Хар тамхины хэрэгт холбогдсон англи иргэн “Тэрэлж боардинг” сургуульд багшлахаар визээ хүлээж байжээ

Бүлэг


DJ Steve баривчлагдахаасаа 20-иод хоногийн өмнө Монголд дахин орж ирсэн байв


Хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл биедээ авч явсан гадаадын иргэнийг баривчилсан талаарх мэдээлэл хэд хоногийн өмнө гарсан. Уг этгээд 41 настай, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн бөгөөд баривчлагдах үедээ мансуурсан байсан нь тогтоогдсон. Түүнийг гадаад хэлний сургалттай нэгэн дунд сургуульд багшилдаг гэсэн мэдээлэл олон нийтийг цочроосон юм. Уг хэргийн талаар эрэн сурвалжилж, нөхцөл байдлыг тодрууллаа.


Хар тамхи, виагра авч явдаг донтогчоос өсвөр насныхныг хамгаалж чадлаа


DJ Steve хэмээх нэрээр алдартай, Стив Фрешфилд Монгол Улсад удаа дараа орж ирсэн нэгэн. Түүнийг баривчилж, нэгжлэг хийсэн ч хилийн хориг тавьж, гадуур байцааж байгаа юм байна. Тэрээр Зайсанд байрлах CUE+ шөнийн цэнгээний газарт урилгаар DJ хийдэг бөгөөд энэ сарын 14-нд түүний нэрийн эвент болсон аж. Түүнчлэн ирэх бямба гарагт мөн тоглох хуваарьтай байгаа тухай тус клубээс мэдээлсэн. Түүнд хилийн хориг тавьсан боловч саатуулаагүй тул ийнхүү сул чөлөөтэй яваа бололтой. Түүний facebook хуудсанд 2014 онд Монголд байхдаа авахуулсан зураг байх бөгөөд, энэ зун ч мөн манай улсад зуссан байх магадлалтай. Аяллын визээ сунгуулаад энэ наймдугаар сард дахин орж ирсэн үедээ Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан байна.


Шөнийн цэнгээний газрын алдартай DJ, ганцаардмал, гаж гэмээр уур амьсгалыг өөрийн цахим хуудсандаа бүрдүүлсэн ийм хүнийг яаж ч бодсон дунд сургуульд багшаар авч ажиллуулсан гэдэгт итгэмгүй. Гэвч эх сурвалжуудын баталснаар Стив Фрешфилдыг “Рояал” академийнхан шинээр байгуулсан “Тэрэлж боардинг” сургуульдаа багшлуулахаар гэрээ байгуулах гэж байсан аж. Стив “багш” аяллын визтэй тул визний ангиллыг солиулах хүсэлтээ тус байгууллагаас гаргаад байв. Харин гэмт хэрэгт холбогдонгуут гадаад багш нарын амьдардаг байраасаа хөөж, сургуулийн нэр хүндээ “цэвэрлэхээр” хүчин чармайлт гаргаж байгаа бололтой.


Аяллын визтэй гадаад иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэхийг хориглодог бөгөөд ажил олгосон байгууллага хуулийн хариуцлага хүлээж, тухайн иргэнийг албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг. Тэгвэл Стив багшилсан хоногуудынхаа цалинг авчихсан, визийн зөрчлийг арилгангуут гэрээ байгуулах аман тохироотой явж байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан ба нэгжлэг хийх үед хар тамхинаас гадна виагра, олон тооны бэлгэвч биедээ авч явж байжээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхны мөрдөн шалгах, хянах ажиллагааны үр дүнд түүнийг яаралтай баривчилсан нь өсвөр насны хүүхдүүд эцэг эхээсээ хол, Тэрэлжид байрлаж, суралцдаг дунд сургуульд багшаар шургалах болсонтой нь холбоотой байж магад. Ямартай ч энэ удаад цагдаагийн алба хаагчид үүргээ сайн гүйцэтгэж, үүсэж болзошгүй олон хорт үр дагавраас цаг алдалгүй сэргийлж чаджээ. Түүнийг баривчилсны дараа “Тэрэлж боардинг” сургуулийн бүх багш, сурагчдаас хар тамхины тест албадан авахад бүгд сөрөг үзүүлэлттэй гарсан нь сайшаалтай. Хичээл эхлээд хэдхэн хонож байсан тул “дундаа орох” боломжийг хэрмэл DJ-д олгоогүй бололтой. Хэрэв цагдаагийнхан яаравчлан таслан зогсоогоогүй бол ажлын визтэй аялагч, хар тамхи хэрэглэгч этгээд монгол хүүхдүүдэд багшлахдаа чухам юу сургах байсныг төсөөлөхөд бэрх.

Түүнд хилийн хориг тавьсан боловч саатуулаагүй тул ийнхүү сул чөлөөтэй яваа бололтой
Харин энэ явдлыг эцэг эхчүүд хүндээр хүлээн авч, хүүхдээ тус сургуулиас гаргаж, дэргэдээ байлгахыг илүүд үзэж буйгаа хэлсэн юм. Энэхүү хэрэгт эцэг эхчүүд хамгийн ихээр эмзэглэж байгаа бөгөөд хүүхэд нь дараагийн сургуульд орохдоо муу нэр хочтой болох вий гэсэн эмзэглэлээр нэрээ гаргаж, мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Харин хэрэг гарахаас өмнө хүүхдээ гаргаж, өөр сургуульд оруулсан ээж О-той холбогдож, тус сургуулийн талаар мэдээлэл авлаа. Тэрээр, “Уг нь эрүүл агаарт, үеийн олон хүүхдүүдтэйгээ амьдарч, суралцахад боломжтой гэж үзээд бид хүүхдээ оруулсан. Гэвч төлбөр харьцангуй өндөр, гэхдээ сургалт нь төлбөртөө таарсан сайн биш санагдсан. Түүнээс биш орчин, хоол унд бол онц. Багш нар нь сургалтаасаа илүү чөлөөт цагт нь анхаардаг юм шиг санагдсан. Байнга сургах биш, харин улирлын сургалт нь зүгээр. Гадаад багш нар хичээл ороогүй гэсэн. Сүүлд хар тамхины шинжилгээ авахад би хүүхдээ гаргачихсан байсан” гэсэн юм.

Эцэг эхээсээ хол суралцагчдад сайн сургалтаас илүү мэдрэмжтэй хяналт чухал

“Тэрэлж боардинг” бол Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт газар байгуулагдсан Монголын анхны байрлаж, суралцдаг дунд сургууль. Одоогоор 6-10 дугаар ангид элсэлт авсан бөгөөд нэг анги 10-16 хүүхэдтэй. Нэг сурагчийн жилийн төлбөр 16 сая төгрөг. Монголын боловсролын салбарт олон жил багшилсан “зөвлөх” зэрэгтэй монгол багш нараас гадна Турк-Монголын хамтарсан “Эмпати” сургуульд багшилдаг байсан филиппин багш, мөн “Их засаг” лицей болон “Отгонтэнгэр” сургуульд багшилж байсан энэтхэг багш, АНУаас ирсэн багш нараар хичээл заалгадаг гэв. Оюун ухааны академийн ой тогтоолтын сургалт болон бусад дугуйлан, байгалийн ухааны хичээлүүдийг сонгон, хоцрогдол арилгах давтлагатай, ая тухтай эрүүл агаарт байрладаг гээд тус сургуулийн давуу тал олон. Харамсалтай нь багшлах боловсон хүчнээ сонгохдоо хайхрамжгүй хандаж, хууль бус алхам хийснээс дээрх бүх давуу тал үгүйсгэгдэж, хар тамхи хэрэглэгчийн хүчирхийлэлд автаж болзошгүй орчин болгож харагдуулахад тулаад байна. Тус сургуулийн захирал наймдугаар сарын сүүлээр нэгэн телевизийн хөтөлбөрт оролцохдоо “Манай сургуулийн багш нарын гуравны нэг нь гадаад багш. Олон улсын кэмбрижийн хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн удирдагч маань яг унаган англи хүн (Стивийг хэлсэн бололтой) ирж ажиллах гэж байх жишээтэй. Мөн монгол хүүхдүүдтэй ажиллаж, амьдарч үзсэн боардинг сургуульд багшилдаг байсан филиппин багш, энэтхэг гэр бүл гэх мэтчилэн манайд урилгаар ажиллах гээд байж байна” гэж нүд нь гэрэлтэн ярьж байв. Харамсалтай нь эдгээр залуусын дэврүүн мөрөөдөл, эко кампуст хүүхдүүдэд чанартай мэдлэг олгох гэсэн хүсэл эрмэлзлэл ийнхүү хөмрөхдөө тулаад байна.

