Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан бэхжүүллээ
Улс төр
Малын эрүүл мэндийг хамгаалах, гамшгаас сэргийлэх зэрэг баримт бичигт гарын үсэг зурав
Делигийн нисэх буудлаас эхлээд хотынхоо зам дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зураг бүхий анонс хадаж, Энэтхэгт тавтай морилохыг урьсан нь арван жилийн дараа тус улсад хийж буй Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын ач холбогдлыг илтгэх мэт. Энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл болон урт хугацааны, найрсаг, нөхөрсөг харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд чиглэсэн юм.
Хоёр улс сонгосон нийгмийн тогтолцоогоороо төстэй. Ази тив дэх ардчиллын бэлгэ тэмдэг болдог Монгол, Энэтхэг улс энэ айлчлалаар эдийн засгийн харилцаандаа илүү ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд яваа бизнесийн 20 гаруй компани дунд АПУ, “Макс”, “Петровис”, “Тэсо” зэрэг Монголын томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан нь үүнийг илтгэнэ.
Эдийн засаг нь 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэх энэ улс Монголд 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь харьцангуй бага үзүүлэлт. Манайх ихэвчлэн самнасан ноолуур, хонины ноос экспортолж, харин цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм эмийн бүтээгдэхүүн, вакцин, ачааны тэрэг импортоор авч байна. Бид ердөө 990 мянган ам.долларын экспорт хийдэг атлаа 51.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгээс авч байна. Ийм жишээ захаас аваад мундахгүй ч үүнийг жагсааж гомдол нэхэх сонирхол хоёр орны аль алинд нь байсангүй.
Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын хөтөлбөрийн нэг томоохон хэсэг нь Энэтхэг Монголын бизнес уулзалт юм. Тэрбээр уг уулзалтад оролцож буй Монгол Энэтхэгийн бизнес эрхлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ “...Цаашдаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх олон нөхцөл боломж энэ удаагийн айлчлалаар нээгдэж байна. Дэлхийн долоо дахь эдийн засаг болох Энэтхэг улстай Монгол Улс эдийн засгийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлнэ” хэмээн онцлов.
Жижиг, дунд үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн болон сэргээгдэх эрчим хүч, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнс, эмийн үйлдвэрт хамтран ажиллах боломж байгааг БНЭУ-ын Аж үйлдвэрийн холбооны төлөөлөл илэрхийллээ. Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй хамгийн том төсөл нь Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монголд айлчлахдаа олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй уг үйлдвэрт шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг энэ удаагийн айлчлалаар бас шийдвэрлэсэн. Тус улсын байгалийн хий болон нефтийн сайд Шри Дармендра Прадан Энэтхэг улсаас олгосон хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихвол Монголын шатахууны хэрэгцээний дөрөвний гурвыг тус үйлдвэрээс хангах бололцоотой хэмээсэн юм. Мөн хоёр орон уул уурхайн салбарт хамтран ажиллавал илүү ирээдүй бий хэмээн тодотгов.
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ НЭМЖ 236 САЯ АМ.ДОЛЛАР ОЛГОНО
Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн айлчлалд Энэтхэгийн тал өндөр ач холбогдол өгчээ. Түүнийг Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж авсан юм. Харин хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын Владивосток хотноо уулзсан Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалтаар хоёр орон хамтран хэрэгжүүлж буй төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн хэтийн төлөвлөгөөний талаар тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнтэй байв.
Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэлээ. Мөн Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж, боловсруулах үйлдвэрт нефть хүргэх асуудлыг хөндсөн юм. Гэхдээ дамжуулах хоолойноос илүүтэй төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судлахаар болов.
ЭМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, ИМПОРТЫГ ХАЛНА
Монгол Энэтхэгийн бизнес уулзалтын голлох сэдэв эрүүл мэнд, боловсролын салбар байв.
Cadila бол Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компанийн нэг. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус компанийн дэлхийд тэргүүлдэг технологи, ноу хауг шингээсэн эмийн үйлдвэрийг Монголд байгуулах гэрээг хоёр тал байгууллаа. “Монгол эмимпекс” концерн, Cadila компанитай хамтран эмийн үйлдвэр байгуулснаар нийт эмийн импортын 80 хувийг гаднаас хангадаг Монголын эм хангамжийн салбарт том дэвшил болохыг тус компанийн гадаад харилцаа хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ тодотгосон.
Түүнчлэн Улаанбаатар хотын залуучуудыг технологийн чиглэлээр сургахаар Энэтхэгийн хамгийн том хувийн их сургууль болох LPU (Lovely Professional University)-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Эхний ээлжинд ЕБС-иудын мэдээлэл зүйн багшийг чадавхжуулахад энэ санамж бичиг чиглэнэ гэж НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат хэллээ. Мөн соёлын солилцоо, малын эрүүл мэндийг хамгаалах, гамшгаас сэргийлэх зэрэг таван баримт бичигт гарын үсэг зурав.
Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэтхэгийн бизнес эрхлэгчид Монголд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зам гүүрийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Монголын экспортыг нэмэгдүүлэхэд бидэнд мэдлэг, технологи, гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг хамтарч бий болгосноор өндөр хөгжилтэй улсуудын сонирхолд нийцэхүйц бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой” хэмээсэн юм.
Бизнес уулзалтын төгсгөлд гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Энэтхэгийн бизнесмэнүүдэд Монгол Улсад бизнес эрхлэх боломжуудыг танилцууллаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ИРГЭДИЙН УРСГАЛ НЭМЭГДЖЭЭ
Энэтхэгт өдгөө 900 орчим монгол хүн оршин суугаагийн 90 орчим хувь нь лам, хувраг байна. Тэдний дунд харж хандах хүнгүй бага насны хүүхдүүд ч шавилан суралцахаар олноор ирдэг байна. Харин богино хугацаагаар зорчиж буй иргэдийн дийлэнх нь хэлний бэлтгэлд сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой байдгийг Энэтхэгт суугаа Элчин сайд Г.Ганболд хэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л 300 орчим монгол иргэн эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэж, бусад эрүүл мэндийн үйлчилгээг авчээ. Учир нь тус улсад эмнэлгийн үйлчилгээ сайн атлаа бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад хямд байдаг аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй