6319

Соёлын өвөө устгаж, газрыг нь авах санаархал биелэв

Бүтээн байгуулалт

Дэлхийн улс гүрнүүд хуучны дурсгалт барилгуудаа хамгаалан үлдээж, сэргээн засварлаж, жуулчдыг татах үзмэр болгодог. Харин Монгол Улс эсрэгээр нь нурааж, шинээр барих шийдвэр гаргадаг. Улаанбаатар хотын түүх соёлын нэг хэсэг болох барилгуудыг актлах тухай 2011 оны үеэс яригдаад удлаа. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсаар байна. Байгалийн түүхийн музейн барилгаас эхлээд үүдийг нь дангинатал цоожлоод нэлээд хугацаа өнгөрөв. 70-80 жилийн настай барилгуудын хувь заяа ерөнхийдөө актлагдах гэдэг ганцхан үгээр шийдэгдэв. Нурааж дахин барих барилгын жагсаалтад Төв номын сан, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр гэсэн биет соёлын өвүүд багтаж байна. Театр, сүм, музей бол дэлхий дахинд уран барилга гэсэн ангилалд хамаардаг. Гэтэл манай улс хосгүй үнэт өвд тооцогдох барилгуудаа газрын хөрснөөс арчиж хаяхаар зэхэж сууна. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байр агаад Хэлмэгдэгсдийн музейг гурав хоногийн дотор нураачихлаа. Нураах амархан бүтээн байгуулах хэцүү. Хоёр давхар модон барилгын суурин дээр 22 давхар шилэн барилга сүндэрлүүлэх болсноо олон нийтэд зарлаад байна. Музей, театрын зориулалтын барилгуудыг цаг тухайд нь сэргээн засварлаад явсан бол балгас болтлоо муудаж, нурж унатлаа салбайхгүй байсан биз. Хойд хөршийн Эрхүү хотынхон жуулчны гудамжныхаа хоёр давхар дүнзэн байшингуудыг өдгөө улам өнгөтэй болгож, зорьж очсон жуулчдад соёлоо хэрхэн хадгалж хамгаалдгаа гайхуулсаар. Эрминтажийнхаа музейг дайны үед цэргээр мануулж, хамгаалж байсан тухай түүх судлаачид хэлдэг юм билээ. Гэтэл манайд балгас болгочихоод нураахаас өөр зам үлдээгүй гээд олон тайлбар нурших юм. Хэзээ нэгэн өдөр үр хойчдоо ийм загвартай музей, театрын барилга байсныг ийм болгосон гээд зураг харуулаад түүх хүүрнэх эмгэнэлтэй бид нүүр тулах нь. Агуу театрыг нь нураахаар алтан үеийнхнийг гомдох вий Германы архитекторч Герхард Коселийн зураг төслөөр сүн­дэрлэсэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхийг сөхвөл, 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ. Ингээд 1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болжээ. Алтан үеийнхний ажиллаж, бүтээлээ туурвиж байсан театрын барилга шинэ цагийн шилэн барилгаар солигдож мэдэхээр болоод байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан уг барилга Улаанбаатар хотын давтагдашгүй ур загвартай үнэт эд, бас түүх өгүүлэх нандин газар. Манайхан л болохгүй бүтэхгүй гэдэг болохоос гаднын мэргэжилтнүүд асуудалгүй гэсэн байгаа юм. Тодруулбал, 2016 онд Энгельберт, Золнер нарын Австрийн мэргэжилтнүүд ирж Дуурийн театрын барилгын элэгдэл, эвдрэлийг нарийн багаж төхөөрөмжөөр шалгаад “Бүх зүйл хэвийн” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Архитекторууд ч театрын барилгыг хамгаалж үлдээх хэрэгтэй гэж үзэж байна. Гэтэл улс төрд шургалж, шуналдаа идэгдсэн бирдүүд нурааж газрыг нь авах гэж санаархах болов. Хуулиараа ч гэсэн үнэт өвд тооцогдох учиртай. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.2-т “Соёлын биет өв” гэж түүхэн тодор­хой орон зай, цаг үеийг төлөөлөх, биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр дуурийн театр энэ өвд тооцогдох барилгын нэг төлөөлөл зүй ёсоор мөн билээ. Хотын дурсгалт газрын эмгэнэлт хувь заяа Улсын драмын эрдмийн театрын барилгыг ч мөн эмгэнэлт хувь заяа хүлээж байна. Хотын дурсгалт газрын тоонд зүй ёсоор бичигдэх эл театр 1956 онд Нийслэлийн хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барихаар хуримтлуулсан хөрөнгөөр барьж байжээ. Зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулж байжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон байна. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн хоёр танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Баганууд нь морин толгойтой учраас дэлхийд байхгүй ур хийц гэж үздэг байна. 2010 онд Ази, Номхон далайн Архитекторуудын холбоо (ARCASIA)-ноос ARCASIA HERITAGE хэмээх хоёр боть каталог хэвлэн гаргасан бөгөөд 50, түүнээс дээш настай архитектурын шилдэг өвүүдийг багтаасан байна. Уг каталогид манай улсын архитектурын есөн дурсгал буюу Эрдэнэ зуу хийд, Гэр хэлбэрт модон дуганууд, Амарбаясгалант хийд, Төвхөн хийд, Чойжин ламын сүм, Жанрайсиг сүм, Монгол гэр, Гадаад хэргийн яамны барилга, Драмын эрдмийн театрын барилга орсон талаар архитекторчид ярьсан юм. УДЭТ-ын барилгыг нураах болсон шалтгаан мөн л газар хөдлөлтөд тэсвэргүй гэх тайлбар. Хэдийгээр Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч бүх зүйлийг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн нурааж, сүйтгэх нь зохисгүй байлтай. Олон улсын мэргэжилтнүүдийн өндөр технологийн багаж ашиглаж хийсэн үнэлгээтэй зөрчилдөж байгаа дүгнэлт үнэн байлаа ч барилгыг хүчитгэж, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж болмоор. Монгол Улсын ганц эмэгтэй архитекторч З.Оюунбилэгийн хэлснээр “Үл хөдлөх дурсгал болох барилга, архитектур, хөшөө, бунхан, археологийн дурсгалыг тухайн нутаг, эх газарт нь хүрээлэн байгаа орчных нь хамт хадгалан хамгаалж байж түүний түүхэн ач холбогдол, үнэ цэнэ оршдог” аж. Энэ жил 380 нас хүрч байгаа Улаанбаатар хотод түүх, соёлын өвд тооцогдох барилга тийм ч олон биш. Гэтэл түүх, соёл уламжлалаа устгах гэж улайрах боллоо. Устгахаас илүү хадгалж, хамгаалж үлдээж чадвал хожим архитектурын музей байгуулж болохоор санагдана. Манай улсад тэгээд ч сэргээн засварладаг газар ч алга. 1973 онд түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар байгуулсан ч 1995 онд хувьчилж, арчилж тордох газаргүй болгожээ. Эрт үед сүм хийдүүд дуганч лам ажиллуулдаг байсан нь учиртай юм байна. Дуганч лам сүмийн дээврийн цасыг цэвэрлэх, шугам хоолойн бөглөрлийг шалгах, будаг нь халцарч өнгө нь гундвал сэргээн засуулах арга хэмжээ авхуулдаг хүн байж. Харин сүүлийн үед арчилж, тордохгүй хаяснаас болоод түүх, дурсгалын барилгууд хуучирч муудан, балгас болоход ойрхон байна. Байгалийн түүхийн музейг хамгаалах боломжгүй болжээ Улаанбаатар хотын төвд орших Байгалийн түүхийн музейн барилга анхнаасаа зориулалтын бус байр байсан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ. Тэрбээр “1952 онд ХАА тех­никумын сургуулийн зориу­лалтаар барьж байсан барилга. Үлэг гүрвэл байсан том заал бол биеийн тамирын заал байсан юм. Б.Ширэндэв гуай ШУА-ийн ерөнхийлөгч байхдаа байгалийн түүхийн зориулалтаар ашигламаар байна гэсэн хүсэлт гаргаж байсан. Ингээд Байгалийн түүхийн музей болсон юм. Энэ барилгыг газар хөдлөлтийн эсрэг бэхэлгээгүй барьсан учраас нурах аюултай барилгын жагсаалтад орсон. 2013 онд тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл барилгыг шаардлага хангахгүй гэж үзэж үйл ажиллагааг нь зогсоох тушаал гаргасан юм билээ. Намайг сал­барын сайдаар томилогдоход барих барилгынх нь зураг төсөл гарсан. Үйл ажиллагааг нь зогсоогоод зургаан жил болжээ. Үнэхээр хүнд нөхцөлтэй дахин ашиглах боломжгүй бол Чингис хааны музей байгуулж, хотоос гаргая гэсэн шийдвэр гаргасан” гэлээ. ШУТИС-ийн Барилга архи­тектурын сургуулийн шинжээч, профессор З.Биндэрьяа “Тоосгоны зуурмаг газар хөдлөлтийн нөх­цөлийг тэсвэрлэх чадвар нь 25 марк байх ёстой. Байгалийн түүхийн музейн барилгынх 10 марк байсан. Үнэлгээ хийснээс хойш чийгшлээс болоод улам муудсан байна. Чулуун суурьтай учраас ашиглалтын шаардлага хангахгүй. Модон хучилттай учраас өмхөрч унаж байгаа учраас газар хөдлөлт болбол тэсэхгүй гэж үзсэн” хэмээв. Тиймээс Байгалийн түүхийн музейг дахин шинээр барихаас өөр аргагүйд хүрчээ. Барилгыг хүчитгээд ч олигтой сайжрахгүй. Хөрөнгө, мөнгөний гарз болно гэсэн тайлбарыг шинжээч З.Биндэрьяа хэллээ. Гуравдугаар давхрын даацын хананууд нь цуурсан гээд аяндаа нурж эхлээд байна. Музейн барилгын хашааны гадна “Соёлын өвөө аваръя, түүхийн дурсгалт барилгаа нураахаас хамгаалья” гэсэн лоозон наасан харагдсан. Гэхдээ ингэж тэмцээд ч Байгалийн түүхийн музейн барилга даацаа даахаа байсан нь дотор орсон хүмүүсийн нүдэнд бэлхэн харагдаж байв. Нэгдүгээр давхрынх нь дээврийн моднууд цуурч, цаанаас нь нунтаг шавар бутарч унаж байна. Мөн хананых нь шавар гар хүрэх төдий үйрч байв. Театр, музей барих мөнгө сонгуулийн “салхинд” хийсчих вий Хоёр музейн барилга ийн гэрэл зургийн хальсанд үлдлээ. Харин содон өвөрмөц архитектурын шийдэлтэй театрын барилгуудаа хамгаалж үлдэх хэрэгтэй. Хэдийгээр газар хөдлөлтөөс болгоомжлох нь зөв ч тэсвэргүй гэх шалтгаар соёлын дурсгалт барилгуудыг нураагаад байж боломгүй. Цаашид сэргээн засварлах мэргэжилтнүүдийг бэлтгэж, тусгай төвтэй байх шаардлага тулгарч байна. Түүнчлэн маш нарийн технологийн дагуу сэргээн засварладгийг мартаж болохгүйг ахмад архитекторчид зөвлөж байна билээ. Нөгөөтэйгүүр зарим нэг эрх мэдэл бүхий нөхдөд газар хөдлөлтөөр далимдуулж газрыг нь булаах гэсэн санаархал нуугдаж байж мэдэх юм. Ийм хардлагыг ч олон нийт тээж байна. Аотын хамгийн үнэ цэнэтэй барилгууд дахь Музей, театр, номын санг нурааж, дахин барих нэрийдлээр төсвөөс мөнгө замшигдуулахыг ч үгүйсгэхгүй. Шинээр музей, театр барихад чамгүй их мөнгө зарцуулах тооцоо гаргаж, төсөвлөөд байгаа. Тодруулбал, Байгалийн түүхийн музейг шинээр Их тэнгэрийн аманд барих бөгөөд төсөвт өртөг нь 94.4 тэрбум төгрөг. Үүнээс 2020 оны төсөв 31.9 тэрбум төгрөгийг нь тусгажээ. Мөн Яармагт Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барихаар төсөвт таван тэрбумыг тусгаад байна. Одоо байгаа Байгалийн түүхийн музейн суурин дээр 53 тэрбум төгрөгөөр Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргасан. Харин Улсын драмын эрдмийн театр болон Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын санг шинээр барихад тус бүр дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үндэсний урлагийн их театр барих хэрэгцээ шаардлага бас тулгараад байгаа гэнэ. Үүнийг барихад хамгийн их буюу 152.5 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд эхний ээлжинд 30 тэрбумыг 2020 оны төсвөөс зарцуулахаар тусгаад байна. Ийн театр, музей барихад чамгүй их мөнгө зарцуулахаар шийдээд байгаа. Гэвч 2020 онд улс төрийн сонгууль болно. Театр, музей барихаар тусгасан санхүүжилт нь сонгуулийн “салхинд” хийсчих вий дээ. Тэгвэл энэ улс өв соёл, түүх рүүгээ нулимсан зэрлэг улс болж дэлхийд бичигдэх биз.


САНАЛ БОЛГОХ