Азтан болоход алхам ойртлоо

Нийтлэл

Энэ онд нийт 12 удаа сугалааны тохирлыг явуулна

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжээд хоёр дахь жилтэйгээ золгож байна. Хууль хэрэгжсэнээр НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжийн тоо 2600-гаар нэмэгдэж, 63 мянгад хүрчээ. Энэ нь хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байсныг илтгэх үзүүлэлт юм. НӨАТ төлсөн иргэн, байгууллага жилийн эцэст төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авахаар байгаа. Үүнтэй холбогдуулж Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, 620 мянган иргэний данс руу төлсөн

НӨАТ-ынх нь 20 хүртэл хувийг шилжүүлэх юм. Гол нь иргэдийн хувьд мэдээллээ баталгаажуулах ёстой. Урьдчилсан байдлаар 620 мянган иргэнд нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд буцаан олголтоор нэг удаа өгнө. Иргэдийн худалдан авалтыг урамшуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн НӨАТ-ын тухай хууль иргэдэд татвар төлсөн төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тогтолцоог шинээр бий болгосон. Ингэснээр далд эдийн засгийг ил болоход түлхэц болж буй. Энэ онд НӨАТ-ын урамшууллын сугалааг үргэлжлүүлэх бөгөөд илүү олон хүнийг сугалааны азтан болгох чиглэлийг баримтлах аж.

Тухайлбал, 10 сая төгрөгийг сугалаагаар нэг хүнд өгөх бус хоёр хүн авах боломжийг үүгээр бүрдүүлэх юм байна. Өндөр дүнтэй сугалааны дүнг бууруулж, иргэн бүр азтан болоход одоогийн нөхцөлийг ойртуулах аж. Хамгийн өндөр дүнтэй сугалаа 400 сая төгрөг. Үүнийг хувааж нэг хүн тус бүр 100 сая төгрөгийн азтан болох боломжийг бүрдүүлэх нь. Энэ онд нийт 12 удаа сугалааны тохирлыг явуулах бөгөөд 184.2 мянган төлбөрийн баримт азтан болох тооцооллыг гаргажээ. Хэрэглэгчийн тоог 900 мянга орчим болно гэж тооцсон байна. Гэхдээ хэрэглэгч сард хэчнээн төлбөрийн баримт бүртгүүлэхээс энэ нь шууд хамаарах аж.

“Худалдан авалт хийсэн баримтаараа сугалаанд оролцох болсон нь НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлсэн” хэмээн Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн У.Мөнхзул тэмдэглэсэн юм. Татварын ерөнхий газар өнгөрсөн онд нийт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсний 35 хувийг НӨАТ- ийн татвар эзэлжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 70 тэрбум төгрөгөөр өссөн дүн. Эдгээр нь хоёр хувийг буцаан авах урамшуулал болон сугалаатай холбоотойг Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг онцолсон билээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 19 удаа тохирол явуулаад байна. Хамгийн сүүлийн тохирлоор 7259 азтан шинээр тодорчээ. Улсын хэмжээнд цахим баримтын системийг 63183 аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 192 сая баримт хэвлэж өгсөн байна. Энэ оны нэгдүгээр улиралд баримтын автоматжуулалтыг сайжруулж, картын технологид шилжүүлэхээр Татварын ерөнхий газар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Энэ онд 295 сая төлбөрийн баримт хэвлэгдэхээс 174 сая төлбөрийн баримт буюу 58.9 хувь нь бүртгэгдэх магадлалтай байгааг НӨАТ-ын Төслийн нэгжийн дарга Р.Отгонтулга ярилаа. Өнгөрсөн оны хувьд дээр дурдсан баримтын 85.6 сая буюу 45 хувь нь бүртгэгдсэн байна.
САНАЛ БОЛГОХ