Залуусыг хөтлөх хууль

ЗГМ: Тодруулга

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна

Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газраас боловсруулсан энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ дэмжсэн. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй.


Монгол Улсыг залуучуудын орон хэмээн нэрийддэг ч өнөөдрийг хүртэл тэдэнд чиглэсэн төрийн бодлого, хууль тогтоомж байсангүй. Өөрөөр хэлбэл, залуучуудын өмнө тулгамддаг олон асуудал шийдлээ хүлээж байгаа юм. Тиймээс залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн хүчин зүйлийг хуульчилж өгөхөөр дээрх хуулийн төслийг боловсруулсан. Долоон бүлэг, 24 зүйлтэй уг хуулийн төсөл 15-34 насны залуучуудын шийдвэр гаргах түвшин дэх оролцооны хэлбэрийг тодорхойлох юм.

С.Мөнгөнчимэг: Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийг байгуулна

Энэхүү хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага нь юу вэ?

-Энэ хуулийн төслийг манай яамнаас олон талт судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, Монголын залууст тулгарч байгаа түгээмэл асуудлууд гээд зайлшгүй харгалзан үзэх олон хүчин зүйлийг судалж боловсруулсан юм. Зайлшгүй цогц бодлого гаргах, хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай болох нийгмийн шаардлага бий болж байна. Хэдий залуучуудын гэх нэршилтэй боловч улс орны хөгжлийн зангилаа асуудлууд багтаж байгаа нь энэ хуулийн амин сүнс гэж хэлж болно.

Манай улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насныхан, нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Дэлхийн бусад оронтой харьцуулахад хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу бүтэцтэй улс гэсэн үг. Залуучууд улсынхаа нүүр царай төдийгүй бүтээгч томоохон хүч. Ажиллах хүчний гол нөөц. Соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлж, цаашид дамжуулагчид шүү дээ. Тиймээс аль болохоор л залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлж, тэднийгээ хөгжүүлж, боловсролтой, ажилсаг, эх оронч, бүтээлч болгох тусам хөгжлийн хурдад хүч нэмнэ.

Манай улсын хувьд “Хүн ам зүйн цонх үе” тохиож байгаа. Тодотгож хэлбэл, хөдөлмөрийн насныхан хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ онцлогийг түшиглэсэн тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, “цонх үе”- ийг зохистой ашиглаж чадвал бүтээмж нэмэгдэж, хуримтëал зузаарч, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд авчирч чадна.

-Өнөөдрийн байдлаар төрөөс залуучуудыг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай улс төрөөс залуучуудыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 1998-2005 онд “Залуучуудын үндэсний хөтөлбөр”, 2006-2015 онд “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”- ийг тус тус хэрэгжүүлсэн. Гэхдээ одоогоор залуучуудад чиглэсэн цогц бодлого, хөтөлбөр алга.


-Хуулийн төсөлд залуучуудыг хэрхэн дэмжихээр тусгасан байгаа вэ?

-Залуучуудыг халамжлах, халамж хүртээх гэхээсээ илүү хөдөлмөрлөх, бүтээх, хөгжүүлэхэд чиглэсэн, дэмжсэн хууль гарах юм. Монгол Улсын иргэн 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд энэ хууль үйлчилнэ. Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан байгаа.

Төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэгийг хуульчилна
Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийг байгуулна. Ингэснээрээ залуучууд шийдвэр гаргах түвшинд оролцох үүд нээгдэнэ. Төрөөс хувь хүний хөгжил, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн чиглэлээр дэмжлэг үзүүлэх юм. Сургалтын хөтөлбөрт амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хичээлийн агуулгыг тусгана. Залуучуудыг хувиараа бизнес эрхлэх, гарааныхаа бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэхийн тулд цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучууд хүсэлтээрээ суралцаж болно.

-Залуучуудад орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх үү?

-Хуулийн төслийг боловсруулах хүрээнд 10 мянга орчим залуучуудын дунд түүвэр судалгаа хийхэд 10 залуу өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байсан. Энэ хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
САНАЛ БОЛГОХ