“МИАТ” ТӨХК билет борлуулах шинэ салбараа Central Tower-т нээлээ
“МИАТ” ТӨХК тасалбар борлуулах шинэ салбараа Central Tower-ийн хоёрдугаар давхарт нээж, зорчигч үйлчлүүлэгчдэдээ улам ойртлоо. Үндэсний агаарын тээвэрлэгч тус компани нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор тасалбар борлуулах салбаруудаа өргөтгөж буй юм. Өчигдөр үүдээ нээсэн тус салбарын нээлтэд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ТУЗ-ийн дарга С.Батболд нар оролцож, шинэ салбарын үйл ажиллагаанд амжилт хүслээ. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллах нь бидний эрхэм үүрэг, зорилго. Одоогийн байдлаар бид тасалбар түгээх ганц төвтэй ажиллаж байгаа. Бид зорчигчидтойгоо илүү ойртож, хүртээмжтэй ажиллах зорилгоор тасалбар түгээх төвөө багасгаж, хэд хэдэн салбар байгуулахаар шийдсэн бөгөөд ийн хоёр дахь салбараа нээж байна. Мөн тун удахгүй “Энканто таун”-д болон Улаанбаатар хотын баруун хэсэгт шинэ салбаруудаа байгуулахаар гэж байна.” хэмээн онцолсон юм. Мөн энэ үеэр шинэ салбарын нээлтэд зориулж хамгийн эхний гурван үйлчлүүлэгчид байгууллагын зүгээс гарын бэлэг гардуулж байв. МИАТ” ТӨХК нь тасалбар борлуулах салбаруудаа нэмэгдүүлэхээс гадна зорчигч, үйлчилгээний цогц системээ бүрэн шинэчилж, нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах “МИАТ” аппликейшнийг үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, цагийн хуваарь, нислэгийн төлөв зэргийг шууд харах боломжтой болж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй