Монгол Улс хуулбарлах хэрэгтэй ОХУ-ын уран нүүдэл

Бүтээн байгуулалт


Худалдааны өрсөлдөөнд хэн уран нүүсэн нь хождогийг хойд хөрш харуулж байна


Хүчирхэг үйлдвэрлэл нь хувьчлалын шуурганд өртөж, дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд тоотой хэдэн олигархын гарт орчихоод байсан хойд хөршийн аж үйлдвэр ахин төрж байна. ОХУ сүүлийн 10 гаруйхан жилийн дотор сэхээнд байсан аж үйлдвэрээ сэвхийтэл босгож, орчин үеийн, олон улсад өрсөлдөх чадвартай хүчирхэг салбар болгон хөгжүүлсээр. Оросоор овоглосон үйлдвэрлэлийг сэргээх хойд хөршийн Засгийн газрын тууштай бодлого тус улсын бизнесийн салбарт ташуур болжээ. Үүнээс гадна дэлхий дахины болон дотоодын улс төр, эдийн засгийн өөрчлөлт хувьсгал, гэнэтийн болон таамаглаж байсан хүчин зүйлс ОХУ-ын үйлдвэрлэлийг өсөлт рүү түлхсээр.


ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР


Сүүлийн тавхан жилийн дотор ОХУ-д танигдахын аргагүй болтлоо өсөж дэвжсэн салбар бол хөдөө аж ахуй. Хойд хөрш хэзээнээсээ хүнс, тэжээлийн үйлдвэрлэгч байсан, олон арван жилийн туршлагатай. Гэвч энэ зууны эхээр хоцрогдож, хөгжлийн түвшин нь удаашраад байсан ч 2014 оноос хойш тасралтгүй өсөж, өдгөө тус улс дэлхийн хүнсний салбарын хүчирхэг тоглогч болон эргэн ирлээ.


Крымийг өөртөө нэгтгэсэн нь ОХУ-ыг барууны орнуудтай түнжин хагарахад хүргэж, тус улсын экспортын бараа бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнууд хориг тавьсан билээ. Хариуд нь хойд хөрш Европын орнуудаас авдаг хүнсний бүтээгдэхүүний импортоо одоогоос таван жилийн өмнө зогсоосон. Нэгхэн шөнийн дотор Европын холбооноос тус улсыг чиглэдэг загас, махан бүтээгдэхүүний импортын 60, жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүний импортын 50 хувь бүрэн зогссон юм. Гэвч хойд хөрш зүгээр суусангүй, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ нэн даруй эрчимтэй өсгөж, энэ төрлийн түүхий эдийн экспортоор тэргүүлж эхэллээ.


Сүүлийн таван жилд Орос улсын хилийн чанадаас худалдан авдаг хүнсний импорт 31 хувиар буурч, өнгөрсөн оны байдлаар 29 тэрбум ам.доллар хүрсэн байна. Гэтэл энэ хугацаанд ОХУын хүнсний бүтээгдэхүүний экспорт 60 хувиар дээшилж, 16 тэрбум ам.доллараас 25.8 тэрбум ам.доллар болтлоо өссөнийг хойд хөршийн Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. ОХУ-ыг онилсон барууны орнуудын шидсэн чулууг хойд хөрш “чулуу” болгон, өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан нь энэ.


ОХУ-ын Засгийн газар импортыг орлох төслүүдийг дэмжиж, хүн амаа хүнсээр хангахад бусдаас гуйхааргүй болсон. Энэ онд Оросын Засгийн газар хөдөө аж ахуйн салбарынхандаа 307.9 тэрбум рублийн (4.7 тэрбум доллар) санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Одоогоор улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос, мах зэрэг хүнсний гол бүтээгдэхүүнийхээ 90-ээс дээш хувийг дотоодоосоо хангаж байгаа.

Гэхдээ хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангасан гээд сэтгэл ханасангүй, хилийн чанадад борлуулалт ахиу хийхээр зүтгэсээр буй. ОХУ одоогоор талхны зориулалт бүхий улаан буудайн дэлхийн хамгийн том экспортлогч болоод байгаа юм. 2025 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоо хоёр дахин өсгөж, 40 тэрбум ам.доллар олохоор төлөвлөж буйгаа ОХУ-ын Засгийн газар мэдэгдлээ. Нэгэн цагт олон улсын харилцааны хоригт өртөж, буланд шахагдаж байсан ОХУ сорилтыг боломж болгон ашигласныхаа үр шимийг ийн хүртээд эхэллээ.

