ЭМД төлөх чадваргүй бол АНУ-д оруулахгүй

Засгийн газар


Тодд Шилдс Трампын засаг захиргаа эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлөх чадваргүй цагаачдыг АНУ-д орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ хориг гэр бүлүүдийг салгаж, тун удахгүй шүүхэд зарга үүснэ гэж шүүмжлэгчид ярьж байна. Ерөнхийлөгч Трамп баасан гарагт хэлсэн үгэндээ цагаачид АНУ-д орсноос хойш 30 хоногийн дотор эрүүл мэндийн даатгалд хамрагдахаа мэдүүлэх буюу эрүүл мэндийн зардлаа төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой эсвэл виз олгохгүй гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тунхаглалд “Энэхүү алхам нь АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоонд санхүүгийн ачаалал болох хүмүүст виз өгөхөөс татгалзах зорилготой” гэжээ. Уг арга хэмжээ 11 дүгээр сарын 3-наас хэрэгжиж эхлэх бөгөөд 2016 онд түүний сонгуулийн кампанийн нэг гол сэдэв нь цагаачлалыг хязгаарлах асуудал байв. Түүнчлэн уг сэдэв 2020 оны сонгуулийн сурталчигаанд чухал байр эзлэх төлөвтэй байгаа. Ерөнхийлөгчид үл итгэх асуудлын мөрдөн байцаалт эрчимжиж буй үед Трамп сонгогчдод шууд хандсан алхам хийж буй бололтой. Наймдугаар сард Цагаан ордон татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг хоолны талон, татаастай байр гэх мэт хөнгөлөлтөөс цагаачдыг хасах шийдвэр гаргасан. Обамагийн захиргаанд ажиллаж асан, одоо АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж буй Жюлиан Кастро “Дональд Трамп сандарч эхэллээ. Цагаачид руу хүчтэй довтолгоо хийснээр олны анхаарлыг сарниулж, айдас төрүүлэхийг оролдож байна” хэмээн бичжээ. Саяын алхам бүх цагаачийг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах хууль эрхийн орчин бүрдүүлнэ. Трампын захиргаа өмнөх Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан америкчуудыг бүх нийтээр даатгуулах арга хэмжээг цуцалсан. Нью-Йоркоос конгрессын төлөөлөгчдийн танхимд суугаа АН-ын төлөөлөгч Александра Окасио-Кортес дээрх алхмыг “хоёр нүүртэй, үзэн ядсан, бүдүүлэг явдал” хэмээн нэрлэжээ. Тунхаглалд бичсэнээр эмнэл­гүүдийн эргэн төлөгдөөгүй үйлчилгээний өртөг өнгөрсөн арван жилд жил бүр 35 тэрбум ам.доллараас давж байсныг тэмдэглэжээ. Цагаачид эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байх магадлал АНУ-ын иргэдийнхээс гурав дахин их байдаг аж. Трамп хэлэхдээ “Манай эрүүл мэндийн тогтолцоо төлөгдөөгүй үйлчилгээний хүндрэлтэй тулгарч байхад эрүүл мэндийн зардлаа төлөх чадваргүй хэдэн зуун мянган гадаадынхыг оруулснаар асуудлыг бүр хурцатгаж байна” хэмээн онцлов. Гэвч конгрессын зарим гишүүн уг арга хэмжээг эсэргүүцэж буй. Тухайлбал, конгресс дахь испани хэлт төлөөлөгчдийн бүлгийн 38 гишүүн мэдэгдэл гаргаж, “Ерөнхийлөгч Трамп ядуу цагаачид ба тэдний гэр бүлийг ичих нүүргүйгээр онилж байна. Түүний захирамж АНУ-ын иргэдийг хууль ёсны хань нөхөр болон хайртай хүмүүсээс нь салгана. Трампын цагаачлалын эсрэг бодлого хэмжээ хязгаараа алдаж, Америкийн гэр бүлүүдэд хохирол учруулж байна” хэмээн мэдэгдэв. Кайзерын гэр бүлийн сангийн эрүүл мэндийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ларри Левитт хууль ёсны цагаачид эрүүл мэндийн татаас авах эрхтэй боловч саяын тунхаглалд татаасаар олгосон даатгалыг тооцохгүй бололтой гэж твиттертээ бичжээ. Цагаачдын эрхийг хамгаалах United We Dream бүлэг “Эрүүл мэндийн даатгал нь цагаачдыг энэ улсад ороход хүндрэл учруулдаг. Үүгээр зогсохгүй энэ улсын иргэдэд ч хүндээр тусдаг” гэсэн байна.


САНАЛ БОЛГОХ