Зам тээврийн осол гэр бүлээр нь сүйрүүлж байна

ЗГМ: Тодруулга


Ялаа, шумуул хазсан шарх хүндэрч, мэс засал хийлгэхэд хүргэж байна


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гуравдугаар давхарт байх хүүхдийн тасагт тусламж эрсэн үрс, тэвдэж сандарсан эцэг эхчүүд дүүрэн. Харахад нүд халтирч, сэтгэл өвдөнө. Байсхийгээд л цахилгаан шат онгойж, сувилагч, асрагч нар носилкитой хүн түрсээр гарч ирэх юм. Баруун хөлөө нимгэн самбай даавуугаар битүү боосон хүү, тэргэн дээр суун түрүүлсээр буулаа. Мөн гараа сойж боосон хоёр жаал эргэн тойрныг ажиглан хонгилоор нааш цааш хөлхөх аж. Тус эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал одооноос арай буурч байгаа талаар эмч, сувилагч нар нь ярив. Сургууль, цэцэрлэг тарсан зуны урин дулаан цагт хүүхдүүд хараа хяналтгүй болж осол, аваарт өртөх нь элбэг тохиолддог аж. ГССҮТ-ийн нэгдүгээр улирлын статистик мэдээллээс харахад, цэцэрлэгийн насныхан илүү их гэмтсэн нь харагдана. Түүнчлэн зуны улиралд Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь автомашины осолд өртсөн иргэд, хурдан морь унаач хүүхдүүд байдаг аж. Мөн сүүлийн үед хүүхдүүд могойд хатгуулж очих тохиолдол гардаг болжээ.


Бид гараа сойж боосон охиноо эмчид үзүүлэхээр ирсэн 30 гаруй насны эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр “Бага насны хүүхэд хөдөлгөөнтэй болохоор хараа хяналт жаахан сулрахад л бэртчихдэг юм байна. Манай охин одоо дөрвөн настай, гэртээ тоглож байгаад гараа хугалчихсан. Ах нь морь болж, дүүгээ унуулж тоглож байгаад булгиж байна гээд шидчихсэн чинь гар нь хугарчихаж. Хүүхдийн яс хэврэг болохоор яльгүй зүйлээс шалтгаалаад амархан бэртдэг юм байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, бага насны хүүхдээс хараагаа салгаж ерөөсөө болохгүй шүү” хэмээв.


Түүнчлэн гурван настай хүүгийн ээж ч дээрх шиг гэмшиж сууна. Ээжийгээ ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэх зуур хүү гурван давхрын цонхоор унажээ. Ээж нь ярихдаа “Манай гэрийн цонх ялаа, шумуулны тортой. Гэтэл хүү маань ялааны торыг цааш нь түлхээд уначихсан. Азаар кабелийн утсанд дүүжлэгдэж уналтын хурд нь саарч доошоо ойчсон тулдаа бага зэрэг гэмтсэн байна” гэлээ.


Эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал, дүрэм журамгүй мэт аашилдаг жолооч нарын буруугаас болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Зам тээврийн ослын хохирогч нь хүүхэд болж, насан туршдаа хүний гарт амьдрах харамсалтай явдал гарсаар байгааг эмч нар хэлж байв. Гэр бүлээрээ зугаалганд явж байгаад осолдож, аав нь ухаангүй сэхээн амьдруулах тасагт хүү нурууны хагалгаанд орж, ээж нь хорвоог орхисон зүрх шимшрэм дүр зурагтай Гэмтэл, согог судлалын үндэсний төвийнхөн л нүүр тулдаг.

“Авто тээврийн ослоос болж гэр бүлээрээ эрүүл мэндээрээ хохирно гэдэг харамсалтай явдал шүү. Иймэрхүү тохиолдол жил тутам л гарч байна. Манайхан хөдөөгийн замд гарахаараа хурдны зам дээр явж байгаа мэт андуурдаг. Гэтэл манай Монголын зам ямар билээ дээ. Хөдөөгийн зам бол хамгийн аюултай зам шүү дээ” хэмээн эмч нар ярьж байлаа.

Тус эмнэлгийн энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээллийг харахад улсын хэмжээнд осол гэмтэл болон бусад шалтгаанаар 33,856 хүн үйлчлүүлжээ. Осолд өртөгсдийн 606 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өвчлөл 5148 тохиолдлоор их байгаа юм.

Хүүхдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн хаалганы хажуугийн ханан дахь талархлын булан баярласан сэтгэгдлээ бичсэн захидлаар дүүрсэн харагдлаа. Эмч, сувилагч нарт хаягласан халуун сэтгэлийн үгэн илгээмж багачуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл аж. 

М.БОЛДБААТАР: ХҮҮХЭД МОГОЙД ХАТГУУЛЖ ИРЭХ БҮРТ "ЕРӨНДӨГ БАЙСАН БОЛ" ГЭЖ ХАРАМСДАГ

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн эрхлэгч М.Болдбаатартай уулзаж ярилцлаа.

-Танай эмнэлэг зуны улиралд хэр ачаалалтай ажилладаг вэ. Автын ослоос болж хүүхэд гэмтдэг тохиолдол их гарч байна уу?

-Нэг үе ачаалалтай ажиллаж байсан. Сүүлийн нэг, хоёр жил харьцангуй ачаалал багасч байна. Өнөөдөр би долоон хагалгаа хийхээр төлөвлөсөн. Гэхдээ хадаас авахыг бол хагалгаа гэж тооцохгүй л дээ. Эцэг, эхчүүдийн хараа хяналт сайжирсан юм болов уу, зуны улиралд хүүхдүүд осол, гэмтэлд өртөх нь буурсан байна. Орон сууцыг стандартынх нь дагуу хүүхдийн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай нь барьдаг болчихвол хүүхэд машины гарааш дээрээс унаж бэртдэг байдал гарахгүй шүү дээ. Тоглох талбайгүй болохоор гарааш дээр гарч үсэрч тоглож байгаад унаж бэртчихээд ирдэг. Хүүхэд гэнэн болохоор нэгэнтэйгээ хөөцөлдөж байгаад машинд шүргүүлэх, мөргүүлэх тохиолдол гарч байна. Манай тасгаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд байдаг. Тэгэхээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурмаар байна. Хурдаа тохируулж явах ёстой гэсэн дүрмийг заавал хэвшүүлж сурах хэрэгтэй. Хөдөөгийн зам бол хурдны зам биш шүү дээ. Эвдрэл ихтэй, хамгийн баталгаагүй зам. Хүмүүс шинэ машин худалдаад авчихлаа гэж боддог. Гэтэл японд 10 жил эдлүүлсэн хуучин тэрэгнүүд л Монголд орж ирж байгаа. Тэгэхээр холын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж явдаг болмоор байна. Хувь хүн сахилга, хариуцлагатай байвал осол аваар гарах нь багасна.

-Осолд өрсөн хүүхдүүдийн эдгэрэх байдал ямар байна?

-Хүүхдийн гэмтэл хурдан эдгэрдэг. Хадаасаа авахуулах гээд ирэхдээ л эрүүл хөлнөөсөө ялгагдахааргүй болсон байдаг. Харин нуруу, нугас тархины хүнд гэмтлүүд алс хэтдээ урхагтай байх тал бий. Нийт гэмтлийн 3-5 хувь хөдөлмөрийн чадвараа алддаг.

-Хүүхдүүд могойд хатгуулсан тохиолдолд танай эмнэлэгт ирэх үү, ийм тохиолдол хэр гарч байна вэ?

-Могойд хатгуулсан хүүхдүүд ирж хэвтдэг. Хөдөө аялал зугаалгаар явж байхдаа могойд хатгуулах тохиолдол бий л дээ. Гэтэл Улаанбаатар хот дотор могойд хатгуулсан хоёр хүүхэд ирж, эмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны гадаа тоглож байсан хүүхэд могойд хатгуулсан. Мөн гуравдугаар хорооллын “Ачлал” их дэлгүүрийн гадна явж байсан могойг 15 настай хүүхэд барих гэж байгаад хатгуулсан тохиолдол гарлаа. Би могой судлаач биш болохоор хортой хоргүйг мэдэхгүй л дээ. Гэхдээ л хүүхдийн гар их хавдсан байсныг зүслэг хийж хорыг нь гадагшуулах эмчилгээ хийсэн. Мөн ялаа, шумууланд хазуулж, тэр нь мэс засалд ороход хүртлээ хүндрүүлж ирэх боллоо. Магадгүй агаар, хөрсний бохирдол нөлөөлдөг байх, ялаа шумуул хазсан шарх ясыг гэмтээх хүртэл хүндэрдэг болжээ. Ер нь шумуул, ялаанд хазуулсан шарх их хоруу чанартай болсон нь бидэнд анзаарагдаж байна.

-Могойн хорны ерөндөг гэж байдаг гэсэн. Танай эмнэлэгт байдаггүй юм уу?

-Уг нь Социалист нийгмийн үед могойн хорны ерөндөг гэж байсан. ХААИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнд байдаг байлаа. Ерөндөг авдаг мөнгийг зарим нөхөд дундаас нь авч оймсондоо хавчуулчихаад гаднаас авахаар үнэтэй гээд оруулж ирэхгүй байна. Монголоос л лав олдохгүй байгаа. Сүүлийн жилүүдэд могойд хатгуулах тохиолдол мэр сэр гардаг болж байхад ерөндөг зайлшгүй хэрэгтэй. Бусад оронд бол могойн хорны ерөндөг бий. Гагцхүү манайх үнэтэй гээд авч ирэхгүй байна л даа. Могойд хатгуулсан хүүхэд ирэх бүрт ерөндөг байсан бол гэж харамсдаг.

-Унаач хүүхдүүд мориноос унаж бэртэж ирэх нь багассан уу?

-Хүүхдийн байгууллагууд унаач хүүхдүүдэд их анхаарал хандуулдаг болсон тул улс, аймгийн томоохон наадмуудын үеэр хурдан морины хүүхэд унаж бэртэх тохиолдол гарахгүй байгаа. Харин овооны тахилга, мянгат малчны цолны найр гэсэн жижиг уралдаануудын үеэр хүүхэд мориноос унаж гэмтэн ирэх тохиолдол гарсаар байна. Хүмүүсийн арга заль нарийсаад хурдан мориноос унасан хүүхдээ үзүүлэхдээ хашаа руу авирч байгаад унасан гэж хэлдэг болсон. Бид юунаас шалтгаалсан гэмтэл, бэртэл байна гэдгийг хараад мэднэ шүү дээ. Зарим хүн хүүхдийнхээ гэмтлийг нуун дарагдуулж, хүндэрсэн хойно нь авчирч үзүүлдэг. Унаач хүүхдүүдийн асуудал хурцаар яригдаж, анхааралд өртөөд ирэхээр нуух гэсэн оролдлого гарч байна.

-Тээврийн хэрэгслийн осол аваар зуны улиралд нэмэгддэг биз?

-Аялал зугаалгын үеэр, цагаан сараар тээврийн хэрэгслийн осол эрс нэмэгддэг. Гэр бүлээрээ эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү шүү дээ. Эмээ, өвөөтэйгээ үр хүүхдүүдтэйгээ бэртээд л ирдэг. Зүрх шимшрэм дүр төрхтэй байсхийгээд л нүүр тулдаг. Ослын улмаас аав нь, эсвэл ээж нь нас барж, хүүхэд өнчин үлдэж байгааг харахаар зүрх зүсэгдэх шиг болдог. Эр хүн заримдаа зангарагтай байдаг юм. Өөрөө хүнд гэмтэлтэй хэрнээ бусдыгаа түрүүлж үзүүлэх гэж зүтгээд байдаг юм.

-Танай эмнэлгийн гадна, дотно өнгө төрх их сайжирчээ. Тоног, төхөөрөмжийн хүчин чадал, эм тарианы хүрэлцээ хангамж асуудалгүй юу?

-Тухайн байгууллагын даргаас их зүйл шалтгаалдаг. Нэгдүгээр эмнэлэг рүү шилждэг Т.Мөнхсайхан дарга манай эмнэлгийг жимбийлгэлээ шүү дээ. Тоног, төхөөрөмжийн хүчин чадлыг нэлээн сайжрууллаа. Эмнэлгийн төсвийг нэмүүлж чадсан. Үүнийгээ дагаад эм, тарианы хүрэлцээ хангамж ч сайжирсан. Гэхдээ л улсын эмнэлэг бол улсынх л байдаг. Төслөөр тоног, төхөөрөмж аваад өглөө гэхэд жил зургаан сарын баталгаа өгнө. Баталгаат хугацаанд нь хариуцсан улс орных нь инженерүүд ирээд засаад өгдөг. Хэрэв баталгаат хугацаа нь дууссан тохиолдолд инженер гаднын орноос авчирч засуулах шаардлагатай. Харин энэ үед өндөр төлбөр төлдөг учраас жаахан бэрхшээлтэй юм байна.
САНАЛ БОЛГОХ