ИННОВАЦЫН ХУВЬСАЛ ӨРНӨСӨН НЬ

Хүнс, хөдөө аж ахуйгаас гадна ОХУ-д инновац, мэдээллийн технологийн ээлжит хувьсгал эрчтэй өрнөж байна. Хойд хөршийн Засгийн газар инновац, техник технологид суурилсан дижитал эдийн засгийг цогцлоох зорилтыг 2010-аад оны эхээр тавьж, мэдээллийн технологийн салбарт анхаарлаа хандуулж байлаа. Эдүгээ программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлсээр буй төдийгүй энэ төрлийн бүтээгдэхүүний экспортоо 10 жилд 27 дахин өсгөсөн байна. ОХУ-ын Засгийн газар одоогоос таван жилийн өмнө төрийн өмчийн оролцоотой “Газпром”, “Роснефть” зэрэг томоохон компаниуддаа дотоодын программ хангамжийг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байв.

ОХУ-ын Засгийн газар тодорхой салбаруудаа төрийн бодлогоор тууштай бөгөөд гар таталгүй дэмжсээр буй. Энэ онд тус улсын Засгийн газар автомашин үйлдвэрлэгчид болон хөнгөн үйлдвэрийн салбарынханд 12.2 тэрбум рублийн санхүүжилтийн суваг нээж буйгаа мэдэгдсэн. Тус улс уламжлалт авто үйлдвэрлэлийн “зүс”-ийг өөрчилж, 2009 онд Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тусгай хөтөлбөр боловсруулж, Оросын автомашины үйлдвэрийг шинэчлэх эхлэлийг тавьсан юм. Түүнчлэн олон жилийн турш эдийн засагт дэмжлэг болсоор ирсэн нисэх онгоц, усан онгоц, батлан хамгаалахын техникийн үйлдвэрлэлээ ч хөгжүүлсээр байгаа юм.

Үүнээс гадна нэхмэл, хувцас, арьс шир зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлж, тарифын бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ хамгаалсаар байна. Ийнхүү ОХУ хүнс, хөдөө аж ахуй, авто үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээ хүчирхэгжүүлж, дэлхийд дээгүүрт бичигдэх тоглогч болохоор эргэлт буцалтгүй зорьсон зорилго нь биелж байна.

ОХУ бол Монгол Улс шиг түүхий эд түшсэн орон. Экспортын орлогынхоо 60-70, улсын төсвийнхөө тэн хагасыг эрчим хүчний түүхий эдээс олдог, энэ зах зээлд хэдийн ноёрхлоо тогтоосон улс. Сүүлийн жилүүдэд байгалийн хий, газрын тосноос гадна нүүрсний салбарт манлайлал тогтоож, дэлхийн хатуу түлшний хамгийн том зах зээл болох Азийг атгахаар зогсолтгүй давшилж буй гүрэн. Гэтэл уул уурхайн салбар дахь ноёрхлынхоо зэрэгцээ эдийн засгаа солонго адил олон салбарт төрөлжүүлж, дотоодын инновац шингэсэн ирээдүйд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээрээ дэлхийг хангах амбиц тээж байна.

Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн бүтцийн хувьд хойд хөрш Монгол Улстай адил, уул уурхайн түүхий эдээс хэт хамааралтай. Тиймээс таваарын ханш газардсан 2009, 2016 оны эдийн засгийн хямрал, хүндрэлийг хамгийн хүчтэй мэдэрч, улсаараа бүсээ чангалж байсан түүхтэй. Гэвч энэ гашуун түүхээсээ сургамж авч, уул уурхайн хамаарлаа бууруулж, дотоодын аж үйлдвэрээ илүү инновацаар зэвсэглүүлэн эргэж сэргээхээр эрчтэй зорьж байна. Ялангуяа, олон улсын эдийн засгийн ирээдүйн амин чухал зах зээлд тооцогдож буй хүнс тэжээл, эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн хүчирхэг тоглогч болохоор зорьж буй энэ улсын алсын хараа дэндүү мэргэн.

Түүнчлэн Оросын аж үйлдвэрийн салбарын уналт, сэргэлтийн мөчлөг мөн л Монголынхтой төстэй. Гэхдээ унасан салбараа эргэн сэргээж, дахин босгож болдгийг хойш хөршөөс харж болох нь. Гэтэл бидний аж үйлдвэрлэлийн хоёр дахь давлагаа дэндүү удаан бөгөөд үр дүн муутай үргэлжилсээр байгаа.

Хамгийн гол нь одоогоос таван жилийн өмнө энэ улс олон улсын геополитикоос үүдэлтэй худалдааны маргаанд татагдан орж, санхүү, эдийн засгийн олон саадтай нүүр тулж байсан удаатай. Гэхдээ олон улсын харилцаанаас үүдэлтэй худалдааны өрсөлдөөнд хэн хамгийн ухаалаг тоглож, уран нүүж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан нь эцэстээ эдийн засгийн өгөөж хүртдэгийн хамгийн бодит жишээг энэ улсаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт хуулбарлаж болох эсвэл өөрийн хөрсөнд буулгах хувилбаруудыг хойд хөрш бидэнд харуулж байна.
САНАЛ БОЛГОХ