Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч үнэ төлбөргүй суурилуулна
11 дүгээр сараас өмнө угаар мэдрэх төхөөрөмжийг суурилуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Эхэнд нь энэ сардаа багтаж гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан байна. Үүний хүрээнд хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмжийг сонгон айл өрхөд нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Төхөөрөмж худалдан авах, суурилуулахтай холбогдон гарах зардалд шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргахаар тогтжээ. Засгийн газрын шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат олон нийтэд танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч системтэй цогцоор асуудлыг шийдэж чадахгүй өнөөг хүрсэн. Засгийн газар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой” түлш компанид үйлдвэрлэж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлнэ. Шийдвэрийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн засаг даргад үүрэг болгосон. Төхөөрөмжийн үнийг одоо хэлэхэд эрт байна. Дараа нь шахаа хийх гэлээ гэсэн асуудал үүсдэг. Захиалгыг шууд хийж үйлдвэрээс нь нийлүүлэх учраас дундаа шахаа хийх боломжгүй гэж харж байна” гэсэн юм. Мөн тэрээр Засгийн газраас асуудал, бэрхшээл гарангуут хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ өөрчлөхгүй гэдгийг мэдэгдээд иргэдийг зуухныхаа битүүмжлэлийг сайжруулах, стандартын бус, техникийн бус зуух ашиглахгүй байхыг анхааруулсны зэрэгцээ “шинжлэх ухааны үндэслэлгүйгээр өөрийгөө тодруулах гэсэн хүмүүсийн оролдлого гарч байгаа. Хүчилтөрөгч дутагдсанаас угаартсан. Түүнээс бус агаарт утаа нь гарсны дараа угаартахгүй. Лабораторийн шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг бид ард иргэдэд хүргэж байгаа” гэв. Мал аж ахуйн үндэсний парк байгуулна Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь хөдөө аж ахуйд түшиглэсэн шинжлэх ухаан үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөл байв. Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулжээ. Паркийг мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих бөгөөд ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Түүнчлэн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийх аж. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй