Нүүрсний утаагаа химийн хорт хийгээр солих уу

ЗГМ: Сэдэв


Шахмал түлшний барьцалдуулагчийн чанар тааруу нь герман судлаачийн анхаарлыг татлаа


Энэ өвөл нийслэлчүүд шахмал түлшний шидийг үзэх солилтын өмнө дор бүрнээ бэлдэж суугаа. Төрөөс түүхий нүүрс оруулахыг тас хориглон, “Тавантолгой түлш” ХХК дангаараа гэр хорооллын 220 мянган өрхийн хэрэгцээг хангах шахмал түлш үйлдвэрлэх үүрэг аваад “аахилж” буй. Үйлдвэрлэлт тасралтгүй үргэлжилж, 600 мянган тонн шахмал түлшээр өвлийг өнтэй давна гэж төслийн багийнхан тооцож гаргасан судалгаа бий. Дүүрэг бүрт борлуулах цэгүүд нээж, энэ сарын 15-аас шахмал түлш борлуулж эхэлнэ. Харин түлшний чанар, хүртээмжийг л ярьж байгаа энэ үед орц найрлагын асуудал дахин сөхөгдөхөд хүрлээ.


Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, байгалийн нөлөөлөл гээд бүхий л асуудлыг хөнддөг Coal Mongolia олон улсын хурал, үзэсгэлэнгийн үеэр германы нэгэн судлаачийн үг анхаарал татав. Фрайбергийн техникийн их сургуулийн байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэнд төслийн менежер, судлаач Андре Шмит урилгаар оролцож, “Шахмал түлш гарган авах Гидравлик поршеньт шахагчийн үзүүлэлтийг уламжлалт шахмал түлшний технологитой харьцуулах нь” сэдвээр танилцуулга хийн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг технологи сонирхуулсан юм.


Харин түүнээс асуусан “Монголын шахмал түлшний үйлдвэртэй танилцсан уу. Чанарын хувьд ямар санагдав” гэсэн асуултад ноцтой хариулт хэлснийг форумд оролцогчид төдий л ойшоосонгүй. Тэрбээр, “Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд “тиймэрхүү” санагдсан шүү. Гэхдээ сорьцыг авч яваад туршилт, судалгаа хийж болно. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Үүнийг чанаржуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольц өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь сөрөг нөлөөтэй. Хүсвэл илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахад тусалж болно” хэмээн сэтгэл түгшин өгүүлсэн.


Түүний хэлснээр, шахмал түлшийг гаднаас нь харахад л барьцалдуулагч бодис стандартын шаардлага хангаагүй нь мэдэгдэж байсан аж. Хэдийгээр манай эрдэмтэд судалж, туршаад, салбарын яамнаас зөвшөөрч, “галт тэрэг хөдөлсөн” ч гэлээ орчин үеийн технологи эзэмшигч, герман судлаачийн үгийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Уг бодисыг урд хөршөөс оруулж ирдэг. Шаталтын үед хорт бодис ялгаруулалт ихтэй, хурц үнэртэй чанар муутай нь хямд үнэтэй байдаг аж. Харин зөвшөөрөгдсөн хэмжээнд химийн хольцыг тааруулж хийсэн нь үнэр ялгаруулалт багатай ч үнэ өртөг өндөр. Бүх түлшийг стандарт барьцалдуулагчтай үйлдвэрлэхэд зардал нь өндөр тул өнөөдрийн худалдаанд амлаж буй үнээр зарахад ашиггүй төдийгүй алдагдал хүлээх юм байна. Тиймээс шахмал түлшинд хийх нэмэлт химийн бодисуудыг хямд үнэтэй, хорт хий ялгаруулалт ихтэйг сонгосон байх эрсдэл бий.


ХЯТАДААС ОРУУЛЖ ИРСЭН ХИМИЙН ХОРТОЙ ИРСЭН ХИМИЙН ХОРТОЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ ОДОО Ч ДУУСААГҮЙ 


Харин энэ талаар “Тавантолгойн түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатангаас тодруулсан юм. Тэрбээр, “Олон удаагийн туршилт, Азийн орнуудын лабораториор шинжлүүлсэн шахмал түлшний стандартыг яамны зөвлөлөөр батлуулсан. Өмнө нь олон нийтэд түгээж, түлж үзсэн шахмал түлшнээс хорт бодисын агууламж багасгаж, стандартад нийцүүлсэн тул сайжруулсан шахмал түлш гэж нэрлэж байгаа юм.

