Нийслэлийн нийт авто замын 20 гаруй хувь нь л ус зайлуулах шугамтай

Бүтээлч Монгол


Тавьсан зам гурван жилийн дотор эвдэрвэл тухайн компани засварлах дүрэмтэй ч энэ нь бараг хэрэгждэггүй


Зуны ихэнх хугацаанд хур бороо элбэгтэй байгаагаас улсын хэмжээнд 18 цэгт замын ноцтой эвдрэл бий болжээ. Эдгээрийн 70 гаруй хувийг нь засаад байгааг Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар хэлж байна. Харин нийслэлийн авто замууд борооны улмаас эвдэрч, энд тэндээ онгорхой цоорхой олон нүхтэй болоод буй. Гэвч засварын ажил удаашралтай байгааг иргэд шүүмжилдэг. Одоогоор нийслэлийн Авто замын хөгжлийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 62 хувьтай байгааг хотын дарга С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр мэдэгдэж байсан. “Үерийн далан сувгийг цэвэрлэж, хөрсний усыг зайлуулах чиглэлээр 53 байршилд 140 гаруй километрт замын далан суваг, сувагчлал, үерийн даланг засах арга хэмжээ авч байна. Гэхдээ замын дэд бүтцийн чанар, усны сувагжилт бүрэн хийгдээгүй байснаас асуудал үүсч байна” хэмээн тэрбээр хэлж байв.

Авто замын чанарыг шалгадаг бороо энэ сард ч үргэлжлэн орох төлөвтэй байна. Харин зам нь чанаргүй, үерийн уснаас хамгаалах шугам хоолой нь бүрэн бусаас болж энэ мэт эвдэрсэн тохиолдол, үүссэн нүхээ тоолсоор суух уу. Зөвхөн нийслэлийн хэмжээнд борооны улмаас эвдэрсэн замыг засахад хэдий хэмжээний зардал гарч буйг тодруулахаар нийслэлийн Авто замын газарт очсон ч хариулт өгөх хүн алга.

Улсын хэмжээнд 18 цэгт замын ноцтой эвдрэл бий болжээ
“Энэ онд нийслэлийн зургаан дүүргийн 38 мянган ам метр газарт зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Цаашид үерийн улмаас зам эвдэрвэл энэ тоо нэмэгдэнэ. Зам засварын ажилд хэдэн төгрөг зарцуулдаг талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн тус газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан хэлсэн юм.

Нийслэл хот үерт автаж, тавьсан замууд нь ээлж дараалан ховхорч унасаар байгаа энэ үед дарга нар нь эзгүй, мэргэжилтэн нь ярих эрхгүй гэсэн үгээр ам таглаж буй тэд ер нь “ажлаа мэдэж байна уу” гэж бодогдоход хүргэж байв.

Өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн гол болон туслах гудамж, зам талбайд нийт 757 гаруй сая төгрөгийн засвар хийжээ. Тэгвэл энэ жил бороо хур арвин байж, тэр хэрээр авто замуудад эвдрэл гэмтэл гарах нь нэмэгдсэн тул үүнээс их мөнгөөр зам засварын ажил хийхээр болж байгаа нь ойлгомжтой.

Улаанбаатар хотын хэмжээнд 840 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас зөвхөн 184 км зам нь борооны ус зайлуулах шугам сүлжээтэй аж. Үүнээс болж зүгээр л байгалийн жамаараа орж буй бороо гамшгийн хэмжээний хохирол учруулж, улсын төсвийн хөрөнгийг үр дүнгүй урсгасаар. Гэтэл байгаа хэдхэн үерийн ус зайлуулах сувгийг хааж, зөвшөөрөлгүй барилга барьсаар байна. Үүний нэг жишээ энэ сарын 5-6-ны өдөр орсон борооноор Богд уулнаас урссан ус Яармагийн замыг бүхэлд нь усанд автуулж, нуур далай аятай цэлэлзэж байсныг сануулъя.

“Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан хийх 13 байршлын зураг төслийг гаргасан. Энэ бүгдийг хийхэд 190 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тухайлбал, Хан-уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороонд үерийн шугам сүлжээний зургийн ажлыг 2015 онд хийсэн байдаг. Хөрөнгө оруулалтын ажил шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Төсөв тодорхой болвол зураг төсөл нь бэлэн учраас үерийн даланг шууд барих боломжтой. Энэ асуудал шийдэгдвэл хот усанд автахгүй” хэмээн Улаанбаатар хотын ЗАА-ны ус зайлуулах барилга байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Балдандорж ярьсан юм.

“Зам, засвар арчлалтын компаниуд дэлхийн жишигт нийцсэн 180 гаруй стандартыг мөрдөх ёстой. Гэвч стандартаа ягштал мөрддөг компани бараг байхгүй. Анхнаас нь зураг, төсөл, төлөвлөлтөө технологийн дагуу нарийн тооцоо, судалгаатай гаргахгүй бол нэг ажлаа дахин давтан гүйцэтгэх шаардлага тулгардаг” хэмээн МХЕГ-ын Зам, тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн дарга Ш.Гэрэлт-Од ярьсан. Мөн тухайн компанийн тавьсан зам гурван жилийн дотор эвдэрвэл өөрийн хөрөнгөөрөө засварлах дүрэмтэй ч энэ нь бараг хэрэгждэггүйг тэрбээр нэмж хэлсэн юм.

Өвөлдөө нүүрсний утаанд хордож, зундаа усан далайд живсэн нийслэлчүүдийн зовлон хэзээ дуусах бол.
САНАЛ БОЛГОХ