Худалдааны дайн нүүрсний салбарт сүүдрээ унагаж эхэллээ

Түүхий эд


Монгол Улсад хоёр төгрөг тутмын нэг нь нүүрсний орлогоос бий болж байна


АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн дахин сунжрах магадлал хамгийн өндөр байна. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрнүүдийн ужгирсан сөргөлдөөн даамжирсаар хөгжиж буй орнуудын ДНБ-ий шинэ өсөлтийг баллаж мэдэх нь. Ийм эрсдэл уул уурхайн бараа, бүтээгдэхүүнээ бусдад зарж амьдардаг улсуудад нүүрлэхэд тун чиг ойрхон аж. Дэлхийн коксжих нүүрсний гол хэрэглэгч өмнөд хөрш худалдааны дайнаас үүдэн импортоо танах замаар хүлээх алдагдлаа хумихаар шийджээ. Валютын ханшийн эрсдэлээ ч тэд урьдчилан тооцоолсон байх юм. Ийм нөхцөлд манай улсын нүүрсний экспорт багасах, жилд 40 гаруй сая тонн нүүрс борлуулна гэсэн төсөөлөл нэг л бишдэх шинжтэй.

Эм гашуун боловч өвчинд тустай гэгчээр нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын Coal Mongolia-2019 чуулганы үеэр дээрх мэдээллийг БНХАУ-ын нүүрс тээвэр, худалдааны ассоциацийн шинжээч Мү Веншин хэллээ. Ес дэх жилдээ болж буй чуулганыг зорин ирсэн эрхмүүд зах зээлийн талаар хамгийн бодит үнэнийг эндээс сонсохыг чухалчилдаг. Тийм ч учраас бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад дээрх мэдээлэл хамгийн үнэ цэнэтэй гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөр ярив.

Хятадын импортын нүүрсний зах зээл нэгэн цагт ёроолгүй сав шиг байлаа. Тэгвэл энэ үе ард үлджээ. Энэ оны есөн сар эхэлж байхад аль хэдийн 64 сая тонн нүүрс импортоор тус улс авчээ. Өнгөрсөн жилийн туршид ийм хэмжээний нүүрс авч, санхүүгийн жилээ өндөрлөж байсан өмнөд хөрш 2019 оны эцэст импортоо ихээхэн танахаар байгааг S&P Global Platts-ийн гангийн түүхий эд, металлургийн нүүрс, кокс хариуцсан шинжээч Вэн Илэ “Металлургийн нүүрсний зах зээл ба чиг хандлага” сэдэвт илтгэлд цохон тэмдэглэлээ. Ирэх оноос нүүрсний экспортын хэмжээ, экспортын хилийн үнэ өнөө жилийнх шиг жигд байх эсэх нь эргэлзээтэй байна гэж чуулганы ерөнхий зохион байгуулагч “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал учирласан юм.

Зах зээлийн эр элт, нийлүүлэлтийг тодорхойлох хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн банкны таамгаар 6.2 хувьд арай гэж тогтворжихоор байна. Хэдий өсөлтөө энэ удаа хадгалах боловч худалдааны дайн олборлох салбарт хатуурхах хандлага хамгийн тод ажиглагдах болсныг чуулга уулзалтад оролцсон гаднын шинжээчид хэлсэн юм. ОХУ нүүрсний экспортын хүчин чадлаа эрс нэмэгдүүлэхээр зориг шулуудаж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болов. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээгээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр шийджээ.

Австралийн хувьд БНХАУ-тай он дамнан сунжирсан 5G тэргүүтэй технологийн маргаанаа эцэслэх, улмаар нүүрсний саармагжсан худалдаагаа дахин сэргээхээр шамдаж байна. Тус улсаас сүүлийн хоёр сарын хугацаанд далайн боомтоор Хятад руу тээвэрлэх нүүрсний экспортод сэргэлт ажиглагдаж, биет хэмжээ нь нэмэгджээ. Энэ нь өмнөд хөршийн нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн улам ширүүсэхийн шинж мөн. “Монголын нүүрс Хятадын зах зээлд холын Австралитай өрсөлдөхийн тулд нүүрснийхээ үнслэг болон хүхрийн агуулгыг бууруулах хэрэгтэй, бусдаар бол давуу талтай” гэж Вэн Илэ шинжээч чуулганы хоймроос хэлсэн. Түүний хэлснээр, манай улс нүүрсээ угааж, баяжуулж байж илүү сайн чанартай бүтээгдэхүүн экспортод гаргах шаардлагатай болж байна. Нүүрсний зах зээлийн өрсөлдөөнд цаашид манлайлахын тулд давын өмнө үүнийг хийх хэрэгтэй аж.

ОВООТЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 1200 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

Салбарын худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ирээдүйтэй төслийг чуулга уулзалтаар танилцуулахаас гадна бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг ес дэх удаагийн чуулган онцолж байгаа юм. Тодруулбал, Өмнөговь аймаг болон БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах орны Баяннуур аймгийн бизнесийн холбооны төлөөлөл оролцож байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Ирээдүйтэй төслийг түүчээнд  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Mining компани овоотын нүүрсний орд яригддаг. Тэгвэл энэхүү ордыг түшиглэн 694 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баяжуулах үйлдвэр барихаар болсныг Coal Mongolia-2019 онцоллоо. Нүүрсний өрсөлдөх чадварт оноо авчрах, өмнөд хөршийн зах зээлд ялгарч чадах бүтээгдэхүүн энэхүү үйлдвэрээс гарна гэж салбарынхан үзэж байна. Овоотын нүүрсний орд 227 сая тонн нөөцтэй. Бүтээн байгуулалтын эхний 10 жилд тус компани Монгол Улсад нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөх юм байна. Тэрчлэн шууд болон шууд бус 1200 гаруй ажлын байр шинээр бий болгох аж.

МОНГОЛ УЛС НҮҮРСЭЭ БАЯЖУУЛЖ, НЭМҮҮ ӨРТӨГ ШИГЭЭНЭ

Оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 32.9 сая тонн нүүрс олборлож 26.9 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 21.6 сая тонныг нь экспортод гаргажээ. Төрөөс нүүрсний салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах, нүүрс-химийн үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэж чуулга уулзалтад оролцсон уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тодотгов. Олон жил ярьж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг цаашид үргэлжлүүлэх болсныг салбарын сайд онцолж, тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд эхэлсэн гэлээ.

Уул уурхайн салбар өнөөдөр ДНБ-ий 24, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72, экспортын 87 хувийг тус тус дангаар бүрдүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг эрдэс баялгийн салбар хангаж буй. Монгол Улсад хоёр төгрөг тутмын нэг нь нүүрснээс бий болж байна. Төмөр зам, дэд бүтцийн сул хөгжлөөс үүдэн хамаг боломжоо алдаж ирсэн нүүрсний салбар хөгжлийн хувьд дараачийн шатанд шилжиж эхэллээ. Компаниуд нүүрсээ угааж, баяжуулах, улмаар нэмүү өртөг шингээхэд анхаардаг болж байна.

САНАЛ БОЛГОХ