Ж.Золжаргал: Засаг өөрөө салбарыг бужигнуулаад байна

ЗГМ: Зочин

Өнгөрсөн долоо хоногт Монголын тэргүүлэх эдийн засагчид “Бизнесийн орчин” хэлэлцүүлэгт үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золбаяртай ярилцлаа. Тэрбээр Монголын төрийн тогтворгүй бодлого, мэргэжлийн байгууллагуудад улс төрийн шийдвэрээр дарамт үзүүлж байгааг шүүмжилсэн юм. -Уул уурхайн салбарын эрх зүйн орчны талаар таны хөндсөн асуудал сонирхол татлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулахаар зэхэж буй заалтуудын талаар мэдээлэл өгөөч? -”Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь төрийн нийтийн өмч” гэсэн сонин заалт бий. “Төрийн нийтийн өмч” гэж хаана харъяалагдах, “үр өгөөж” гэж чухам юуг хэлж байгаа нь мэдэхгүй. Татварын дараах орлогыг хэлж байгаа юм уу, тодорхойгүй. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах улс төрийн нам дор хаяж 20 мянган гишүүнтэй байна гэж өөрчлөхөөр ярьж байна. Энэ нь шинээр нам байгуулахыг хязгаарлаж, хоёр том нам ээлжилж засаглах нөхцөл үүсгэж байна. Эдгээр нь нэгдээд стратегийн ордын хөрөнгө оруулалтыг төр эзэмшиж, уул уурхайн салбарын орлого, улс төрийн эрхийг хувааж авъя гэсэн санаа юм. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг хувааж авах санаа яваад байна. -Засгаас гаргаж буй лиценз хураах, үйл ажиллагааг зог­соох шийдвэрүүд хуулийн энэ өөрчлөлтийн урьтал болж, баялгийн дахин хуваарилалтад бэлтгэж байна гэж үзэж болох уу? -Магадгүй. Яг цаасан дээр буусан программ байхгүй ч тэгж харагдаад байна. Зориудаар хариуцлагагүй уул уурхай явуулсан гэх шалтгаанаар хомроголон хурааж, хувийн хэвшлийнхэн чадахгүй байна, төр мэдэлдээ авах нь зөв гэх мессежийг өгч байна. Үнэн хэрэгтээ хариуцлагагүй уул уурхай улстөрчдийн оролцооноос үүсэж байна. Уул уурхайн салбарт урт хугацааны инженерийн төлөвлөгөө гаргаж, мэргэжлийн хүмүүс л үйл ажиллагаа явуулахгүй бол чадахгүй. Гэтэл эрх мэдлээ ашиглан нэг орд газрын лиценз аваад, хэдэн техник аваачиж ухаж сэндийчэн, баялгийг нь аваад алга болохыг эрмэлздэг хэсэг бий. Эдгээр нь парламент, засаг, төрийн албаныхны оролцоотой хүмүүс л байдаг. Төрийн түшээ нэртэй наймаачин, эсвэл бизнесмэн нэртэй ч төрөөр тэтгүүлж, өөрийн талд шийдвэр гаргуулдаг хүмүүсээс болж хариуцлагагүй уул уурхай цэцэглэж байна. Тэд анхаасаа үр ашгийг тооцож, нөхөн сэргээлт, зам, дэд бүтцэд зориулсан хуримтлал үүсгээгүй тул хийх ямар ч боломжгүй. Байгаль орчин бохирдуулсан, нөхөн сэргээлтэд хяналт тавьж чадаагүй бүхний ард өнгөрсөн хугацаанд засаг барьж байсан хүмүүсийн буруу бий. Өнгөрсөн гучин жил мэргэжлийн үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн компаниуд олон байгаа. -Ингэж хомрогонд явсан мэргэжлийнхний эдийн засагт үзүүлэх нөлөө хэдий хугацааны дараа, хэр хэмжээгээр буурах вэ? -Яг өнөө маргаашдаа нүүрсний экспортод айхтар нөлөөлсөн тоо гарахгүй. Монголын нүүрсний компаниуд хангалттай хүчин чадалтай. Хятадын худалдан авалтаар л үйл ажиллагаа хязгаарлагдана. Тэгэхээр орлогын хэмжээнд ноцтой өөрчлөлт гарахгүй. Харин тогтолцооны суурь өөрчлөгдөх гээд байгаа нь хорь, гучин жил чадан ядан бий болгох гэж ирсэн мэргэжлийн салбарыг улс төрийн салбар болгож хувиргах гэж байна. Ойрын хэдэн жил харагдахгүй ч 5-10 жилийн дараа хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, таг зогсоно. Гаднаас орж ирэх хөрөнгө нь төрийн түвшинд л яригдана. Магадгүй Хятад-Монголын, Орос-Монголын хамтарсан төрийн байгууллага л ашиглалт явуулна. Ингэхээр бидний ерээд онд хийсэн өөрчлөлт үгүйсгэгдэж байна. Өнөөдөр хувийн компаниудын лиценз, нөхөн сэргээлт яригдаж байгаа ч ирээдүйд нийгмийг өөрчлөх ноцтой асуудал үүсгэж байгааг хэлэх хэрэгтэй. -Эрх ашиг нь хөндөгдөж буй бизнесийнхэн нэгдэж дуугарч чадахгүй, нэг нэгээрээ төрийн өндөрлөгүүдэд гуйж очиж, хувийн компаниа аварч байна гэж шүүмжилж байна. Тухайлбал танай ассоциаци салбарынхаа эрх ашгийг хамгаалж зоригтойгоор дуугарч байна уу? -Монгол нүүрс ассоциаци бол компаниудаа төлөөлдөг мэргэжлийн байгууллага. Ямар ч үндэслэлгүйгээр лиценз цуцалсан шийдвэрийн талаар санал хүсэлтээ хол­бог­дох байгууллагуудад хүр­гүүлсэн. Мөн эрх зүйн орчин, дүрэм журамд болохгүй бай­гаа асуудлыг өөрчлүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжоо нээх чиглэлд ажиллаж байна. -Болохгүй байгаа дүрэм журмууд гэж юу вэ. Тодорхой жишээ хэлж өгөөч? -За тэгье. Тухайлбал, сая Өмнөговь аймагт байгаль орчин сүйтгэсэн шалтгаанаар олон компанийн лиценз цуцалсан. Гэтэл тэр дунд нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, машин явсан зам ч байхгүй талбайг эзэмшиж байсан зөвшөөрлийг хомроголон цуцалсан. Уг нь төрийн шийдвэр процедурын дагуу явах ёстой шүү дээ. Хяналтын байгууллага нь очиж шалгаад, гаргасан дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Тэдний зүгээс хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж байна гэдэг, үүнийг бид дэмжинэ. Гэхдээ энэ тугийн дор хомрогол­сон байдлаар хандаж алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй юм гэж зарим албаны хүмүүс хэлээд эхэллээ. Энэ нь гэнэтийн шийдвэр гаргаад зөвшөөрлийг нь хураагаад авчихдаг, хууль­гүй орон юм байна гэх ойлголт хөрөнгө оруулагчдад төрүүлж, тэднийг үргээх сөрөг үр дагавартай. Мөн 2018 оны 12 сард уул уурхайн компаниуд заавал хатуу хучилттай зам барих шийдвэр гэнэт гаргасан. Энэ нь томоохон төслүүдийн хувьд боломжтой, бусдад нь бараг л боломжгүй нөхцөл гэнэт тулгасэн хэрэг боллоо. Уул уурхайн компаниуд тооцоо судалгаагаа хийж, төлөвлөсний үндсэн дээр ажлаа эхэлдэг. Төрийн байгууллага Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ёстой, гэтэл тэр журам нь хөрсөн дээр бууж, хэрэгжих боломжгүй байна. Засаг өөрөө салбарыг бужигнуулаад, тэр дундаа тохиролцоно гэх ойлголт гаргаж ирээд байна. Энэ бол авлигын эх үүсвэр. Анхнаас нь “байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгал, археологийн олдвортой нутагт үйл ажиллагаа явуулахгүй”, “ийм хэмжээний уурхай заавал хар зам тавина” гэх мэтээр бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Тэгвэл урт хугацаанд үйл ажиллагаа явуулах компани тооцоо судалгаа хийгээд хөрөнгө оруулах эсэхээ шийднэ шүү дээ. Гэтэл анхнаасаа тодорхой зааж өгөөгүй хэрнээ гэнэт нэг өглөө бүхнийг өөрчлөөд байхаар ямар хөрөнгө оруулалт наашаа зүглэх вэ дээ. -Татварын орчинд хуудуутай журам байгаа талаар бас ярьдаг? -Нөөц ашиглах журамд баяжуулсан нүүрснээс өндөр хураамж авдаг “жишиг үнэ” гэж бий. Компаниуд нүүрс олборлохдоо сайныг нь ашиглаад мууг нь ялгаад хаячихаж болохгүй. Тэгэхээр овоолгоо дахин ашиглахын тулд баяжуулах үйлдвэр барьж, цэвэрлээд дунд зэргийн нүүрс болгоод гаргах гэхээр “баяжуулсан коксжсон нүүрс” ангиллаар өндөр татвар төлөх хэрэгтэй болдог. Тэр татварыг төлөхөөр үйлдвэрлэл нь алдагдалтай болж байна. Тэгэхээр баяжуулах үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт үнэгүйдэнэ. Түүнчлэн бай­галийн баялгийг сорчилж биш иж бүрнээр нь ашиглана гэдэг хуулийнхаа эсрэг үйл ажиллагаанд тулгаж байна. Мөн нэмүү өртөг шингээж, экспортоо нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм шиг шахалт үзүүлж байна. -Магадгүй, сонгуулийн дараа төр солигдоход энэ байдал өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байна уу? -Эрхбиш мэргэжлийн төрийн албан хаагчид сууж байна. Тэр дунд эрүүл ухаантай хүн байгаа л байлгүй. Тэд ямар нэг байдлаар эргэн харж залруулах байх гэж найдаж байна


САНАЛ БОЛГОХ