Эмэгтэйчүүдийн эрхийг хангахад эрчүүдийн оролцоо дутмаг байна

Бүлэг


Хэлэлцсэн асуудлууд цаасан дээр үлдэх бус, бодлого болон хэрэгжихэд анхаарна


Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ноос санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү уулзалтад Швед, БНХАУ, Япон, ОХУ, Буриад, Халимаг, Якут, БНСУ, Турк, АНУ, Казакстан зэрэг 10 гаруй орны төлөөлөгчөөс гадна нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын 1000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Хоёр дахь өдөр болсон чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл”, “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван гол сэдвийн хүрээнд олон улсын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцлоо.


Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, улмаар өөрийн орны эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэн, тодорхой шийдлүүдийг эрэлхийлж, шийдвэр гаргах түвшинд санал болгосон юм. Тухайлбал, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж, тодорхой хуулиудад тусгах, түүнчлэн эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын зах зээлд болон экспортод гаргахад туслах чиг үүргийг эрх бүхий байгууллагуудад хариуцуулах зэргийг онцолж байв.


ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ШАЛТГААН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БАЙДАЛ


Сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдсээр байна. Тухайлбал, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдсэний 51.4 хувь нь хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт байв.


Энэ төрлийн гэмт хэргийг тоо нэмэгдэж байгаа нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, гэр бүл салалт, цахим орчны зүй бус хэрэглээтэй шууд холбоотой болохыг албаны хүмүүс хэлж байлаа. “Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1586 хүүхдийн 85.2 хувь нь ойр дотны хүндээ хүчирхийлүүлсэн гэх харамсалтай мэдээлэл байна. Ийм нийгэмд бид хэнд итгэж амьдрах юм. Одоо дуу нэгтэйгээр охид, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс аврах цаг болсон. Гэр бүл салалт болон эцэг, эхийн хараа хяналтгүй байдал нь хүчирхийллийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Мөн эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх, хүүхдээ хүчирхийлүүлэх томоохон шалтгаан нь эдийн засгийн хараат байдал юм. Тиймээс үүнийг таслан зогсоож, ажил орлоготой иргэдийг бий болгох тал дээр анхаарч ажиллах хүсэлтэй байна” хэмээн Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ярилаа.

Эмэгтэйчүүд, эрэгтэй хүмүүстэй адил хөдөлмөр эрхлэдэггүй, ихэнх тохиолдолд гэртээ байдаг учраас хүчирхийлэлд өртөх нь элбэг байдаг аж. Тиймээс эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах нь хүчирхийллийг бууруулах нэн тэргүүний арга зам гэдгийг онцолж байв. Түүнчлэн эхчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангаж, хамтын хүчээр нийгэмд бугшсан, нуугдмал хэлбэртэй оршиж буй хүчирхийллийг бууруулж чадна гэлээ.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн квот тогтоох шаардлагатай

Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэдэг, хүчирхийлдэг, дарамталдаг субьект нь ихэвчлэн эсрэг хүйсийнхэн. Эмэгтэй хүний эрхийг хамгаалах асуудлыг дан ганц бүсгүйчүүд хэлэлцээд үр дүнд хэзээ ч хүрч байсангүй. Тиймээс эрчүүдийн дэмжлэг, хүндлэл, оролцоо үүнд маш чухал гэдгийг чуулганд оролцогчид дэвшүүлж байлаа. Эр хүн та өөрөө эхнэр хүүхдээ дарамталж, хүчирхийлэл үзүүлдэггүй ч тэдний эрхийг хамгаалж дуугардаггүй, ээж, хань, охиноо дэмждэггүй, нийгэмд зөв хандлага уриалдаггүй бол хүчирхийлэлтэй эвлэрэгч болсноос өөрцгүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хангахад эрчүүдийн оролцоо маш дутмаг байгааг энд онцолсон юм.


ХҮЙСИЙН ХАРЬЦААГ ХУУЛЬЧИЛСАН Ч ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА


Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.-д “Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд дараахь бодлого хэрэгжүүлнэ” гээд “Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15 хувиас, бусад төв байгууллагын удирдлагын 20 хувиас, яамдын газар, хэлтсийн даргын 30 хувиас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байна” гэж тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл бодит байдалд эмэгтэйчүүд удирдах албан тушаалтнуудын арван хувьд ч хүрдэггүй. Хэрэв хуулиа мөрддөг бол удирдах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн шийдвэр нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх учиртай. Тиймээс хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн тодорхойгүй хуулийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан тодорхой агуулгатай болгох шаардлага байна.


“Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн хувьд үнэлгээ багатай, цалингийн зөрүү, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлууд нь ажлаас гарах шалтгаан болдог. Тиймээс өмч хөрөнгийн эзэмшлийн жендэрийн тэгш бус байдлыг арилгах, ажил олгогчийн ойлголт, хандлагыг өөрчлөх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ур чадвар, бизнесийн хамтын ажиллагааг сургалт болон санхүүгээр дэмжих хэрэгтэй” гэдгийг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн дарга Б.Тунгалагтамир хэлж байлаа.


АЛЬ Ч САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООНД КВОТ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ


Бусад орны жишгээс харахад жендерийн тэгш бус байдлыг арилгахын тулд тусгайлан хянадаг хүмүүс ажилладаг байна. Гол зорилго нь ажлын байран дахь хүчирхийллийг бууруулах аж. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн байр суурь чухал байдаг талаар албаны хүмүүс хэлж байсан юм. “Эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа бизнес үр өгөөжөө өгдөг байх хэрэгтэй. Тиймээс уул уурхайгаас бусад салбарыг дэмжих зайлшгүй шаардлага бий болоод байна. Ямар нэгэн салбарт эмэгтэйчүүдийг ажиллуулах тодорхой квот тогтоох хөтөлбөрийг тусгайлан боловсруулах хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн юм. Эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахын тулд зөвхөн жендэрийн тэгш бус байдлыг арилгана гэдэг хангалттай биш аж. Учир нь энэ жил болсон дэлхийн эдийн засгийн форумын дүгнэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн байдлаас шалтгаалсан зөрүүг арилгахад 108 жил шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс “яст мэлхийн” хурдаар хөгжлийн зөрүүг арилгах биш, эрэгтэй, эмэгтэй бүх хүний сэтгэл, хүчин чармайлтаар тулгарсан асуудлуудаа шийдвэрлэх учиртайг уг чуулганы уур амьсгал “хэлж” байлаа.


МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХАНДАХЫГ АМЛАЛАА


-Энэ чуулганаар нийгмийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудад тулгуурлан гурван сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Улмаар, хэлэлцэж буй сэдвүүдийг хөндөөд өнгөрөх биш, бодлогын түвшинд ажил болгон хэрэгжүүлэх тал дээр анхаарч буйгаараа онцлогтой юм. Тухайлбал, 2020 оны улсын төсөвт жендэрийн мэдрэмжтэй төсвийн төслийг тусгахыг сангийн дэд сайд Х.Булгантуяа онцолсон. Харин УИХ-н гишүүн З.Нарантуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн асуудлыг төрийн бодлогын төвшинд авч үзэх шаардлагатай болохыг дурдлаа. Бага насны охидын бэлгийн хүчирхийллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр УИХ-ын эмэгтэй гишүүд манлайлж ажиллахаа амласан. Түүнчлэн, зөвхөн хуулийн хүрээнд арга хэмжээ аваад зогсохгүй нийгмийг соён гэгээрүүлэх тал дээр анхаарч ажиллах нь үр дүнтэй болохыг олон улсын зочид төлөөлөгчид онцолж байна.


“Делоитт Онч” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн: ЭМЭГТЭЙЧҮҮД УДИРДАХ ТҮВШИНД АЖИЛЛАХЫГ ТӨРӨӨС БОДЛОГООР ДЭМЖИХ ЦАГ БОЛСОН


-Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Манай улс бодлогоор дэмжиж, эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллах боломж олгосноор туршлага сууж, шийдвэр гаргахад оролцох юм. Тухайлбал, сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 50 хувьд хүргэх хэрэгтэй. Мөн Засгийн газрын удирдах шийдвэрийг эмэгтэйчүүд гаргах, сайд нарын тодорхой хувийг эмэгтэй хүнээр томилох зэргээр нэмэгдүүлэх ёстой. Ингэж дэмжээгүй тохиолдолд эмэгтэйчүүд хүүхдээ хараад гэртээ байсаар байх болно.


SPS телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал: ЗАЛУУ ЭМЭГТЭЙ АЖИЛ ЯРИАД ОРОХООР ҮЛ ОЙШООСОН БАЙДЛААР ХАНДДАГ ТАЛ БИЙ


-Өнгөрсөн оноос эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн "Том мөрөөдөл" төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Манай байгууллага зорилтот бүлгийн ээжүүд, хүүхдүүдэд бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж, тэдэнд гэгээн мөрөөдөл бий болгохыг зорьдог. Монголд бизнес эрхлэх эмэгтэйчүүдэд ур чадвар, мэдлэг, санхүүгийн хувьд эрэгтэйчүүдээс дутах зүйл байхгүй. Харин зарим тохиолдолд залуу эмэгтэй хүн ажил яриад орохоор үл ойшоосон байдлаар хандах тал бий нь ажиглагдсан. Гэхдээ энэ бол бизнест тулгардаг гол асуудал биш.


“Оросын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Буриад улсын салбар зөвлөлийн тэргүүн А.С.Скосырская: УЛС ТӨРИЙН БОЛОН БИЗНЕСИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ЭМЭГТЭЙЧҮҮД ОЧИЖ ЧАДДАГГҮЙ


-Бид олон зуун жилийн найрамдалт түүхэн харилцаатай ард түмэн. Оросод ч тэр, Монголд ч тэр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна. Улс төрийн болон бизнесийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүд очиж чаддаггүй. Тэгсэн хэрнээ хамгийн их ажлыг нугалдаг бол эрчүүд удирдах албан тушаал хашиж, эрх мэдлийг авч, өндөр цалин хүртдэг зэрэг түгээмэл асуудал байна.


ӨМӨЗО-ны Хөх хотын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Лиан Шиүкин: ӨРХИЙН БИЗНЕСТ ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЬ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛДЭГ


-БНХАУ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өндөр түвшинд анхаарч ажилладаг. Тухайлбал, бизнес хийхээр төлөвлөж буй болон ажил эрхлэх боломжгүй эмэгтэйчүүдийг мэргэжлийн сургалтад хармуулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр нь туслалцаа үзүүлдэг. Мөн өрхийн бизнесийг төр засгийн зүгээс дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй бүтээгдэхүүнийг нь зах зээлд нийлүүлдэг.


БНСУ-ын “Солонгосын эмэгтэйчүүдийн хөгжлийн институт”-ын ерөнхийлөгч Инсоок Гвон: ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮМҮҮСИЙГ НИЙГМЭЭС ЯЛГАВАРЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АНХААРДАГ


-Өмнөд Солонгос улсад бэлгийн хүчилхийллийн эсрэг болон жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар аян өрнүүлсэн. Улмаар, ард иргэдэд мэдээлэл хүргэх, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг нийгмээс ялгаварлахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн, жендэрийн тэгш байдлыг хангах албыг байгуулсан. Ингэснээр эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигдөх, бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх зэрэг асуудлыг багасгах давуу талтай юм.


Шведийн Гадаад харилцааны яамны Хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Per Anders Sunesson: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ АШГИЙГ ХҮНДЭТГЭХИЙГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАСАН


-Шведэд эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжоор нь хангаж, төрсөн эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалах, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Түүнчлэн, сургуулийн сургалтын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүндэтгэх асуудлыг тусгаж, олон нийтийг зөв мэдээллээр хангаж ажилладаг.
САНАЛ БОЛГОХ