Шүдний төв иргэдийн “шүдний өвчин” болов

Мэдээ


Шүд үзүүлэх дугаар авахын тулд эмнэлгийн гадаа хонож байна


Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн төвд шүд цоорох өвчнийг оношилж, анхан шатны үзлэг хийдэг ч зөвхөн Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв л нарийн эмчилгээ хийдэг. Тиймээс тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн хөл хэзээ ч тасардаггүй. Түрээсийн байр дамжин үйл ажиллагаа явуулах болсноос хойш олон хүнд үйлчлэх нь байтугай ажилчид нь багтаж ядаж байсан тус төв өнгөрсөн онд зургаан давхар шинэ байранд орж, олон хүний баярын магнайг тэнийлгэсэн. Гэтэл шинэ байранд орсон ч дээрдээд байх юмгүй чирэгдэл ихтэй, үйлчлүүлэхэд хэцүү байна гэж иргэд бухимдах болов. Тиймээс тус төвийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжилсан юм.

Баасан гарагийн өглөөний 08.00 цаг. Биднийг очиход Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн үүдэнд уртаас урт дараалал үүссэн байлаа. Тус төвийн гадна нүдэн баримжаагаар 100 гаруй хүн шил шилээ харан зогсож, их л бухимдангуй харагдана. Тэд дугаар авахын тулд шөнийн 23.00 цагаас өглөөний 08.00 хүртэл цугласан хүмүүс гэнэ. Харин 08.00 цагаас хойш дугаарлаж зогсоод ч нэмэргүйг хэдийн мэддэг болсон нийслэлчүүд тус төвийн гадаа өөрсдөө зохион байгуулалтад орон зогсоцгоож байгаа нь энэ аж. Мөн хойд хаалган дээр зогсох 100 гаруй хүнээс гадна урд хаалган дээр бас 60 шахам хүн хана даган зогссон харагдана. Тэд бол 7-14 хоногийн өмнө дугаар авсан, өнөөдөр эмчид үзүүлэх гэж байгаа хүмүүс.

ШИНЭ БАЙР, ХУУЧИН ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагын лого бүхий ногоон хантаазтай эр хойд хаалгаар гарч ирээд “Эмчилгээний цагтай хүмүүс ороорой. хиймэл шүд, шүдний чулуу болон шүд авахуулах хүмүүс орж болно. Шүдний зураг авахуулах, зөвлөгөө авах хүмүүс энд зогсож дугаарлах шаардлага байхгүй шүү” хэмээн хүн бүрт дуулдахаар хашхирч байна. Эмчилгээний цаг авсан 20 гаруй хүн эхлээд оров. “Тэднийг гарахаар дараагийн 20-ийг оруулна. Тэгэхгүй бол дотор ороод бөөн хэрүүл зодоон болдог гэнэ. Энэ хүмүүсийг гарч иртэл түр хүлээж бай” хэмээн өнөөх эр үргэлжлүүлэн орилсоор хаалгаа хаав.

Дугаар тараах үйл явц эгээ л дайны үеийн тулааныг санагдуулам
Тус төв сансрын үйлчилгээний төвийн урдах шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан ч зай талбай жижигхэн, барилга нь стандартын шаардлага хангаагүй гэдэг үүднээс иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байсан. Гэвч зориулалтын шинэ байранд ороод ч байдал огт дээрдсэнгүй.

Шинэ дугаар олгох ажил өглөө 08.40-өөс эхэлдэг аж. Гэхдээ урдуур дугаар авсан хүмүүс шөнийн 12 цагт ирж хоножээ. Харин үүрийн дөрвөн цагт ирсэн хүмүүс хойхнуур зогсож байгаа харагдана. Харин “оройтож” ирсэн хүмүүсийн тухайд юмыг яаж мэдэхэв гээд 08.40 хүртэл хүлээгээд буцна. “Хоёр хоногийн өмнө шүдний төв дээр дугаар авах гэж ирээд чадаагүй. Эхний 60 хүнд л дугаар тараасан. Дахин дугааргүй үлдэх вий гэж хаширлаад өчигдөр орой 23.00 цагт ирж, эмнэлгийн үүдэнд машиндаа хонолоо. Өдөр шөнөгүй дугаарласан тулдаа хамгийн эхэнд зогсож байна” хэмээн сүхбаатар дүүргийн иргэн Г.Тэмүүлэн ярьж байлаа. Удалгүй эмнэлгийн хаалга онгойж, хоёр харуул гарч ирээд дугаар тарааж эхлэв.

ЧАНАРТАЙ, ҮНЭ ХЯМД БОЛОХООР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Энэ өдөр ердийнхөөс олныг буюу 120 дугаар тараажээ. Тэр олон дугаарыг тараах үйл явц эгээ л дайны үеийн тулааныг санагдуулам. урдуур дайрна, өмнүүрээ хүн оруулна. Харин хонон өнжин дугаарласан хүмүүс үүнд нь бухимдаж, чанга дуугаар орилолдох нь айдас төрүүлнэ. Хоёр харуулын нэг нь дугаар тараах явцдаа “Та хойшоо очиж зогс. Битгий урдуур дайрч ажилд саад болоод бай” хэмээн хөөснөөс үүдсэн хэрүүл багагүй бужигнаан үүсгэснийг эс тооцвол 120 дугаар яах ийхийн зуургүй дуусав.

Нийт хэдэн дугаар тараахыг тухайн өдөрт нь шийддэг аж. Зарим өдөр 120 дугаар тараадаг бол заримдаа 30-ийг тараах нь ч бий. Харин дугаар авч чадаагүй үлдсэн 20 орчим хүн “Өнөөдөр олон хүнд дугаар тараалаа шүү. Эрт ирсэн бол амжих байлаа” хэмээн халаглаж байв. Харин энэ өдрийн дуулианы эзэн болсон улбар шар цамцтай эмэгтэйтэй уулзаж, юу болсон талаар асуухад “Өглөө 06.00 цагт ирээд энд зогсож байсан хүмүүст 61 дэх хүн гэж нэрээ бичүүлсэн юм. Гэтэл 120 дугаар тарааж байхад надад олдсонгүй. Шөнө ирсэн хүмүүс нэр бичиж авдаг. Одоо ч яахав, дулааны улирал болохоор шөнө зогсоход гайгүй байна. Өвөл бол хэцүү шүү дээ. Зарим өдөр 200 гаруй хүн ирдэг. Байнга л ийм урт дараалалтай байдаг. Эрэгтэйчүүд хоорондоо зодолдоод бөөн юм болдог. Шинэ байранд орлоо гээд өөрчлөгдсөн зүйл алга. Чанартай, үнэ хямд болохоор үйлчлүүлэхийг хүсдэг юм” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Б.Дэлгэржаргал ярилаа. Мөн тэрбээр “Цахимаар цаг өгдөг болчихвол амар байна” гэсэн юм.

Шүдний төвөөр үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь цахимаар цаг өгдөг болох саналыг дэмжиж байв. Техник технологи хөгжиж, бүх зүйл цахим болчихоод байхад хамгийн их хүн үйлчлүүлдэг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хэзээ ухаалаг үйлчилгээнд шилжих бол. Энэ талаар тус төвөөс тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх хүн байхгүй байна. Гэхдээ манай эмнэлэг цахимаар цаг өгдөг болохын төлөө ажиллаж байгаа. хөөцөлдөөд л явна” хэмээн захирлын туслах эмэгтэй хариулав.

Энэ онд хэрэгжиж эхэлсэн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурна хэмээн төлөвлөж байсан ч санаснаар нь болсонгүй. Нийслэлийн төсвийн 4.6 тэрбум төгрөгөөр баригдсан тус эмнэлэг ашиглалтад орсноос хойш жил шахам болсон ч иргэдийг зутраасан, хоцрогдсон үйлчилгээнээсээ салсангүй. Эмнэлэгт үзүүлэх ганц дугаар авах гэж өвлийн хүйтэнд даарч, халуунд хөлсөө урсган өдөр шөнөгүй дугаарлаж зогсох эмгэнэл гэлтэй. Олон хүүхэдтэй айл энэ байдлаар бол хэдэн сараар ч хамаагүй дугаарлаж зогсоно гээд төсөөл дөө. Олныг зовоосон ядруу үйлчилгээгээ хэзээ нэгэн цагт эцэс болгож, цахим хэлбэрт шилжинэ гэдэгт хүмүүс итгэн хүлээсээр.
САНАЛ БОЛГОХ