Хүүхдийн эмч хүрэлцээгүй байхад хүн амын өсөлт яриад ч хэрэггүй
Нийтлэлчийн булан
Өрхийн эмнэлгийн эмч нарын 30 хүрэхгүй хувь нь хүүхдийн эмч мэргэжилтэй
1996 онд тухайн үеийн АУИС хүүхдийн эмч бэлтгэдэг ангиа хааснаар энэ мэргэжилтэн улаан номд орох шахтлаа цөөрсөн түүх бий. 1990-ээд оноос хойш төрөлт багассан нь хүүхдийн эмчийг “ад үзэх” шалтгаан болжээ. Гэвч он цагийн уртад улсын хүн ам өсөж, тэр дунд хүүхдийн эзлэх жин нэмэгдэхийн хэрээр хүүхдийн эмчийн хэрэгцээ, шаардлага дахин бий болсон юм. Улмаар 2010 оноос одоогийн АШУҮИС-д хүүхдийн эмчийг резидентураар сургадаг болсноос хойш байдал харьцангуй дээрджээ. Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг хүүхдийн эмч хэрэгтэй байна гэж баахныг бэлтгэж гаргасан атал тэдэнд зориулсан ажлын байр хомс хэвээр байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс хүүхдийн эмч мэргэжил эзэмшсэн хүмүүс өөр чиглэлээр ажиллах нь түгээмэл болжээ.
“Одоо жилд 50-иад хүн хүүхдийн эмчээр төгсөж байна. Эндээс харвал хүүхдийн эмч жигтэйхэн хүрэлцээтэй болсон мэт. Гэтэл тийм биш. хүүхдийн тоо өссөн ч норматив нь сая гаруйхан хүнтэй байх үеийнхээрээ. Нэг ёсондоо ажлын байраараа л цомхотгочихоод байна гэсэн үг. Үүнээс болж мэргэжлээр ээ ажиллаж чадахгүй эмч маш олон болсон. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн нярайн тасаг гэхэд 46 орны нормтой, түүндээ тохирсон эмчтэй. Гэвч 100 гаруй эх байнга хэвтэн эмчлүүлдэг. Нэг эмч 2-3 хүний ажлыг хийж байна” хэмээн хүүхдийн эмч мэргэжлээр 50 гаруй жил ажиллаж буй ардын эмч Д.Малчинхүү ярив.
Өдгөө Монгол Улсын хүн амын 35 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Олон улсын дундажтай харьцуулбал энэ бол тун өндөр тоо. Гэхдээ хүүхдийн орон гэгдсэн Монголд хүүхдийн эмч одоо болтол дутагдалтай байгаад санаа тавьдаг, анхаарлаа хандуулдаг эрх мэдэлтэн, албан тушаалтан үгүй бололтой.
Намрын сэрүү орж, өдрөөс өдөрт хүйтэрч байна. Удахгүй гэр хорооллын 200 мянган өрх галаа түлээд эхлэхээр цээж хорсгосон гашуун утаа нийслэлийг бүрхэнэ. Энэ цаг үетэй зэрэгцээд хүүхдүүд бөөн бөөнөөрөө ханиад, хатгаанд нэрвэгдэж, эмнэлгийн ачааллыг эрс нэмдэг. Гэвч балчир үрсэд үйлчлэх ор хүрэлцээгүй, эмч нар дутагдалтай байдал өмнө нь байсан, одоо ч хэвээрээ.
“Монгол Улсад нийт 10576 эмч ажиллаж байна. Гэтэл хүн амын 36.5 хувьд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн эмчийн тоо 741 буюу ердөө долоон хувийг эзэлдэг. Энэ нь хүүхдийн эмчийн эрэлт хэрэгцээ ямар их байгааг харуулж байна” хэмээн АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ярьж байв.
Хүүхэд нь өвдөж зовсон үед эцэг эхчүүд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. Эмнэлгүүдийн ачааллыг жигд байлгахын тулд салбарын яамнаас ийм бодлого барьж, өдгөө нийт 218 өрхийн эмнэлэгтэй болоод байна. Гэвч иргэд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх тийм ч дуртай биш. Өвчнөө оношилж мэддэггүй, эмч нар нь дадлага туршлага багатай гээд өрхийн эмнэлгийг өөлж муучлах хүн олон. Хүүхэд нь хатгаа тусчихаад байхад өрхийн эмч нь мэдэхгүй элдэв янзын эм бичиж өгсөөр байгаад улам хүндрүүлсэн гэх яриаг олон хүний амнаас сонссон байх. Үүний учир шалтгаан мөнөөх л хүүхдийн эмчтэй холбогддог. Өдгөө өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарын 30 хүрэхгүй хувь нь хүүхдийн эмч мэргэжилтэй гэсэн багцаа тоо бий. Уг нь өрхийн эмнэлгээр хүүхэд, хөгшчүүд голдуу үйлчлүүлдийг бодолцоод ажилгүй байгаа хүүхдийн эмч нарыг тэнд бодлогоор хуваарилмаар санагддаг юм. Гэвч салбарын яам энэ бүх зовлонг мэдээгүй мэт нүдэн балай, чихэн дүлий суусаар.
• Хүн амын 36.5 хувьд нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн эмчийн тоо ердөө долоон хувийг эзэлдэг.
• Жилд хамгийн багадаа 50 гаруй хүүхдийн эмч бэлтгэгдэж байна. Харин бэлтгэгдэж төгссөн боловсон хүчнээ ажлын байраар хангах асуудал хамгийн чухал болжээ.
• Өрхийн эмнэлгүүдэд дандаа ерөнхий мэргэжлээр төгссөн эмч нар ажилладаг болсон учраас хүүхдийн тусламж, эмчилгээ чанарын хувьд доройтсон гэв.
“Нэг хэсэг хүүхдийн эмч мэргэжлээр дөрөв, тавхан хүн төгсдөг байсантай харьцуулахад байдал дээрдсэн. Одоо жилд хамгийн багадаа 50 гаруй эмч бэлтгэгдэж байна. Харин бэлтгэгдэж төгссөн боловсон хүчнээ ажлын байраар хангах асуудал хамгийн чухал. Хүүхдийн эмчгүй өрхийн эмнэлэг олон байна. Эдгээр эмнэлэгт хүүхдийн эмч нарыг ажиллуулмаар санагддаг. Хүүхдийн биеийн онцлог томчуудынхаас өөр. Тэдэнд түмэн янзын эмгэг илэрдэг. Энэ бүгдийг зөв оношилж эмчлэхэд хүүхдийн эмч зайлшгүй хэрэгтэй. Уг нь энэ асуудлыг салбар хариуцсан яам бодлогын хүрээнд шийдэж болмоор санагддаг” хэмээн ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлсэн юм.
“Өмнө нь өрхийн эмнэлгийн тогтолцооны үед хүүхдийн хэсэг гэж байлаа. Тэгэхэд хүүхдийн суурь өвчнийг маш сайн хянадаг байж. Харин одоо өрхийн эмнэлгүүдэд дандаа ерөнхий мэргэжлээр төгссөн эмч нар ажилладаг болсон учраас хүүхдийн тусламж, эмчилгээ чанарын хувьд доройтсон. Уг нь хүүхдийн тоо өсөхийн хэрээр хүүхдийн эмч нарыг ажлын байраар хангамаар байгаа юм. Өрхийн эмнэлэгт даралтаа үзүүлдэг хэдэн хөгшчүүд болон хүүхдүүд л үйлчлүүлж байгаа шүү дээ. Тиймээс өрхийн эмнэлэг бүрт дор хаяж нэг хүүхдийн эмч ажиллуулдаг болох хэрэгтэй” хэмээн Д.Малчинхүү эмч бодлоо хуваалцсаныг энд сануулъя.
УИХ-ын тамгын газрын судалгааны хэлтсээс хийсэн нэгэн судалгаа байна. Хэдийгээр 2016 оны судалгаа ч гэсэн тоо баримтууд нь нэг их хуучраагүй байх. Тус судалгаанд “Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 789 хүүхдийн орон дээр 78 их эмч, 86-90 сувилагч ажиллаж байна. Үүнийг нэгдсэн эмнэлгийн стандарттай харьцуулан үзвэл 40-50 их эмч, 30-40 хүүхдийн сувилагч нэн шаардлагатай байна” хэмээн дурджээ.
Мөн судалгааны дүгнэлтэд “Эх барих эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч, эх баригч, сувилагч нарын ажлын ачаалал их, хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй, урамшуулал бага, хариуцлага тооцох хэлбэр давамгайлж байгаагаас эмч нар ажлаас хөндийрч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага уруу шилжсэнээр бэлтгэгдсэн боловсон хүчнээ алдаж байна” хэмээжээ. УИХ-ын түвшинд томоохон хэмжээний даацтай судалгаа хийсэн нь сайн хэрэг. Гэвч судалгаанаас гарсан зөвлөмжийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ажил орхигдсон нь хий дэмий хөрөнгө мөнгө зарцуулсан ажил болжээ.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хаана л бол хаана хүүхэд, нялхсын эндэгдэл, өвчлөлийг бууруулах талаар том зорилт тавьж байгаагаа тунхаглан зарладаг. Харин тусгайлсан эмчгүй байж ийн тунхаглах нь хоосон цуурай, хүн ардаа “хулхидсан” хууран мэхлэлт гэж хэлэхээс аргагүйд хүрч байна. Хүүхдийн эмч нь дутагдсан, балчир үрс нь өвчинд нэрвэгдсэн өнөөгийн нөхцөлд хүн амын өсөлт ярих хэрэг байна уу.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй