Планетаруудаар аялцгаая

UB Info

Та шинжлэх ухаанд дуртай бөгөөд дэлхийн томоохон хотод сурах, ажиллах, амрах, дайраад гарах боломж гарсан бол заавал ороод гарах ёстой газруудын нэг нь шөнийн тэнгэрийг хээр хэвтэж байгаа мэт дуурайлган үзүүлдэг планетарууд юм. Харин энэ удаагийн нийтлэлээрээ очиж үзсэн цөөн хэдэн газруудынхаа планетаруудын тухай мэдээллийг хүргэе гэж бодлоо.

1. Москва хотын планетар.

Оростоо төдийгүй дэлхийд алдартай Москвагийн планетар байгуулагдаад 90 жил болсон гэхэд итгэмээргүй. Москва хотын төвөөс хэдхэн минутын зайтай байдаг энэ хөөрхөн бөмбөгөр дээвэртэй байшинд очсоноор зөвхөн шөнийн тэнгэрийг тольдоод зогсохгүй музей, 4D кино театруудаар ч ороод гарах боломжтой байдаг.

Хагас бүтэн сайн өдөр олон хүнтэй байдаг бөгөөд үнэ нь ч нэмэгдчихдэг учраас ажлын өдрүүдээр үзвэл тохиромжтой. Очихоосоо өмнө вебсайт руу нь ороод ямар ямар хөтөлбөр байгааг харж байгаад хүссэн хөтөлбөрийнхөө цагаар нь очоорой. Миний хувьд Вояджер хөлгүүдийн аяллын тухай хөтөлбөрийг нь үзсэн. Вояждерын хөөрөлтөөс эхлээд л очсон газар бүрт нь яг хажууд нь байгаа юм шиг хамт аялсан даа.

Орос хэл мэдэхгүй гээд ч бас санаа зоволтгүй, ормогцоо ажилтнуудад нь хэлээд чихэвч авчихад тайлбарыг нь Англиар сонсоод явах боломжтой. Үзсэн планетаруудаас хамгийн гоё нь яах аргагүй Москвагийн планетар байсан шүү. Шоу дууссаны дараа үзэгчид бүгд алгаа ташаад л босч байсан. (Гэхдээ жаахан үнэтэй талдаа.

Оюутан бол үнэмлэхээ үзүүлээд багахан хямдрал эдлэх боломжтой байдаг.) Бас нэгэнт Москва орсон бол Сансрын нисгэгчдийн музейгээр заавал ороод гараарай. Барилга нь хүртэл дээшээ хөөрж буй пуужингийн хөшөөтэй, хараад л орохгүй байхын аргагүй гоё газар бий шүү!

2. Токиогийн Шибуяа дүүрэг дэх Космо планетар.

Токиод өөр планетар байдаг эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ надад хамгийн ойр байсан нь энэ жижигхэн планетар байсан юм. Үнийн хувьд боломжийн хэдий ч Москвагийн планетарын хажууд мэдээж хамаагүй жижиг байсан. Мөн хөтөлбөрүүд нь бүгд Япон хэл дээр байсан болохоор ойлгоогүй л үзсэн дээ.

Миний үзсэн хөтөлбөр нь "Орон орны одот тэнгэр" гэдэг нэртэй байсан. Токиогийн шөнийн тэнгэр дэх хэдхэн ширхэг оддоос эхлээд Монголын хөх тэнгэрт асгасан сувд шиг үзэгдэх оддыг морин хуурын аятай хамт үзүүлж байсан нь хамгийн гоё мөч байсан даа. Гарахдаа хөөрхөн Хачикогийн зурагтай цаасан дээр Космо планетар гэдэг тамга дараад дурсгал болгож авч болдог. Жижигхэн хэдий ч сонирхолтой планетар яах аргагүй мөн байсан.

3. Улаанбаатар хотын Сансар, од эрхэсийн ордон.

Улаанбаатарт маань ийм эрдэнэс байдгийг та нар мэдээгүй юм биш биз? Жуковын музейн ойролцоо байдаг Сансар, од эрхэсийн ордонд мөн ялгаагүй ормогцоо музейг нь үзээд, дэлгэцээр кино хараад шөнийн тэнгэрээ тольдож болдог. Тасалбар нь ч бусад музей шиг л хямд байдаг. Манай хөтөлбөрийн хувьд бусад планетарууд шиг олон төрөл байхгүй, зөвхөн одны ордуудыг үзүүлдэг хэдий ч ороод гарахад харамсахааргүй шүү. Миний хамгийн анхны орж үзсэн планетар Монголын маань планетар байсан. Хэдий жижигхэн ч цаашид жилийн жилд хөтөлбөрөө улам бүр өргөжүүлнэ гэж найдаж байна.

4. Ороод гарч даанч амжаагүй Вашингтон ДС хотын Air and Space Museum-н планетар.

Вашингтон ДС хотын төвд Смитсониан гэж бүх төрлийн музейтэй хэсэг газар байдаг бөгөөд Смитсониан дахь бүх музей үнэгүй байдаг. Гэхдээ планетар үзэх бол нэмж багахан хэмжээний мөнгө төлнө.

Асар их үзэх зүйлстэй, маш сонирхолтой учраас Вашингтон орсон бол заавал бүгдээр нь ороод гараарай. Миний цаг давчуу байсан учраас зөвхөн музейгээ үзээд л планетараар орж амжилгүй гарсан. Өмнөөс минь очоод ямар болохыг хэлж өгөөрэй!

САНАЛ БОЛГОХ