Хуулийн цоорхойгоор “гоожиж” буй шар металл

ЗГМ: Сэдэв


Алт олборлогч компаниуд татвараас зугтаж байна

Шар металлаар мөнгө олдог үе ид тохиож байна. Жил бүрийн 8-10 дугаар сард алт олборлогчид улсын төсөвт багагүй хөрөнгө оруулдаг. Ялангуяа, алтны татвар 68-аас 2.5 хувь болтлоо буурсан өнөө үед шар металл хамгийн өгөөжтэй бизнесийн тоонд орж байна. 2014 онд алт олборлогчдоос зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж 2.5 хувийн татвар авдаг болсон. Түүнчлэн, дэлхийн зах зээлд алтны ханш тогтмол өсөх хандлагатай байгаа нь ч дэм болж буй. Оны эхэнд нэг грамм алт 99 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 100.6 мянган төгрөгт хүрлээ. Алт тушаалт жилд 2.1 тоннд хүрч шалдаа бууж байсан 2006 онтой харьцуулахад энэ салбар цэцэглэж буй. Өнгөрсөн онд гэхэд аж, ахуйн нэгж байгууллагууд 18.3 тонныг Монголбанкинд тушаажээ. Гэвч их мөнгөний бизнес болсон алт олборлолтод хуулийн цоорхойг ашиглаж, татвараас зугтах явдал ажиглагдах боллоо.

“Найман шарга” төв буюу валютын хар зах дээр компаниуд хувь хүний нэрээр алт тушаах явдал газар авчээ. Энд 10 гаруй ченж алт авч байна. Тэд Монголбанкны албан ханшаас 1000-2000 төгрөгөөр хямд авдаг ч явдал, чирэгдэл бага тул иргэд, байгууллагууд алтаа зарах дуртай байдаг аж. “Найман шарга”-ын ойролцоо үнэт эдлэлийн ломбард ажиллуулахын зэрэгцээ алт худалдаж авдаг Б-тэй уулзахад “Өнгөрсөн жилтэй харьцуулахад компаниуд иргэний хувиар алт тушаах нь эрс нэмэгдсэн. Иргэд ихэнхдээ хэдэн зуун грамм, эсвэл цөөн кг-аар авчирдаг. Харин байгууллагууд 10 болон түүнээс дээш кг-ыг тушаадаг. Компаниуд их хэмжээний алт авчирч байгаа тул манайх өдөрт 10, сард 40 орчим кг алт авч байна. Өмнө нь долоо хоногт 10 кг хүрдэггүй байсан” гэлээ. Тэрбээр олон жил алтны ченж хийж буй тул үйлчлүүлэгчдээ анддаггүй аж. Тиймээс хэн нь компанийн өмнөөс алт зарж буйг түвэггүй ялгаж чаддаг гэдгээ нэмж хэлэв. Зөвхөн “Найман шарга” гэлтгүй алт худалдан авч буй Монголбанк болон бусад арилжааны банкуудад ч энэ үзэгдэл газар авчээ.

Ийнхүү алт олборлогч компаниуд иргэдийн дүрд “хувирч” буй нь цаанаа учиртай. Манайд жилд гурван тэрбумаас дээш төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжээс 25, үүнээс бага бол 10 хувийн татвар авдаг хуультай. Тиймээс алт олборлогч компаниуд энэ татварыг төлөхгүйн тулд эзэд нь иргэний хувиар алтаа зарж буй нь энэ. Байгууллагын нэрээр бол ашигт малтмалын нөөц ашигласны 2.5 хувиас гадна орлогын 25 хувийн татвар нэмж төлнө гэсэн үг. Хэрэв иргэний хувиар тушаавал зөвхөн 2.5 хувийн татвар төлдөг байна.

Аж ахуйн нэгжүүд татвараас зугтаж буйг тоон мэдээлэл ч илтгэж байна. Сүүлийн жилүүдэд алтны ханш өссөнөөр энэ салбарын аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж, хөл дээрээ босох таатай нөхцөл бүрдсэн. Гэвч компаниудын алт тушаалт өсөхгүй, эзлэх хувь нь нэмэгдэхгүй байгаа юм.

68 хувийн татвар авдаг байсан 2013 онд Монголбанкинд ердөө хоёрхон иргэн алт өгсөн байх юм. Гэтэл татварын хэмжээг 2.5 хувь болгож багасгасан 2014 онд 130 болж өссөн. Харин 2016 онд 2000 гаруйд хүрчээ. Өнгөрсөн онд Монголбанкинд ирсэн нийт алтны 61 хувь буюу 11 тонныг иргэд тушааж, үзүүлэлт нь аж ахуйн нэгжүүдийг давжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөг. Үүнээс 21 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт шилжүүлсэн байна. Иргэдийн нэр дээр бүртгэлтэй алт тушаалтын хэмжээ цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.

Нөгөө талаас нь өнгийвөл, 25 хувийн орлогын албан татвар гэдэг өндөр хэмжээ. Компаниуд энэ татварыг шударга бус гэж шүүмжилдэг тул үүнээс зугтах нь зүй бус үйлдэл гэж үздэггүй аж. Гэхдээ зөвхөн алт бус манай улсын бусад салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд энэ татварыг төлж буй. Бусад нь хуулиа даган мөрдөж байхад алтныхан л үүнээс зугтаж буй нь шударга бус.

“Найман шарга” төвийн ченж С “Хувь хүн, “нинжа” нар ихэвчлэн бага хэмжээний алт зардаг. Харин компаниуд 10 болон түүнээс дээш кг-ыг тушаадгаараа ялгардаг. Гэхдээ зарим тохиолдолд алтны компаниуд бага хэмжээгээр ч авчрах тохиолдол бий. Ер нь яаж зохицуулахыг сайтар бодох ёстой” гэсэн санал хэлсэн юм. Харин албаны зарим хүн үүнийг татварын шатлал болон аж ахуйн нэгжүүдийн татварын хяналтаар зохицуулах боломж бий, эсэхийг нэн даруй судлах шаардлагатайг санууллаа.

Уг нь “Алт” хөтөлбөрийн ач тус их. Алтны нөөц нэмэгдсэнээр валютын ханш харьцангуй тогтворжсон. Түүнчлэн, энэ үнэт металлын худалдааны эргэлт сайжирч, хууль бусаар хил давуулах нь эрс багассан. Өнгөрсөн онд төв банкинд тушаасан алт 18 тоннд хүрсэн нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Гэхдээ алтны татварыг 2.5 хувь болгосон 2014 оноос хойш энэ шударга бус үзэгдэл газар авч байна. Холбогдох яам, байгууллагаас яаралтай арга хэмжээ авч, зохицуулалт хийхгүй бол өөрсдөө татвараа үнэнч шударгаар төлье гээд гүйгээд ирэхгүй нь лавтай. Энэ хуулийн цоорхойг овжин ажиглаж буй алт олборлогч компаниуд зах зээлд шударга бусаар өрсөлдөж буйг өөгшүүлж боломгүй. Манай улс 2020 онд алт олборлолтоо 25 тоннд хүргэх зорилт тавьж, улсын төсвийн орлогыг эхний зузаалахаар зорьж буй. Улсад бүртгэлтэй 608 шороон орд нийт 200 гаруй тонн алтны нөөцтэй. Үүнээс 74 үндсэн ордод 199 тонн нөөц бүртгэгдсэн судалгаа ч бий. Дэлхийн зах зээлд шар металлын үнэ өсөж буй энэ үед улсын төсөв, эдийн засгаа өөд нь татах таатай боломж нээгдэж байна. Гэтэл ихэнх аж ахуйн нэгж хуулийн цоорхой, сул талыг овжин ашиглаж, татвараас зугтаж буйг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, даруй зохицуулалт хиймээр байна.



САНАЛ БОЛГОХ