Гэрч, хохирогчийг хамгаалах зөвлөл байгуулна

Засгийн газар


УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсон. Гэвч цагдаагийн байгууллага дээрх үйл ажиллагааг хэвийн явуулахад зарим бэрхшээл тулгарч байгаагаас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж салбарын сайд танилцуулав. Тухайлбал, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий зөвлөлийг бий болгох шаардлагатай болсон аж. Гэрч, хохирогчийг хам­гаалах тухай хууль 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр Тахарын албыг татан буулгаж, 2016 оноос ЦЕГ-т Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулсан байна. Тус хэлтэс өнгөрсөн хугацаанд урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, аюулгүй газарт түр байрлуулах зэрэг зургаан төрлийн 248 удаагийн арга хэмжээгээр 367 иргэнийг хамгаалалтад авчээ. Энэ онд гэхэд 105 иргэнд хамгаалалтын арга хэмжээ авсан бөгөөд тэдний долоо нь гэрч, 92 нь хохирогч, дөрөв нь хамаарал бүхий этгээд байгаа юм. Мөн хоёр прокурорыг төрийн хамгаалалтад аваад байгаа аж. Хурлын үеэр ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга Б.Буянтөр “Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа хамгаалалтын арга хэмжээнүүдээс биечилсэн хамгаалалт болон аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээний зардал харьцангуй өндөр. Зарим зардлыг гүйцэтгэх ажиллагааны зардлаас гаргах чиглэл ирсэн. Гэрч, хохирогчийг хамгаалах явцад гарч байгаа гол хүндрэл нь нийгмийн шинжтэй ахуйн хэрэгцээний бусад зардлыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны төсвөөс санхүүжүүлэхээр тус­гасан байсан. Гэвч Цагдаагийн байгууллагын төсөвт үүнд зориулсан мөнгө суугаагүй учраас санхүүжилт авах боломжгүй байна. Зарим тохиолдолд манай алба хаагчид хувиасаа мөнгө, хөрөнгө зарцуулж, зохицуулж байна” гэсэн юм. Харин Н.Оюундарь гишүүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар тодруулахад холбогдох албаныхан “Зөвхөн шүүх, прокуророос хамгаалалтад авах шаардлагатай гэж үзсэн иргэдийг л хамгаалж байгаа” гэв.


САНАЛ БОЛГОХ