Хачирхалтай биетүүд: Хүрэн Одой

UB Info

Од болоход хэтэрхий жижиг ч, гараг байхад хэтэрхий том бөгөөд "халуун" тийм нэгэн завсрын биетүүд оршдог болов уу гэж та бодож байсан уу? Ийм хачирхалтай биетүүдийг хүрэн одой (Brown Dwarfs) гэж нэрлэдэг.

"Од" болохын тулд хамгийн багадаа 0.07-0.08 нарны масстай тэнцэхүйц хэмжээний масстай байх ёстой бөгөөд түүнээс бага масстай бол устөрөгчийн цөмийн урвал явагдах боломжгүй байдаг. Хүрэн одой нь тэр хэмжээнд хүртэл хангалттай масс цуглуулж чадаагүй биетүүд бөгөөд яг л од үүсдэгтэй ижил үүсэх ч дотроо устөрөгчийн урвал явуулж чадахгүй тул өөрийн илчээ удалгүй алдаж, харанхуй биетүүд болон хувирдаг. Тэднийг энгийн оддоос ялгах нь ялангуяа анх үүссэн "халуун" жилүүдэд нь нэлээдгүй төвөгтэй байж. Одон орончид хүрэн одойд байдаг ч, энгийн оддод байдаггүй элемент нь Лити болохыг олж мэдсэнээр харин тэднийг ялгах боломжтой болсон юм. Лити нь устөрөгч, гелигийн дараах хамгийн хөнгөн элемент бөгөөд энгийн одод үүнийг маш хурдан цөмийн урвалд оруулж дуусдаг учраас тэдгээрийн "найрлагад" байдагггүй аж. Илчээ алдсаны дараа хүрэн одой нь бидний нүдэнд үзэгдэх энгийн гэрэл бараг ялгаруулахгүй бөгөөд харин хэт ягаан туяаг их хэмжээгээр ялгаруулдаг байна.

Тэгвэл огт хөрж харанхуй болоогүй, эсвэл дөнгөж үүссэн халуун биш хүрэн одой ямар өнгөтэй байх вэ? Тэд хүрэн ягаан өнгөтэй (magenta) харагддаг! Агаар мандалд нь байх янз бүрийн молекулууд нь нэг бол улаан, нэг бол цэнхэр өнгийн гэрлийг шингээж авсаар агаар мандлынх нь өнгийг өөрчилж, эцэст нь ягаавтар өнгөтэй харагдуулдаг. WISE (Wide-field Infrared Survey Explorer) телескопын хувьд бидний харж чадахгүй хэт ягаан туяагаар зураглал хийдэг бөгөөд түүнийг судлаачид бидний харах өнгөд шилжүүлэхийн тулд хамгийн богино долгионы урттайг нь цэнхэр, хамгийн уртыг нь улаан өнгөөр хөрвүүлдэг. WISE-аар авсан зургийг ингэж хөрвүүлсний дараа хүрэн одой нов ногоон өнгөтэй харагддаг.

Үүгээр зогсохгүй масс нь нэмэгдэх тусам хүрэн одой том болдоггүй. Хоёр бөөрөнхий шавар аваад нийлүүлэхэд нэг том шавартай болдог доо? Гэтэл хүрэн одой том хэмжээтэй болохын оронд илүү нягт болдог. Мөн маш олон жилийн дараа бүх бидний мэдэх энгийн одод унтармагц сансар огторгуйд багахан ч болтугай гэрэл түгээх биетүүд нь зөвхөн хүрэн одой нар байх болно. Ийм л хачирхалтай биетүүд байна даа.

САНАЛ БОЛГОХ