Монгол, Хятадын экспод ¥41 тэрбумын төслүүдийг хэлэлцлээ
Мөнгө ба бизнес
Төр, хувийн хэвшлийн нийт 60 гаруй төслийн тал хувь нь хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжинэ
БНХАУ-ын хойд хязгаар Улаанцав хот энэ оны эцэс гэхэд Бээжинтэй өндөр хурдны төмөр замаар холбогдох гэж байна. Цагт 250 километр хурдтай галт тэргээр Хөх хотоос Улаанцаваар дамжин Бээжин хүрэхэд гуравхан цаг зарцуулдаг болно хэмээн Хөх хотын төмөр замын групп мэдээлж байна. Ийнхүү урд хөрш хязгаар бүс нутгуудаа дэд бүтцийн хүчирхэг хэлхээ холбоогоор сүлжиж, худалдаа, эдийн засгийн үүд хаалгаа улам өргөжүүлэх нь. Тус улсын хамгийн том түнш болох АНУ худалдааны хаалттай бодлого тулгахын хэрээр БНХАУ эдийн засгийн жанжин шугамаа илүү нээлттэй болгож буй нь энэ.
Өөрөөр хэлбэл, БНХАУ өмнөхөөсөө илүү нээлттэй, харилцан ашигтай эдийн засгийн бодлогыг эрхэмлэж эхэллээ. Тэгвэл экспортоос олдог орлогынхоо 10 төгрөг тутмын есийг БНХАУ-ын худалдаанаас олдог Монгол Улс өмнөд хөршийнхөө энэ өөрчлөлтийг харсаар суух уу.
Урд хөршийн зах зээл үүдээ цэлийтэл дэлгэж буй энэ үетэй зэрэгцэн хоёр улсын бизнесийн уулзах цэг болдог Монгол, Хятадын гурав дахь экспог БНХАУ-ын ӨМӨЗО-нд энэ сарын 6-10-нд зохион байгууллаа. ӨМӨЗО-ы Хөх хот, Улаанцав, Тунлянь хотод нэгэн зэрэг болсон энэ удаагийн экспогоор харилцан хожил авчрах хамтын хөгжлийг олон удаа хөндсөн юм. Тиймээс уг үйл ажиллагааг “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриан дор зохион байгууллаа. Энэ үеэр бүс болон орон нутаг, төр, хувийн хэвшлийн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав.
Үзэсгэлэн худалдаа, чуулга уулзалт зэрэг 13 салбар арга хэмжээнээс бүрдсэн энэ удаагийн голлох хэлэлцээр ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын шинэ бүсээр тодроод буй Улаанцав хотод болсон юм. Энэ үеэр Монгол Улс Засгийн газрын 15, хувийн хэвшлийн 50 гаруй төслийг БНХАУ-ын болон бусад улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нарт танилцуулж, өнгөрсөн өдрүүдэд хэлэлцсэн байна. Эдгээр төслийн нийт хөрөнгө оруулалтын дүн 41 тэрбум юаниар хэмжигдэж буйг Үндэсний хөгжлийн газраас мэдээллээ. Үүний бараг тал хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төслүүд юм. “Монгол Улсын төр, засгаас хөдөө аж ахуй, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байна” хэмээн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан онцолсон.
Хоёр жил тутам болдог энэ экспо 2015 оноос хойш Монгол, Хятадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн түншлэлээ эхлүүлэх бодит талбар хэдийн болсон. Тэгвэл сүүлийн жилүүдэд зөвхөн Монгол, Хятад төдийгүй бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны чухал цэг болтлоо өргөжжээ. Уг арга хэмжээнд ОХУ, Япон, БНСУ зэрэг бүс нутгийн орнуудаас гадна Хонконг, Макао зэрэг бүсээс төлөөлөгчид оролцсон нь Монгол, Хятадын энэхүү экспо бүс нутгийн талбар болсныг илтгэж байв. Гурван хот дамнан болсон энэ удаагийн арга хэмжээнд нийт 7000 гаруй хүн оролцжээ. Үүнээс Монголын албаныхан, бизнес эрхлэгч, шинжлэх ухаан, соёл урлагийн төлөөллөөс бүрдсэн 1200 гаруй хүн оролцсон юм. Энэ удаагийн чуулганд Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮийн сайд Ч.Улаан, Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, ӨМӨЗО-ы Засгийн ордны дэд тэргүүлэгч Ай Ли Хуа нар оролцсон юм.
1990 оноос 2019 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 14 мянгад хүрсний тэн хагас нь Хятадынх байв. Энэ хугацаанд БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 20.1 хувийг эзэлсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээгээр урд хөрш 112 орноос нэгдүгээрт бичигдэж байгаа гэмэн үг юм.
Монгол Улсын гадаад худалдааны 60 хувийг Хятадтай хийсэн экспорт, импорт бүрдүүлж буй. Өнгөрсөн онд есөн тэрбум ам.доллар дөхсөн хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлтийг ирэх онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд байна. Хоёр улсын худалдааг тэлэхэд Монгол Улс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх жинг нэмэгдүүлэхээр зорьж буйгаа Монголын талаас мэдэгдлээ. Үүний тулд хоёр улсын худалдаанд учирч буй саад тогторыг бууруулах нь энэхүү зорилтод хүрэх эхний алхам болоод байгаа юм.
• Эрээн хот Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэхээ мэдэгдсэн.
• Уг арга хэмжээнд ОХУ, Япон, БНСУ зэрэг бүс нутгийн орнуудаас гадна БНХАУ-ын Хонконг, Макао зэрэг тусгай бүсээс төлөөлөгчид оролцсон нь Монгол, Хятадын экспо бүс нутгийн талбар болсныг илтгэж байв.
• Монголд хөрөнгө оруулагч 112 орноос БНХАУ нэгдүгээрт бичигддэг.
Ялангуяа, Монголын үйлдвэрлэгчдэд өндөр босго болдог дэд бүтэц, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал болон үйлдвэрлэлийн чанар стандартаас үүдэлтэй зөрүүг бууруулах нь Монгол Улсын яаралтай шийдэх даалгавар болоод байна. Тиймээс энэ удаагийн чуулганаар шийдлээ хүлээж буй эдгээр чиглэлийг шинэчлэх бодит алхамыг эхлүүлсэн юм. Тодруулбал, эхний ээлжинд хоёр орны худалдааны гол хаалга болох Эрээн хот Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэхээ мэдэгдлээ. Уг бүсийг хөгжүүлэх эдийн засгийн төлөвлөгөөг энэ удаагийн экспогийн үеэр хэлэлцэв.
Үүнээс гадна худалдаа тэлэхэд үүсдэг саад тотгорын нэг болох чанар стандартын зөрүүг багасгахын тулд Монгол, Хятадын стандартчлал хэмжилзүйн салбарынхан нэг танхимд чуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм.
2015, 2017 онд болсон экспод 39 улс орны 4000 гаруй аж ахуйн нэгж оролцож, 1.3 тэрбум юанийн худалдаа хийж, хамтын ажиллагааны 219 санамж бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр зорилтот хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум юанийг давсан байна.
Энэ онд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, БНХАУ байгуулагдсаны 70, хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа байгуулсны таван жил зэрэг олон тэгш ой давхцаж буй. Тиймээс хоёр улс өндөр ач холбогдол өгч, харилцан ашигтай хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэв. Энэ удаагийн экспогийн үеэр “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, форум”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын солилцоо” зэрэг чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээг зохион байгууллаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй