Түүхий эдийн урамшуулал олгож эхэллээ

Түүхий эд

Арьс, шир, ноосны урамшуулалд 9.2 тэрбум төгрөг олгоод байна

Арьс, шир, ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр 45.4 мянган малчинд нийт 9.2 тэрбум төгрөг олгоод байгаа аж. Дотоодын үйлдвэрт малын гаралтай түүхий эдээ тушаасан малчдад урамшуулал олгодог. 2011 онд ноосны, 2013 оноос арьс, ширний урамшуулал олгож эхэлсэн.

Тонн ноос 1000 төгрөгийн урамшуулалтай. Гэхдээ сайн чанарын буюу нарийн ширхэгтэй ноосных хоёр дахин өндөр байдаг аж. Үндэсний үйлдвэрлэгчид сүүлийн таван жилд малчдаас нийт 71.4 мянган тонн ноос худалдан авчээ. Үүний урамшуулалд нийт 112 тэрбум төгрөг олгожээ. Тэрчлэн малын гаралтай түүхий эдээ хил давуулах бус, дотооддоо борлуулах малчдын тоо, нийлүүлэх ноолуурын хэмжээ ч өсөж буй. Малчид 2011 онд 4.9 мянган тонн ноос тушааж, 9.8 мянган төгрөгийг нэмэлтээр хүртэж байжээ. Энэ дүн хоёр жил дараалан өсөөд, 2014 оноос буурч эхэлсэн байна.

2016 онд 24 тэрбум төгрөг зарцуулах төлөвтэй
Гэхдээ анх урамшуулал олгож байсан үетэй харьцуулахад өндөр хэвээр. 2015 онд 16.8 мянган тонн ноос үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин өссөн дүн. 2016 оны төсөөллөөр энэ төрлийн урамшуулалд 24 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гаргасан байна.

Мөн урамшуулж эхэлснээс хойш энэ чиглэлийн аж ахуйн нэгжийн тоо тав дахин өсчээ. Салбарын яамны мэдээлснээр Монгол Улсад ноос, ноолуурын 670 гаруй үйлдвэр бий. Монгол Улс 10 сая ширхэг арьс, шир, 23 мянган тонн ноос, 8500 тонн ноолуур бэлтгэх хүчин чадалтай. Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэхэд жилд дунджаар 590 тэрбум төгрөг шаардлагатайг салбарын яамнаас тооцоолжээ. Ноос, ноолуурын салбарын борлуулалт 780 тэрбум төгрөгтэй тэнцэж буй бол арьс, ширнийх 350 тэрбум төгрөгт хүрч байгаа ажээ.

Манай ноолууран бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд гарсныг бид мэднэ. Арьсан цүнх, гутал тэргүүтнийг ч экспортлоод байгаа. Тухайлбал, “Монгол Алтай Зэт” компани “Anouk and Co” брэндийн цүнх, тэлээгээ цахимаар АНУ-д борлуулж байна. Мөн “Дархан нэхий” тоног төхөөрөмжөө шинэчилж, арьс, шир бүрэн боловсруулдаг болсон. Ингэснээр боловсруулсан арьс, ширээр жижиг, дунд үйлдвэрүүдийг хангаж эхлээд байна.

» Дотоодын үйлдвэрт малын гаралтай түүхий эдээ тушаасан малчдад урамшуулал олгодог.
» Түүхий эд бэлтгэн нийлүүлэхэд жилд дунджаар 590 тэрбум төгрөг шаардлагатайг салбарын яамнаас тооцоолжээ.
» Ноос, ноолуурын салбарын борлуулалт 780 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Арьс ширнийх 350 тэрбум төгрөгт хүрч байгаа ажээ.
Малын гаралтай түүхий эдийн урамшуулал нь зөвхөн малчдад санхүүгийн дэмжлэг болоогүй. Дотоодын үйлдвэрлэл сэргэх үндэс болсон нь энэ. Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн түүхий эдийн нөөц тэлсэн. Тэр хэрээр үнэ нь ч тогтвортой болж, үйлдвэрлэл, борлуулалт нь эрчимжжээ. Бас үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийг хувийн хэвшилд олгосон юм. Хөгжлийн банк арьс, шир, ноос, ноолуурын 200 гаруй төсөлд 241.1 тэрбум төгрөг олгосон гэх мэдээлэл бий. Энэ нь хөнгөн үйлдвэрийн хөгжилд ихээхэн түлхэц болсныг салбарынхан хэлдэг.

Үүнээс гадна малын гаралтай түүхий эдийн ханш өмнөх онуудынхаас хямд байна. Гэхдээ арьс, шир үнэгүйдэж байсан өнгөрсөн зунтай харьцуулахад сэргэжээ. Улаанбаатар хотын түүхий эдийн захуудад тэмээний шир 16.5 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар хямд дүн. Адууны шир ч ялгаагүй. 30 орчим хувиар буурсан. Харин есдүгээр сарын сүүлээр 2500 төгрөг байсан ямааны арьсны ханш 3-4 дахин өсөж, 10 мянгыг шүргэжээ. Мөн ямааны нэг килограмм цагаан ноолуур аймгаас хамаарч ялгаатай байна. Тухайлбал, Сүхбаатар, Архангай аймагт 30-44 мянган төгрөг Өмнөговь, Ховд, Баянхонгор аймагт 47-51 мянган төгрөгийн ханштай байна.


САНАЛ БОЛГОХ