Хариуцлагагүй хандсан албан тушаалтан тас мэлзэж, Зөрчлийн тухай хуулиар далайлгав

Тус сургуульд шөнийн цэнгээний газарт DJ хийдэг, багш хүний ямар ч “үнэргүй” гадаад иргэнийг зуучлан авчирсан гэх хүнтэй холбогдож, ямар шалгуураар “Тэрэлж боардинг” сургуульдаа багшлуулах болсон шалтгааныг асуух гэсэн боловч бүдүүлгээр мэлзэж, Зөрчлийн хуулиар далайлган сүрдүүлэв. Тэрээр анх ярихдаа, “Манайхтай ямар ч хамаагүй” гэх мөртлөө баримттай мэдээллүүдийг лавлан асуухад “Манайхтай ямар холбоотой болохыг мэддэг хүнээс нь тодруулаад эргээд холбогдоё” гэсэн юм. Гэвч дахин залгасангүй, энэ хугацаанд зарим мэдээллийн сайтуудад хар тамхины хэрэгт баригдсан англи багшийг “Их засаг” сургууль, Рояал академитай холбож бичээд эхэлсэн. Түүнтэйдахин холбогдоход “Хуулийн зөвлөхтэйгөө ярилцаад Зөрчлийн тухай хуулиар шийдүүлэхээр цагдаад өгнө” гэдэг хариу өглөө. Бид нэр холбогдсон сургууль, ажилтныг буруутгах гэсэнгүй. Стив Фрешфилд “Тэрэлж боардинг” сургуульд огт хичээл орж амжаагүй байж болно. Албан ёсоор гэрээ байгуулж ажил эхлээгүй гэдгээрээ уг сургууль цэвэр үлдэнэ гэж найдаж байгаа бололтой. Гэхдээ үнэн гэдэг хөдөлшгүй ганц л байдаг тул бодит байдал тодорхой болох өдөр ирж л таарна. Хэргийн талаар тэнцвэртэй мэдээлэх сэтгүүл зүйн зарчмыг хангаж, мэдээлэл авах эрхийг хүндэтгэн үздэггүй юм гэхэд, ажиллаж буй газрынхаа нэр хүндийг хамгаалах үүднээс бодит мэдээлэл өгөх байх гэж найдсан хэвээр байна. Монголд нэвтрүүлэх гэж буй боловсролын шинэ дэвшлээ хамгаалан, байр сууриа илэрхийлэхийн оронд мэдээлэл өгсөн эцэг эхчүүд, эх сурвалжуудыг эрс эсэргүүцэн, хуулиар далайлган сүрдүүлэх хэрэг баймгүй санагдана. Хэвлэлийнхэн ганц нэг үгэндээ бүдрээд, Зөрчлийн тухай хуулинд “унаж” эдийн засгаар хохироод үлдэх өчүүхэн хэрэг. Харин хар тамхинд мансуурагч, байнгын виагра авч явдаг шөнийн цэнгээний газрын хөгжмийн найруулагч хүн, өсвөр насны охид хөвгүүдийг ээж ааваасаа хол нэг дор байрлаж, өдөржин шөнөжин хамт байх сургалтын системд нь шургалж, гэмт хэрэгт уруу татан, хүчирхийллийн золиос болгосон бол яах вэ. Энэ том эрсдлийг таслан зогсоосон цагдаагийн алба хаагчдад дахин дахин талархууштай. Энэ дашрамд БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар гэх мэт шат дараатай олон байгууллагад энэ хэдхэн сургуулийнхаа багшлах боловсон хүчинд хяналт тавьж, ялангуяа ул суурьтай судалгаа хийсний үндсэн дээр багшлах зөвшөөрлийг олгодог байх үндсэн ажлыг нь дахин нэг сануулъя. Та бүхнийг дүлий дүмбэ оргиж суухад ар хударгаар чинь сургууль, сургалтын төвүүд хэрхэн дураараа дургиж байгаагийн ганц жишээ энэ биш гэж үү.
САНАЛ БОЛГОХ