Авлигын мөнгө саарал жагсаалтад орох магадлалыг өсгөх эрсдэлтэй

Мөнгөний бодлого


2017 онд FATF-аас “Огт хангаагүй” гэсэн үнэлгээ авсан таван үзүүлэлтээ дээшлүүлсэн


Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдэх FATF-ийн хуралд танилцуулах тайлангийн талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.


-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудлаар Монгол Улс эрчимжүүлсэн хяналтад байгаа. Саарал жагсаалт руу хальтрах эсэхийг шийдэх харилцан үнэлгээний тайланг олон улсын байгууллагын өмнө хамгаалахаар ажлын хэсэг явах гэж байна. Нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөөч?


-2017 онд мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллагаас (FATF) Монгол Улсад хангалтгүй үнэлгээ өгч, эрчимжүүлсэн хяналтад оруулсан. FATF-аас өгсөн 40 зөвлөмжийг хэрэгжүүлж чадахгүй бол саарал жагсаалтад, цаашлаад хар жагсаалтад орох эрсдэл үүсээд байна. Хар жагсаалтад иран, Хойд Солонгос улс, харин саарал жагсаалтад 8-10 орон байдаг. Манай улс таван зөвлөмжийг л хэрэгжүүлдэг, үлдсэн 35-д нь хангалтгүй, үүнээс тавыг нь бүр огт хэрэгжүүлээгүй гэсэн тааруу үнэлгээтэй байсан.


-Манай улс өмнө нь саарал жагсаалтад ороод гарсан байх аа?


-2013-2014 онд саарал жагсаалтад орох үед олон улсад хяналт хараахан чангараагүй, манай эдийн засаг харьцангуй жижигхэн байсан тул иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлээгүй юм. Харин одоо бид саарал жагсаалтад орвол маш эмзэг тусна. Иргэд, ААН, улсын бүх гадаад гүйлгээ царцана. Гадны хөрөнгө оруулалт ч зогсож, зээлжих зэрэглэл буурна. Дотооддоо зээлийн хүүг бууруулж чадахгүй, энэ нь иргэн бүрийн халаасыг тэмтэрч эхэлнэ гэсэн үг. Иргэд гадаадад картаа уншуулж гүйлгээ хийх боломжгүй болно. Өнөө цагт саарал жагсаалтад орсон улсын иргэнээс эхлээд макро түвшинд нь хүнд нөлөө үзүүлдэг болсон.


-Үүнээс сэргийлж юу хийсэн бэ?


-Засгийн газраас FATF-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх, хангалтгүй байсан ажлуудыг сайжруулах, нийцү үлэх зорилготой төлөвлөгөө баталсан. Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг огт хянаж чадахгүй байна гэж харилцан үнэлгээний тайланд онцолсон байсан. 2018 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж, “бохир” мөнгөний хөдөлгөөнийг хянах, мэдээлэх үүрэгтэй есөн субьектыг тодорхойлж өгсөн юм. Банк, ББСБ, ХЗХ, даатгал, үнэт цаас, хөрөнгө оруулалтын салбар дээр нэмэгдээд үл хөдлөх хөрөнгө зуучлал, алт, үнэт эдлэл, чулууны бизнес болон өндөр дүнтэй худалдан авалтыг баталдаг нотариатыг багтааж өгсөн. Эдгээр салбарын үйлчилгээ үзүүлэгчдийг сэжиг бүхий болон, 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээдэг болгосон юм. Үүнээс эхний зургаан салбарыг нь СЗХ хянадаг.

-Үлдсэн гурвыг хаанаас хянах вэ?

-Тухайлбал нотариатчдыг ХЗДХЯ, хуульчдын холбоо, нягтлан бодогчдыг Сангийн яам, Мэргэшсэн нягтлан бодогчдын зөвшөөрөл хариуцдаг байгууллага хавьцаа хянаж болно. Харин алт, үнэт чулууны хөдөлгөөнийг хаанаас хянах нь тодорхойгүй байсан. Өнгөрсөн долдугаар сарын 9-нд өргөн барьсан үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлд энэ салбарыг СЗХ хянах ёстой гэсэн концепц шингээсэн, хэлэлцээд баталсны дараа тодорхой болох байх.

