О.ТЭНҮҮН: Оюутны лигийн тэмцээнд 900 тамирчин өрсөлдөнө

UB Info

“Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо”-ны (МОСБХ) зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Оюутны лиг” -ийн 20 дахь удаагийн 2019-2020 улирлын тэмцээн өнөөдөр 17:00 цагт спортын төв ордонд албан ёсоор эхлэх гэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн амын 54% сагсан бөмбөгийн спортыг сонирхон хичээллэж, тэдний гол төлөөлөл болох бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд хамгийн ихээр тус спортод шимтэн суралцаж байна. “Оюутны лиг” нь сагсан бөмбөгийн спортоор дамжуулан залуу үеийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийгмийн зөв соёлыг цогцлооход чиглэгдсэн бөгөөд нийслэлийн болон хувийн 40 их, дээд сургуулийн 52 баг буюу 900 тамирчин хичээлийн жилийн турш нийт 28 долоо хоногийн турш өрсөлдөнө.

МОСБХ-ны Ерөнхийлөгч О.Тэнүүн: “Оюутны лигийн тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын тоо жилээс жилд өсч байгаагийн зэрэгцээ багуудын чанар, дотоод зохион байгуулалт улам сайжран, оюутан тамирчдын сурлагын дүнгийн дундаж үзүүлэлт тогтмол өсөж байгаа гайхалтай үр дүнг үзүүлж байна . Энэ жилийн лигийн онцлог нь Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд оюутан тамирчдын сахилга бат, боловсрол, сурлагын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн гурван талт гэрээг нийт оролцож байгаа оюутан тамирчидтай байгуулах болсноороо онцлогтой. Ингэснээрээ оюутан тамирчид ирээдүйд илүү сайн боловсон хүчин болон бэлтгэгдэх, ажил амьдралын гараагаа амжилттай эхлүүлэх, залуу үеийн зөв үлгэр дуурайл болоход томоохон түлхэц болох юм”.

“Оюутны лиг”-ийн тэмцээнд 23 хүртэлх насны, 2.1-ээс дээш сурлагын голч дүнтэй, тухайн сургуулийн үндсэн ангийн оюутан оролцох боломжтой байдаг төдийгүй МОСБХ-ноос “Оюунлаг тамирчин” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа боловсрол, нийгмийн хөгжилд чиглэсэн сургалт, семинар болон бусад арга хэмжээнүүдэд оролцох боломжийг бий болгож өгч байгаагаараа давуу талтай. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр нийт оюутан тамирчдын дунд сурлага хөдөлмөрөөр тэргүүлж, бусдыгаа манлайлсан оюунлаг тамирчдыг шалгаруулж алдаршуулж нэг жилийн сургалтын тэтгэлэг олгодог юм байна.

САНАЛ БОЛГОХ