Монгол хүний "ТЭВЧЭЭР" наснаас хамаардаг уу?

UB Info

Монгол хүний зан төлөвийн сонирхолтой статистик 2

Замын түгжрэлд дохио хангинуулах жолооч, урт очерт гомдоллох үйлчлүүлэгчийг тэвчээргүй байсанд нь харамсан харах үе танд байсан биз ээ. Тэвчээр бол тайвнаар хүлээх, бусдыг хүндлэх, ойлгох чадварыг илтгэнэ. Бидний тэвчээрийг сорьдог нөхцөлүүд өдөр тутмын, хүнд хэцүү үеийн, харилцааны гэсэн 3 бүлэгт ангилагдана. Эдгээр нөхцөлд тэвчээр гаргаж чаддаг бол таныг аз жаргалтай хүн гэж тодорхойлж болно.

Монголчуудын хувьд залуу хүнийг тэвчээргүй, хүлээцгүй гэж тодорхойлох нь олонтаа. Энэ ойлголт нь үнэн эсэхийг харахын тулд бид Монгол хүний өдөр тутмын нөхцөлд тэвчээр гаргах чадварыг насаар нь харьцуулан судаллаа.

Үр дүнд нь залуу байх тусам тэвчээргүй гэх ойлголт өрөөсгөл бөгөөд насны дагуу өссөн эсвэл буурсан үзүүлэлт харагдахгүй байна. Өдөр тутмын амьдралд тулгарах асуудлуудад хамгийн тэвчээртэй хандаж байгаа нь 31-41 насныхан бол удаах байранд 22-26 насныхан оржээ. Мөн 17 настай өсвөр насны хүүхэд ч 27 насны хүн шиг тэвчээр гаргаж чаддаг болохыг манай судалгаанд оролцогчид харуулсан байна.

Тэвчээр гаргах байдал нь наснаас илүү бие хүний онцлог, зан төлөвөөс хамааралтай болохыг сэтгэл судлал баталдаг. Сэтгэл хөдлөлдөө амархан автдаг, түгшүүр өндөртэй хүмүүс тэвчээр султай байдаг, харин бусадтай нийцтэй, сониуч, хариуцлагатай гэсэн чанарыг өөртөө агуулдаг хүмүүс тэвчээртэй байх нь илүү өндөр байдаг.

Сэтгэл судлаачийн зөвлөдөг тэвчээрийг хөгжүүлэх 3 алхмыг танд санал болгож байна.

1. Сэтгэл хөдлөлөө хянахад суралц. Тэвчээр нь өөрийн хяналттай холбоотой ба сэтгэл хөдлөлөө /уур, бухимдал г.м/ ойлгож, удирдахад суралцсанаар та илүү тэвчээртэй болно.

2. Боломж болгож хар. Тэвчээртэй байх нь дан ганц автомат сэтгэл хөдлөл биш бодол, ухамсар, хандлага ч үүнд нөлөөлдөг. Хэрэв багийн гишүүн тань 15 минут хоцорсон бол та шууд уурлахаасаа өмнө 15 минут танд номоо уншиж дуусгах боломж олгож байгаа талаас нь хараад үзээрэй.

3. Талархалд суралц. Олон улсын судалгаагаар талархлыг мэдэрдэг хүмүүс илүү тэвчээртэй байдаг нь нотлогдсон байдаг. Одоодоо төвлөрч чаддаг, байгаадаа сэтгэл ханамжтай байдаг хүмүүс яарах бус нөхцөл байдалд бодитоор хандаж тайвнаар шийдэж чаддаг байна.

Эх сурвалж: zeely

САНАЛ БОЛГОХ