Шахмал түлшийг харахад л барьцалдуулагч нь шаардлага хангаагүй нь мэдэгджээ

Уг түлшний 95 хувийг милдинг буюу ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс эзэлдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог юм. Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багасгадаг Солонгосоос оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эх орны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Барьцалдуулагчийн хувьд хятадад үйлдвэрлэсэн ISO стандарт хангасан бодис хэрэглэдэг. Шатаахад ямар ч үнэр гарахгүй.


Харин өмнө нь хувийн хэвшлийн шахмал түлшний үйлдвэрлэгчид урдаас янз бүрийн бодис оруулж ирээд буруу зөрүү юм хийдэг байсан. Тэд чанарын шаардлага хангаагүй, химийн хорт бодис дэгдэх эрсдэлтэй барьцалдуулагч их хэмжээгээр оруулж ирсэн байдаг. Би өөрөө ч хаа нэг газар харж байсан. үлдэгдэл нь дуусаагүй юм билээ. Манайхан үнэ ханш хямд гээд таарууг нь оруулж ирсэн байх. Түүгээрээ одоо ч үйлдвэрлэж байгаа. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийнх бол чанарын стандарт хангасан, хорт бодисын ялгаруулалт бууруулсан шахмал түлшийг өөрийн компанийн савлагаатай гаргаж, нийлүүлж байна. Ташаа мэдээллийг залруулах хэрэгтэй” гэсэн юм. Шахмал түлшийг улсын үйлдвэрийн газарт л үйлдвэрлэж, түгээж, борлуулах чиглэлтэй ч өмнө нь энэ төрлийн бизнес эрхэлдэг байсан жижиг үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулж, стандартын бус барьцалдуулагч хэрэглэж байж болзошгүйг ахлах зөвлөх Г.Бадамхатан үгүйсгэсэнгүй. Мөн шахмал түлшний түгээлтийн асуудалд хүлээцтэй хандаж, үйлдвэрийн бүтээгдэхүүн тасарсан тохиолдолд баталгаагүй түлш авахгүй байхыг анхааруулсан. Гэхдээ гал алдахад хүрвэл баталгаа шаардах бүү хэл элдэв хог, дугуй гээд түлж болох бүхнийг шатаах өрх хотын захаар дүүрэн байгаа нь харамсалтай.


ШАХМАЛ ТҮЛШЭЭ ЕВРОСТАНДАРТААР ШИНЖЛҮҮЛЖ, ХАРИУГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЁ


Монгол Улсын Засгийн газраас “түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргаж, өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийслэлийнхээ үүд хаалгыг “цоожилсон”. Хүйтний ам наашлах тусам гэр хорооллын иргэд “гал алдах вий” гэх айдас хүйдэстэй яриа орой бүр өрнүүлж байна. Шахмал түлш нь шаардлага хангахгүй, олдоц муутай бол уламжлалт нүүрсээ хаанаас хэрхэн олж түлэх вэ гэсэн бодолд тэд толгойгоо гашилгана. Тэдэнд энэ өвөл түлэх шахмал түлш нь орц найрлагын хувьд найдвартай эсэхэд эргэлзэж суух цаг хугацаа үлдсэнгүй. Япон, Солонгос, Хятадын лабораторид шинжлүүлсэн гэх боловч албан ёсны хариу бичгийг нь олон нийт олж хараагүй л байна. Тавантолгойн түлшийн хажуугаар доктор, профессор Г.Бадамхатан гуайн анхааруулсанчлан хувийн үйлдвэрүүдэд одоо ч байгаа чанарын шаардлага хангаагүй барьцалдуулагчаар хийсэн шахмал түлш тараагдаж, арилгах гэж ядаж байгаа утааны найрлагад химийн хор нэмэхийг үгүйсгэх аргагүй.


Дэлхий нийтээр ногоон тив гэж хүлээн зөвшөөрөгдсөн Европод, тэр дундаа германы лабораторид төрөөс “шахаж” буй шахмал түлшээ шинжлүүлээд, хариуг нь олон нийтэд нээлттэй мэдээлж, эргэлзээ, айдаст автсан сэтгэлийг нь нэг амраавал яасан юм бэ. Үйлдвэрлээд түгээчихсэн гэж гэдийлгүй, утааг бууруулах, хоруу чанарыг багасгасан гэдгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евростандартын лабораторийн шинжилгээгээр батгаажуулчихвал утааг бууруулах ажлын эхлэлийг итгэлтэйгээр дэмжих иргэд нэмэгдэх юм. 
САНАЛ БОЛГОХ