБЦТС-нийхэн цахилгааны аюулгүй байдалд хяналт тавихаар болсон гэдгээ зарлалаа.

Амиа алдсан хүүгийн асуудалд ямар байр суурьтай байгаа талаар УБЦТС-ний дарга Д.Баярсайханаас тодруулав. Тэрбээр, “Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах нь манай үйлчлэх хүрээнд байдаг асуудал биш. Манай компани тоолуурын шит хүртэлх хэсгийг хариуцдаг. Харин тухайн айл өрх өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг өөрөө хангах хуулийн зохицуулалттай. Мөн иргэн өөрөө аюулгүй байдал засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг хариуцдаг. Мэргэжлийн хяналтын газраас энэ асуудалд хяналт тавих ёстой. Аюулгүй байдлаа иргэн өөрөө хангах ёстой” хэмээгээд хяналтын албатай холбогдох дугаар өгөв. Харин УБЦТС-ний хяналтын албаны мэргэжилтэн нь “цэвэрлэгчээсээ дарга хүртэл хоёр мянгахан ажилтантай  ТӨХК 380 мянган хэрэглэгчийг “маллах” гэж үйлээ үзэж байна шүү дээ” хэмээн ялархаж, эхлээд цахилгааны талаар ерөнхий мэдлэгтэй болж, судалчихаад асуугаарай хэмээн даапаалав. Хамгийн аймшигтай нь өнгөрсөн жилийн өдийд хоёр хүүхдийн амь долоон хоногийн зайтай “тасрахад” тэд энэ хариултыг хэлж л байсан.

Тоглож яваад цаг бусаар зогссон халуун зүрх бүхний өмнөөс Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д “хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэсэн заалтыг УБЦТС ягштал уншсан. Энэ үед НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Бид хэрэглэгчдэд хяналт тавьдаггүй. Удаа дараа ийм зүйл гарлаа. УБЦТС компани энд буруутай. Бидний шаардлагад нэг ч удаа хариу өгөөгүй” гэсэн тайлбар хийв. Энэ жил ч гэсэн “тогонд цохиулж амиа алдвал хэрэглэгчийн өөрийн л буруу шүү дээ” гэдэг хариултыг төрийн байгууллагынхан тоть шиг давтсаар л байна.

Дээшээ харж явахгүй бол төмөр унах, замаа сайн харахгүй бол нүхэнд ойчих, хажуу тийшээ хянахгүй бол машинд мөргүүлэх эрсдэлтэй улаанбаатарт нэг сая шахам хүүхэд амьдарч байна. Хүүхдүүд эзэнгүй нохойд хазуулж, тоглоомын талбайд төмрөнд даруулж, хуруугаа тасдуулж, цэрэгт татагдан зэрэмдэглүүлж, цахилгаанд цохиулж өнгөрсөөр...

6000 ВОЛЬТ ХҮЛЭЭН АВДАГ ШИТИЙГ ЦООЖГҮЙ, ХАМГААЛСАН ХАШААГҮЙ ОРХИЖЭЭ

Манай сурвалжлах баг бодит байдлыг тодруулахаар Зүүнсалаа дахь “ухны ам” зусланг зорив. Нийслэлд яг ийм зуслан 22 бий. Хуучин Геологийн төв лабораторийнхны зуслан гэх тодотголтой энэ газарт 60 орчим айл зусахаар гарчээ. Тэдний 30 нь гурван хоног тоггүй сууна. Угтаа энд төрийн гэх тодотголтой ганц ч цахилгааны шон байхгүй. Харин “эзэнгүй шит” л бий гэж оршин суугчид хэлэв. Цахилгааны шитийг оршин суугчид 100,000 төгрөг нийлүүлж, УБЦТС-ний Баруун түгээх төвөөр саяхан хийлгэсэн ч удалгүй гэмтэл доголдол гараад байгаа аж. 6000 вольт хүлээн авдаг шитийг цоожлоогүй бүр хамгаалсан хашаагүй байхаас гадна айлууд руу татсан 220 вольтын гүйдэлтэй утаснууд нь орооцолдон мушгирчээ. Хамгийн ноцтой нь тэнгэрээр сүлэлдэж, газраар цуварсан могой шиг хар утаснуудын дунд 300 орчим хүүхэд тоглож байна.

