Хөрөнгө оруулалт нэмсэн түүхэн айлчлал боллоо

Улс төр


ОХУ-аас 100 тэрбум рублийн экспортын зээл авахаар тохиролцов


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийж, олон гэрээ хэлцэл үзэглэлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс ямар ашигтай хэлэлцээ байгуулж чадав гэдэгт олон нийтийн анхаарал төвлөрч байна.


Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан айлчилж буй тул иргэдийн дунд эдийн засгийн үр өгөөж багатай айлчлал болно гэх өнгө аяс байсан бол харин ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдийг байгуулж чадлаа. Мөн айлчны ганзагын бэлгийг ч тодорхой хэмжээгээр хүртэв. Тухайлбал, В.Путиний айлчлалын хүрээнд манай улс ОХУ-ын Засгийн газраас 100 тэрбум рублийн экспортын зээл авах, зэвсэг техникийн буцалтгүй тусламж хүртэх, Шивээ-Овоог түшиглэсэн 5000 МВт-ын цахилгаан станц барих боломж бүрдлээ. 100 тэрбум рублийг УБТЗ нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын зарим төсөлд зарцуулах бололцоо нээгдлээ. Бас ОХУ-ын Алс дорнодын бүсэд далайн боомт ашиглан далайд гарцтай болох боломжийг нээсэн гээд дурдаад байвал чамлахааргүй өгөөж байна.


В.Путиний энэ удаагийн айлчлал нэгдүгээр зэрэглэлийн албан ёсны айлчлал тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд хүлээн авсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийхийн өмнө Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын гол зорилго “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” байгуулахад оршиж байв. Хоёр орны хооронд хийсэн тус гэрээний хүрээнд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэлэлцээр байгуулсны зэрэгцээ АМГТГ болон ОХУ-ын төрийн өмчит “Росгеологи” хувьцаат нийгэмлэг, “Монгол Шуудан” ХК болон “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр, Монголын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан зэрэг байгууллагын төлөөлөгчид харилцан ойлголцлын хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрийн хугацааг сунгах, Хиагт-Алтанбулаг олон улсын автозамын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг протокол, хоёр орны гаалийн байгууллагын 2020- 2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, “Эрдэнэс Монгол” ХХК болон ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг баталгаажуулсан юм.

Албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Төрийн тэргүүн нар айлчлалын үр дүн, байгуулсан гэрээ хэлэлцээрийн ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээр хийж, олон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал бодлоо солилцон олон чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан манай хоёр улсын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнийлөгч В.Путин албан ёсоор айлчилж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж буйд талархаж байна. Энэхүү ялалт Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган, хоёр орны найрамдалт харилцааг гагнасан ариун үйл хэрэг юм” хэмээн онцлов. Мөн тэрбээр ОХУ-ын Төрийн тэргүүний энэхүү айлчлалаар хоёр орны харилцаа нэг шат ахисныг онцлоод “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан нь хоёр талын итгэлцлийг бататгаж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаснаараа улс төрийн түүхэн ач холбогдолтой төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал маш ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна” гэв.

Өнгөрсөн жил Владивостокт эхлүүлсэн хэлцэл ажил хэрэг болно
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “80 жилийн өмнө байгуулсан бидний хамтын ялалт Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг хангаад зогсохгүй аугаа эх орны дайнд ялалт байгуулахад дорнод хилийн аюулгүй байдлыг хангасан чухал ач холбогдолтой. Монголчуудын эх орны дайны үед 500 мянган адуу бэлэглэсэн нь дайны хүнд жилүүдэд үзүүлсэн маш их тусламж байв. Мөн монголчуудын бэлгийн хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын цувааг байгуулсан ба манай улсаас танай улсад бэлэглэсэн “Монгол эскадрил”- ын нисэх онгоцнууд эх орны дайнд оролцсон билээ. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, зэвсэг техникийн буцалтгүй тусламжийн талаар бид ярилцсан.

Энэ нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэсэн юм. Мөн тэрбээр худалдааны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр “Өнгөрсөн онд ОХУ-Монголын худалдаа эргэлт 21 хувьтай байсан. Цаашид үүнийг 30 гаруй хувиар нэмэх боломж бүрдлээ. Дэд бүтэц, уул уурхай, ХАА зэрэг олон салбарт оруулах хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын гэрээгээр хийнэ. ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сан Монгол Улсын тээврийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Цаашид “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт тээврийн шинэчлэл хийнэ. Мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна. Эрчим хүчний салбарын харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь манай хоёр орны төдийгүй ОХУ, Монгол, БНХАУ-ын эрчим хүчний коридорыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.

ОХУ-ын Ерөнхийлөгч энэ үгээрээ манай улсад ямар “бэлэгтэй” ирснээ товч өгүүлсэн юм. Үүнээс харвал манай улс түүний энэ удаагийн айлчлалаас хоосонгүй үлдлээ. Харин одоо өнгөрсөн жил Владивостокт эхлүүлсэн боломжийн хойноос уйгагүй хөөцөлдөх, амласан 100 тэрбум рублийг зориулсан зүйлдээ зарцуулах даалгавар ногдож байна. В.Путиний өмнөх айлчлалын хүрээнд хийсэн гэрээ, хэлцлүүдээс монголчуудыг визгүй зорчуулах хэлцэл ажил хэрэг болсныг энд дурдах илүүц биз. Хоёр орны хооронд харилцан ашигтай ажиллах талаар ийн гэрээ байгуулж чадлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч үгэндээ хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болсноо мэдэгдсэн ч энэ талаар манай тал дуугарсангүй. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ч харагдсангүй. Уг нь хувийн хэвшилд хамгийн их боломж олгох салбар хөдөө аж ахуй, юм. Одоогийн байдлаара хоёр орны худалдааны эргэлтэд манай улсын экспорт тавхан хувийг эзэлж, 915 сая ам.долларын алдагдалтай байгаа. Импортын 90 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж буй энэ үед бусад салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага их байна.
САНАЛ БОЛГОХ