АНХААРЛЫН ГАДНА ҮЛДСЭН ЗАЛУУЧУУД

ЗГМ: Сэдэв
Халдварт бус өвчин залуусын нас баралтын 80 хувийг эзэлж байна

“Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт илтгэлийг танилцуулах арга хэмжээ мягмар гарагт НҮБ-ын байранд болов. Цаг хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаатай давхацсан тул хүмүүс нэг их ойшоолгүй өнгөрөх шиг болно лээ. Уг нь хийсэн судалгаа, тавьсан илтгэл, дэвшүүлсэн асуудал нь яах аргагүй анхаарлаа хандуулах ёстой сэдэв байв.

Монгол Улс 1997 онд анх удаа хүний хөгжлийн үндэсний илтгэлийг боловсруулж, олон нийтэд хэлэлцүүлж байжээ. Харин энэ нь зургаа дахь удаагийн илтгэл юм. Энэ жилийн хувьд залуучуудын хөгжлийн асуудлыг чухалчилж авч үзсэн нь ач холбогдлыг нэмэгдүүлсэн байна.

Монголын хүн амын 34.9 хувийг 15-34 насны залуучууд бүрдүүлдэг. Тэд хүн амын хамгийн том бүлэг гэсэн үг. Энэ бүлгийг ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш өсөж, төрж хүмүүжсэн шинэ үеийнхэн гэж болно. Залуу, хойч үеэ хэрхэн бэлдэхээс улс орны ирээдүй хамаарна гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Харин бид энэ үүргээ хэр биелүүлж байгааг илтгэлд дэлгэрэнгүй дурджээ. Улс орны хүний хөгжлийн индексийг гаргахдаа орлого, боловсрол, эрүүл мэнд гэсэн үндсэн гурван үзүүлэлтийг харгалздаг.

Сүүлийн жилүүдэд нийт хүн амын орлого өсч байгаа тул манай улсын хөгжлийн индекс ч дагаад дээшилжээ. 2015 оны байдлаар Монгол Улс 188 орноос 90-д жагссан байна. Түүнчлэн 1990-2014 оны хооронд монголчуудын дундаж наслалт есөн жилээр нэмэгдсэн таатай үзүүлэлт бий. Гэхдээ үүнийг дотор нь задлаад үзвэл арай өөр дүр зураг харагдана. Тухайлбал, 15-34 насны эмэгтэйчүүдийн наслалт ердөө 2-3 жилээр л нэмэгджээ. Тэгвэл ийм насны эрэгтэйчүүдийн наслалт 2-3 жилээр буурсан дүн гарав. Залуучуудын эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн нь эндээс харагдаж байна гэдгийг илтгэл хэлэлцүүлсэн НҮБХХ- ийн Хүний хөгжил, Мянганы хөгжлийн зорилтуудын хөтөлбөрийн багийн ахлагч Ж.Должинсүрэн тодотгосон юм.

Хүн амын дундаж наслалт есөн жилээр нэмэгдсэн ч залуусынх буурсан дүнтэй

Залуучуудын наслалт удаан нэмэгдэж, зарим тохиолдолд буурч байгаа нь тэдний амьдралын хэв маягтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, архи, тамхины өндөр хэрэглээ, осол гэмтлээс үүдэлтэй нас баралт өндөр байна. Мөн залуус халдварт бус өвчинд өртөх магадлал өндөр байгаа нь анхаарал татах асуудал болов. Халдварт бус өвчин залуусын нас баралтын 80 хувийг эзэлж байгаа юм. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэх шаардлагатайг судалгааны багийнхан онцоллоо.

Төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт мөнгөний 80 гаруй хувь нь эмчилгээ үйлчилгээ, цалин хөлс зэрэг урсгалд зардалд явж байна. Харин өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэхэд зориулсан зардал дөрөв, тавхан хувьтай байгаа аж. Өвчнөөс урьдчилан сэргийлэх биш, өвдсөн хойно нь өндөр зардал гарган эмчилдэг өнөөгийн тогтолцоо хэвээр байгаа цагт энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг тэд эрх баригчдад ойлгуулахыг хүсчээ.

Энд хөндсөн өөр нэг асуудал бол залуусын хөдөлмөр эрхлэлт болон тэдний улс төр, нийгмийн оролцоо. 2000-2014 оны эдийн засгийн өсөлт хүний хөгжлийн индексийг нэмэгдүүлж, ажлын байр олноор бий болгосон сайн талтай. Гэхдээ энэ нь залууст өгөөжөө өгсөнгүй. Тухайлбал, улсын хэмжээнд ажилгүйдэл 7.9 хувь байхад 20-24 насны залуусын дунд ажилгүйдэл 17.4 хувьтай гарчээ. Улсын дүнгээс 2.5 дахин их гэсэн үг. Аймаг, сумдад ажилгүйдэл 17-19 хувь байгаа юм. Уг нь 20-24 нас гэдэг дунд болон дээд боловсрол эзэмшээд, ажилд шилжих үе. Гэвч тэдэнд ажлын байр хомс байгааг эндээс харж болно. Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман “Залуучууд урт хугацааны ажилгүйдэлд өртөх магадлал өндөр байна” гэсэн юм.

Тухайлбал, нийт ажилгүй залуучуудын 63 хувийнх нь ажил хайх хугацаа нэг жил байна. Харин үлдсэн 40 шахам хувь нь хоёр болон түүнээс дээш жилийг ажил хайх хугацаанд зарцуулдаг аж. Тэр хэрээр залуус эцэг, эхээс эдийн засгийн хувьд хараат хэвээр үлдэж, гэр бүлийн санхүүд хүндрэл учруулж, мэдлэг чадвар нь алдагдсаар. Цалин хөлс бага, хөдөлмөрийн эрэлт хэрэгцээ хомс, мэргэжлийн туршлага, зохих чадвар дутмаг, ажлын байрны талаарх мэдээлэл муу зэрэг нь тэдний ажилгүйдлийн нийтлэг шалтгаан болжээ.

1992 оноос хойших сонгуулиудад залуучуудын 45 хувь нь л саналаа өгчээ

Нэг үеэ бодвол их, дээд сургуулийн тоо нэмэгдэж, мөнгөтэй л бол ямар ч чиглэлээр дээд боловсрол эзэмших боломж бүрдсэн. Гэвч энд чанарын асуудал яригдах учиртай. Тодруулбал, боловсрол эзэмшээд гарч байгаа хүмүүсийн ур чадвар хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байна. Ядаж л ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадварын сургалт дутмаг байгааг судалгаанд дурдсан. Коллеж төгссөн залуучуудын 60 хувь нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж чадахгүй, тэдэнд тохирсон ажлын байр олдохгүй байгаа юм. Хэрэв боловсролын чанарыг сайжруулахгүй бол дээд боловсролын диплом өвөртөлсөн цэвэрлэгч, худалдагчийн тоо хэзээ ч буурахгүй. Харин суралцагчдын жендерийн ялгаа багасч байгаа нь гэгээтэй мэдээ боллоо.

Манай улсын хувьд бага сургуулийн элсэлт хавьгүй өндөр хувьтай байдаг. Тухайлбал, 2014- 2015 оны хичээлийн жилд бага сургуульд хамрагдах ёстой хүүхдийн 99.1 хувь нь цагаан толгойн “А” үсэг заалгажээ. Харин их, дээд сургуульд элсэгчдэд хүйсийн ялгаа тод ажиглагдаад эхэлдэг. 2000 онд 20-24 насны нийт суралцагсдын 100 эрэгтэйд 156 эмэгтэй ногдож байв. Хүйсийн харьцаа бараг л 1:1.5 гэсэн үг.

Тэгвэл 2010 онд дээрх тоо 128 болж багасчээ. Манайхан охин хүүхдэдээ илүү анхаарч, яаж ийгээд дээд боловсролтой болгохгүй бол амьдрал дээр гараад хэцүүднэ гэдэг. Харин дунд сургуулиа төгссөн хөвгүүд амьдралын боломж тааруу бол шууд ажил дээр гарах нь элбэг. Энэ байдал явсаар их, дээд сургуульд суралцагчдын дунд жендерийн асар том ялгаа үүсэхэд хүргэжээ. Харин сүүлийн үед дээрх ялгаа багасаж байгаа нь сайшаалтай.

Арав гаруйхан хоногийн дараа УИХ-ын сонгууль болно. Гэтэл хүн амын хамгийн том бүлэг болох залуучууд жил ирэх бүр сонгуульд оролцохдоо хойрго хандаж ирсэн нь анхаарлын гадуур өнгөрсөнгүй. 1992 оноос хойших УИХ-ын сонгуулиудад залуучуудын 45 хувь нь л саналаа өгчээ. Дөрвөн жилийн өмнө улсын хэмжээнд сонгуулийн ирц 65.2 хувь байсан. Харин 1990-ээд онд бүр 90 хувьтай байсантай харьцуулбал тун чамлалттай дүн байгаа биз. Тэдний гуравны нэг нь улстөрчдөд итгэх итгэл буурсан нь идэвх сулрахад нөлөөлсөн гэсэн байна. Залуучуудын 35.5 хувь нь улс төрийн мэдээ, мэдээллийг тогтмол авдаг бол 46.4 хувь нь зөвхөн өөрийн сонирхсон асуудлаар мэдээлэл сонсдог аж.

Ямартай ч УИХ-ын сонгуулийн босгон дээр ийм нэг чухал судалгааг танилцууллаа. Харин эрх бүхий хүмүүс нь үүнийг анхааралдаа авч, асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлэхгүй бол хөрөнгө мөнгө, цаг хугацаа үрэн судалгаа хийсний үр дүн огт гарахгүй.

Г.Баярсайхан
@bayarsaikhanZGM


САНАЛ БОЛГОХ