-Монгол Улс тайлангаа хамгаалахад дутуу, гүйцэтгэж чадаагүй асуудал юу үлдэв?

-Огт хэрэгжүүлээгүй ажил үлдсэнгүй. Манайхаас гадна Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба (СМА), мөн энэ салбарт хяналт тавих чиг үүрэгтэй хууль хяналтын бүхий л байгууллагын төлөөлөлтэй хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ) сүүлийн хоёр жил ажиллаж, “огт хангаагүй” таван асуудлыг бүрэн арилгаж, бусдыг нь шат ахиулан сайжрууллаа. Хуулиа баталж, дүрэм журмаа өөрчлөөд, хяналт шалгалт хийж байна. Одоо энэхүү тайлангаа FATF-ийн жилийн уулзалтад хамгаалахаар ХАЗ явах гэж байна. Зөвлөмжид дурдсан асуудлаас 20-ыг нь СЗХ шууд хариуцдаг. Үүнээс найман асуудлыг нэг шат ахиулж, зургааг нь хоёр шат ахиулсан. Цаашид ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай зургаа, хянаж анхаарч байх ёстой 27 ажил бий. Бид хяналтын системийг чангатгах хүрээнд газар дээрх болон зайнаас хянах журам гаргаж, харилцагчаа таних, улс төрд нөлөө бүхий этгээдийг таних заавар боловсруулах гэх мэтээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийг сургаж, чадавхжуулах ажлыг хийж байна. Хорооноос эхлүүлсэн томоохон ажил бол орон даяар үйлчилгээ эрхэлдэг санхүүгийн байгууллагуудад газар дээр нь очиж үнэлгээ хийсэн. ОУВС-ийн аргачлалаар хийсэн уг үнэлгээ салбаруудын нөхцөл байдлыг илрүүлж, мөнгө угаах эрсдэл хаана, аль шатанд байж болзошгүйг тодорхойлох боломж өглөө.

Зуучлагчид үл хөдлөх хөрөнгийн арилжаа бүрийг мэдээлэх үүрэг хүлээсэн

-Үнэлгээний дүн ямар гарсан бэ?

-Монгол Улсын хэмжээнд анх удаагаа мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр үнэлгээ хийлээ. Энэ талын мэдлэг харилцагчид ч үйлчилгээ үзүүлэгчдэд ч сул тул үнэлгээний үзүүлэлт тааруу гарсан. Жишээлбэл, хуульд 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг мэдээлнэ гэж заасан ч тухайн этгээд хоёр, эсвэл дөрөв хуваагаад шилжүүлэг хийвэл яах вэ. Харилцагчаа таньж мэдэх, сэжигтэй гүйлгээг мэдээлэх гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч анхан шатны ажилтнуудад харьцангуй шинэ зүйл. Энэ үнэлгээний дүнд бид санхүүгийн харилцагчдаа хаана явааг мэдэрч авсан нь чухал юм. Цаашид энэ суурин дээр сургалт, хяналтын ажлаа эрчимжүүлнэ.

-Олон улсад үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн салбарт “бохир” мөнгө цутгах эрсдэл хамгийн өндөр гэдэг. Энэ бүхэнд танайх хяналт тавина гэж ойлголоо?

-Тийм ээ. Бид банкнаас бусад санхүүгийн салбараас гадна санхүүгийн бус эдийн засгийн салбар буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалд хяналт тавих болсон. Өнгөрсөн жилийн байдлаар 5137 хуулийн этгээд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа бүртгүүлсэн байв. Зуучлагчид Мөнгө угаах, теорроризмтой тэмцэх тухай хуулийг амьдралдаа олж хараагүй, үүргээ мэдэхгүй байсан. Үл хөдлөх хөрөнгийн арилжаа бараг бүгд 20 саяас дээш төгрөгийн дүнтэй тул Монголбанкны дэргэдэх СМА-д заавал мэдээлэх үүрэг хүлээж байгаа юм. Бид анх удаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан.

-Гаргасан зөрчилд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Шаардлага хангаагүй үзүүлэлтүүдийг засах хугацаа өгч, залруураагүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Хувь хүн 500 мянгаас таван сая хүртэл, ААН-ийг 40-50 сая төгрөгөөр торгох санкцтай. Өнөөдрийн байдлаар найман ааН дээр зөрчлийн хэрэг нээгээд байна.

-УИХ-ын найман гишүүнтэй холбоотой мөнгө хүүлсэн хэргийн талаар нэг гишүүн мэдээлэл хийсэн. Энэ мөн үү?

-Биш. АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй шүү дээ. Прокуророос ирүүлсэн бичигт ч найман ААН гэж байхгүй байгаа биз дээ. Гишүүний яриад байгаа шиг найман ББСБ мөнгө угаасан гэж нотлогдсон зүйл алга. Манай үйл ажиллагааны хүрээнд 86 ААН шалгуулснаас 60-д нь албан шаардлага өгсөн. Найман ААН-д зөрчлийн хэрэг нээлгэсэн.  Гэхдээ энэ бол улстөрчдийн яриад байгаа шиг ББСБ биш, өөр салбарынхан ч бий.

-Улстөрчид хэдэн тэрбумын байр авлаа, үнэтэй цаг зүүлээ гэх мэтээр нийгэмд маш их мэдээлэл тардаг. Танайхаас шалгалт үнэлгээ хийхэд ноцтой зөрчил илэрдэггүй юм уу?

-Яг ийм мэдээллүүдийг цэгцлэх урьдач ажлыг манайх хийж байгаа юм. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд бүх гүйлгээгээ СМА-д мэдээлэх үүрэг хүлээнэ, мэдээлээгүй бол зөрчлийн хэрэг үүсгэнэ. Харин СМА боловсруулалт хийгээд, сэжигтэй бол хууль хяналтын байгууллагад өгөх зарчмаар ажиллах юм.

-Та бүхэн ийм олон зүйл сайжруулсан тайлангаа хамгаалахаар FATF-ын өмнө очно. “ЖДҮХС-гаас мөнгө авч хүүлсэн улстөрчдөдөө ямар хариуцлага хүлээлгэсэн бэ” гэх ч юм уу, “төрийн албан хаагч авлигын мөнгөө оймсондоо нуусан байхад хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ” гэж асуувал өгөх олигтой хариулт байгаа гэж үү?

-Ийм асуудал хөндөхийг үгүйсгэхгүй. Хамтын ажиллагааны зөвлөлд цагдаа, прокурор, АТГ-аас томилогдсон хүмүүс бий. Тэдний хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын тоон үзүүлэлт бий. Хэчнээн хэрэг зөрчил шийдвэрлэсэн, одоо хяналтын шатанд хэд нь явааг хуулийнхан хэлэх байх. Ер нь манай мөнгө угаах терроризмтой тэмцэх ажлыг олон улсын байгууллага үнэлдэг. Төрийн айлчлалын үеэр  УЕП дагалдаж, эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны эхлэл тавьсан зэргийг FATF харж л байгаа байх.

-Тайлангаа хэрхэн хамгаалах бол. Саарал жагсаалт руу орох эрсдэлээс гарч чадах болов уу?

-Бид мэдээж эерэг төсөөлөлтэй л явна. Саарал жагсаалтад орохгүй байх, эрчимтэй хяналтаас гарах гэсэн хоёр зорилготой. Би хувьдаа өөртөө итгэлтэй байна. Эрчимжүүлсэн хяналт бол Монгол Улсад вакцин хийсэнтэй адил үр дүнтэй. Үүний дараа манай улс мөнгө угаах гэмт хэргийг эсэргүүцэн, эдийн засгаа хамгаалах бүрэн чадвартай болох юм.
САНАЛ БОЛГОХ