Биднийг очиход УБЦТС-нээс гэмтлийг засахаар цахилгаанчид ирсэн байв. Цахилгаанчин Х.Энхтөмөрөөс зуслангийн бүсэд орооцолдсон, ил задгай утаснуудад хяналт тавьдаг эсэхийг асуухад, “Манайх зөвхөн гэрээ хийсэн хэрэглэгчдийнхээ дуудлагаар явж үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, би өглөөнөөс хойш 40 газар дуудлагаар очсон. Энүүгээр дүүрэн л “хулгайн утас”-нууд байна. Бүгдийг нь бид салгаад явах цаг зав, боломжгүй. Салгаад явсан ч эргүүлээд л залгачихдаг. Зуслан дээр буусан айлууд тог татах зөвшөөрөлгүй учраас шонгоос “хулгай”-гаар авч байна. Мэргэжлийн бус хүмүүс татдаг учир тогонд цохиулах эрсдэл өндөр. Мөн шаардлага хангаагүй утаснууд их ашигладаг. Харин энэ шитийг Баруун түгээх төвийнхөн хийсэн учир тэднийг дуудаж засуулахаар боллоо” гээд гэмтлийг тодорхойлолгүй буцсан юм.

Тоггүй олон хоног болсон айлууд бухимдалтай үлдлээ. Тэд Баруун түгээх төвийнхөн ирэхгүй удсан учраас өөрсдөө гэмтлийг олохоор эмх замбараагүй сүлжилдсэн утсыг даган “үзлэг хийж” байв. Энэ үеэр “ухны ам” зусланд 30 жил зуншиж буй Г.Баянням гэх 70 гаруй настай хөгшин “уг нь манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тогны асуудлыг шийдвэрлээрэй гэж дүүргийн ИТХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн юм. Харин тэндээс “өөрсдөө мөнгөө гаргаж цахилгаантай бол” гэдэг хариу өгсөн. 40 жил төрд ажиллаж татвар төлөөд, жаахан авсан тэтгэврээсээ илүүчилж шит хийлгэсэн нь энэ шүү дээ. Би “Амиа хорлох бол энд ирээрэй” гэж шоглоод сууж байна. Гэхдээ энэ бол шоглоом биш. Төрөөс шийдэх ёстой дэд бүтцийг бид мөнгө гаргаж хийлгэлээ. Гэтэл УБЦТС-нээс хүн алчихмаар аюултай зүйл хийгээд явчих гэж. Одоо хэрхэн аюулгүй байлгах вэ гэж бид толгойгоо гашилгаж сууна. Энэ Улаанбаатар хотын иргэн бүр цахилгаанчин байх ёстой юм уу” хэмээн халагласан юм.

Энэ үеэр оршин суугчид дундаас өөрийгөө цахилгаанчин хэмээн нэрлэсэн залуу гэмтлийг тодорхойлохоор газар малтан утас хөвж суулаа. Тэрбээр, “Хэдэн өдөр тоггүй, одоо хамаг мах өмхийрлөө” хэмээн амандаа үглэсээр ажлаа үргэлжлүүлнэ. Хэрэв тэр залуу алдаа гаргаж осолдвол түүний л “хохь” болж, УБЦТС-нийхэн өнөөх хуулийн 30.1.8 дахь заалтаа уншаад өнгөрнө. Гэхдээ “эзэнгүй шит”-ийг засах, хариуцах хүнгүй учир оршин суугч цахилгаанаа өөрсдөө засахаас өөр сонголт байхгүйг хэн ч авч хэлэлцэхгүй өнгөрөх нь. “Ухны ам”-д дахин нэг алтан амь эрсдэж, халуун зүрх зогссон нөхцөлд л УБЦТС-нээс мэргэжилтнүүд ирж цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөх бололтой.
САНАЛ БОЛГОХ