Гурван гишүүний хөрөнгө, орлогыг шалгах ажлын хэсэг байгуулна
УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын таван гишүүнтэй холбоотой гомдол, зөрчлийг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын даргын зөвлөлөөр ч Ёс зүйн дэд хороог хуралдуулах албан ёсны зарыг гишүүдэд тараагаад байсан юм. Гэвч тус хорооны хурал ирц бүрдээгүй шалтгаанаар ирэх долоо хоногийг хүлээхээс өөр аргагүй болсныг тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тайлбарлаж байна. -Таны тэргүүлдэг ёс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ? -Дүрмээрээ ёс зүйн дэд хороог хуралдуулах ирц өндөр байдаг. Есөн гишүүний гуравны хоёр буюу зургаан гишүүн оролцож байж хүчинтэйд тооцогдоно. Гэтэл таван гишүүн ирж, нэг хүнээр дутаад гацаанд ороод байна. Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Наранхүү нар хуралдаа ирэхгүй байна. Тэдний хоёр нь дотоод, нэг нь гадаад томилолттой, нэг нь тодорхойгүй шалтгаанаар хуралд ирсэнгүй. Уг нь манай намын гурван гишүүн хурал зарласныг мэдэж байгаа. -УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй Б.Наранхүү гишүүнийг энэ дэд хорооноос хасах, солих хүсэлтийг та гаргасан байна. Үүн шиг хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг сольж болдоггүй юм уу? -Бараг сарын өмнө АН-ын зөвлөлд Б.Наранхүү гишүүнийг өөрчил гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. АН-ын зөвлөлөөс Б.Пүрэвдорж гишүүнийг ажиллуулъя гэдэг албан бичгийг ирүүлсэн. Мөн дэд хорооны даргын хувьд би УИХ-ын чуулган дээр сайдаар давхар ажиллаж байгаа Д.Сарангэрэл, Х.Баделхан нарыг чөлөөлж өг гэдэг хүсэлт гаргасан. Бүлгээс Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нарыг дээрх хоёр гишүүний оронд томилохоор албан бичиг нь бас ирсэн. Эдгээр албан бичгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж батлаад, энэ долоо хоногтоо багтаж УИХ-ын нэгдсэн чуулганаар ёсчлоод албажих байх. -Ёс зүйн дэд хороогоор ямар асуудал хэлэлцэхээр хүлээгдэж байгаа вэ? -УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшинг хуралдааны үеэр сайд гишүүдийн картыг сугалж чуулганы нэгдсэн хуралдааныг тасалдуулсан, Б.Пүрэвдорж гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг олон минутаар тасалдуулсан асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай хэлэлцэх байсан юм. Мөн “Бид уучлахгүй” хөдөлгөөн болон иргэн Мөнхцэлмэг зэрэг иргэдийн зүгээс М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын гишүүний хөрөнгө орлого хэд дахин нэмэгдсэн байна гээд үүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт, шаардлага тавьсан. Түүний дагуу эдгээр гишүүний тайлбарыг хэлэлцэх юм. -Гурван гишүүний хөрөнгө орлоготой холбоотой хүсэлт, шаардлагыг Ёс зүйн дэд хорооны даргын хувьд яаж хүлээж авч байна вэ? -Тэдгээр иргэн, хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүний хөрөнгө орлогыг АТГ шалгах эрх зүйн орчин бүрдээгүй, хязгаарлагдмал байна гэж үзээд холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Үүнийг би зөв гэж үзэж байгаа. Тухайлбал, гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой гомдол мэдээллийг Авлигын эсрэг хуулийн 13.2-т зааснаар Ёс зүйн дэд хороо шалгадаг бус шууд хуулийн байгууллага шалгадаг хуулийн зохицуулалт хийхийг дэмжиж байна. Хуулийн төслийг нь ч санаачлаад явахад болохгүй зүйлгүй гэдгээ хэлсэн. Мөн өнөөдөр мөрдөж байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм маш хязгаарлагдмал. Алдаа, завхрал гаргасан гишүүдийг ердөө сануулах, ёс зүйн зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлэх, УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэсэн гуравхан заалттай. Үүнийг өөрчлөхөөр бид шинэ дүрэм боловсруулж байгаа. -М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нар хөрөнгө, орлогоо яаж нэмсэн тайлбар, нотлох баримтаа өгсөн үү? -Гурван гишүүнээс хөрөнгө орлоготой холбоотой тайлбарыг нь аваад хорооныхоо нэг гишүүнд өгч танилцуулахаар судлуулж байна. Шинэ бүрэлдэхүүнтэй болмогцоо ажлын хэсэг байгуулж, тодорхой үүрэг чиглэлээр ажиллана. УИХ-ын гишүүнийг шалгах дүрмээрээ маш их цаг хугацаа шаардагдах юм. Ирэх долоо хоногт ажлын хэсэг байгууллаа гэхэд 21 хоногийн хугацаанд Ёс зүйн дэд хороонд дахин танилцуулах жишээний. -Гишүүн Б.Пүрэвдоржийг ёс зүй зөрчсөн гэж хэлэлцэх гэж байхад өөрөө Ёс зүйн дэд хороонд орж ажиллах нь хэр зохимжтой юм бэ? -Ёс зүйн дэд хорооны гишүүн байх нь хамаагүй. Зөрчил гаргасан бол хэлэлцэж л таарна. Ер нь дэд хорооны есөн гишүүнд өөрсдөө ирц бүрдүүлэхээс эхлээд өндөр хариуцлагатай, манлайлалтай бай гэдэг шаардлага тавина. -Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдоггүй, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү гишүүний ёс зүйг хэзээ ярих вэ? -Б.Наранхүү гишүүний хувьд дэд хорооны хурал байтугай чуулганы үйл ажиллагаанд ч оролцдоггүй. Түүнд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг Ёс зүйн дэд хороогоор тусад нь авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй