Арилдаггүй хар сүүдэр

ЗГМ: Сэдэв


Монголд болсон хэлмэгдүүлэлтийг “экспортолсон” гэж тодотгох нь бий

1937 оны есдүгээр сарын 10- ны орой Цэргийн яамны удирдах ажилтнуудыг одон тэмдгээ зүүж, ёслол төгөлдөр хувцаслаад дотоод явдлын яаманд цуглахыг тушаажээ. Юу болох тухай таамаггүй байсан тэдний одон тэмдгийг энгэрээс нь хуу татаж, бичиг баримт, буу, сэлмийг нь хураан шорон руу ачив.

Үүний дараа тус яамны ажилчид үүр цайтал гадуур явж, төрийн сайд, намын удирдах албан тушаалтан болох 65 хүнийг дээлийг нь нөмөргөн гэрээс нь баривчилжээ. Ингэж олон жил Монголчуудыг гашуун зовлонд унагасан их хэлмэгдүүлэлтийн шуурга эрчээ авсан. Өдгөөгөөс 80 жилийн тэртээ “Хэрэгтэн өөрөө хэргээ хүлээхээс өөр сайн нотолгоо байхгүй” гэсэн “онол”-оор Монгол эрчүүдийн 15 орчим хувийг хэлмэгдүүлж, 17 мянга гаруй ламыг хөнөөсөн энэ хэргийн учир шалтгаан юу байсныг эргэж нэг харъя.

Ихэнх судлаач хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан үзэл сурталд хэт автсантай холбоотой хэмээн тайлбарладаг. Эв хамтач нийгэм байгуулах гэсэн ЗХУ-ын удирдлагуудын хүсэл, Монголчуудын оюун санаанд хэдэн жилийн өмнөөс суусан хөрөнгөтнийг үзэн ядах сэтгэлгээ хэлмэгдүүлэлтийн хамгийн гол хөдөлгөгч хүч байсан гэж судлаачид үздэг. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн судлаач, доктор, профессор С.Л.Кузьмин “Хэлмэгдүүлэлтийн гол үндэс нь үзэл суртал байсан. Леннизм, марксизмын онолд бусад үзэл суртлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ онолоор монголчуудыг хүмүүжүүлэх гэсэн оролдлого байсан. Үүнээс өмнө хаант засаглалтай Орос улс монголын уламжлалт байдлыг хүндэтгэх бодлого барьж байсан” гэв.

Гэвч түүхэн цаг үеийг бас бодолцох ёстой. Манжийн дарлалаас 200 жилийн дараа гарсан монголчууд арайхийн сэргэж байх үед ЗХУ-ын удирдагч В.И.Ленин таалал төгсөж, түүний залгамж халааг В.И.Сталин авсан. Тэрбээр зөвхөн Монголд ч бус Украин, Польш, солонгос, Турк, Финланд, Болгар, Грек зэрэг орон ч хэлмэгдүүлэлт явуулсан. Түүний харгис бодлогын уршгаар эх орных нь 4-10 сая иргэн амиа алдсан бол дэлхий даяар 15 сая орчим хүн хэлмэгдсэн гэж үздэг. Тиймээс монголд болсон хэлмэгдүүлэлтийг “экспортолсон” гэж тодотгох нь бий.

Харин ХБНГУ-ын судлаач, доктор, профессор Удо Баркман “Монгол орны гадна, дотор дайсан бий болсон гэх зохиомол айдсыг ЗХУ-ын удирдагчид бий болгосон. Эхлээд дайснууд Ардын засгийг унагах гэж байна хэмээн мунхруулсан. Дараа нь Японы тагнуул, хөрөнгөтний гар хөл зэрэг зохиомол үзэн ядалтыг бий болгож, айлган сүрдүүлэх аргыг чадамгай ашиглажээ. Айдас, үзэн ядалт, сэтгэл хөдлөл нийлээд хувьсгалыг ийм түвшинд хүргэсэн” гэв.

Аливаа төрийн эргэлт, цус урсгасан хувьсгалын хөдөлгөгч хүч нь хэт туйлшрал. геополитик, цаг үеийн зайлшгүй нөхцөл байлаа ч олон түмний бусдыг даган дуурайсан, үзэл сурталд хэт автамтгай байдлаас шалтгаалан улам гүнзгийрч, гаардгийн жишээ бол хэлмэгдүүлэлт. Академич Ж.Болдбаатар “Бид хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгааныг сайн ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй. Түүхэн цаг үед болсон үйл явдалд өш хонзон санах арга байхгүй. Харин үүнээс гашуун сургамж авч улс төрийн элдэв хэрүүл маргаан, хагаралдаанаа хазаарлах ёстой.

Их хэлмэгдүүлэлт бол В.И.Сталины гар хөл болсон Г.Г.Ягода, Н.И.Ёжов, Л.П.Берия нарын ЗХУ-д явуулсан харгис үйл ажиллагааны шууд хуулбар байсан” хэмээн онцлов. Их хэлмэгдүүлэлтийн үед 25,824 хүн баривчлагдаж, шийтгүүлсэн. Үүнээс 20,822 хүнд цаазын ял оноожээ. Мөн 5103 хүнд 10 жилээс дээш, 240 хүнд арав хүртэлх жилийн ял өгсөн. Харин дөнгөж долоохон хүнийг сулласан байдаг. “Хэргээ өөрөө хүлээхээс илүү сайн нотолгоо” байхгүй гэсэн “онол”-ын дагуу хүний санаад оромгүй харгис аргуудыг хэрэглэж байсан талаар судлаач, түүхчид хэлж байна. Монгол хүнийг монголоор нь хөнөөлгөж, түүх соёлыг нь өөрсдөөр нь сүйтгүүлсэн түүхэн сургамжийг мартаж болшгүй.

Үүний уршгаар гэрээсээ дээлээ нөмрөөд гарсан эрчүүдийн хойно ар гэр, амьдралаа авч явах том ачааг эмэгтэйчүүд үүрсэн. Эцэг, эхээс өвлөсөн зүйлгүй, дутуу амьдралд өссөн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн ихэнх нь уруу дорой амьдарч байгаа талаар албаны эх сурвалж хэлэв. Гэвч улс төрийн хэлмэгдэгсдийг жилд нэг удаа ийнхүү дурсахаас биш тэдний үр хүүхдэд бодит тусламж өгч чадахгүй байгаа нь харамсалтай. Бусдын үзэл суртлаас “ургаж”, олон мянган хүний амьдралд бараан толбо бол сон хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт нар хэзээ ч тусахгүй биз ээ.


ЗГМ: ТОДРУУЛГА
Нөхөн олговорт 16.3 тэрбум төгрөг олгосон
Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Ц.Ууганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд ямар нөхөн олговор олгож байна вэ?
-1937 онд хэлмэгдүүлэлт өргөн далайцтай өрнөснөөс хойш 80 жил өнгөрчээ. Эцэг, эх, ураг төрлөө алдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүсийн хохирлыг зуун хувь барагдуулж чадаагүй л байна. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд сургуульд сурч, боловсрол эзэмшиж чадалгүй дам хохирсон. Ихэнхийнх нь амьдрал доройтсон. Тэр дундаа орон сууцгүй хүн олон байна. Цагаатгалын тухай хуульд орон сууц болон бусад дэмжлэг үзүүлэхээр тусгасны дагуу ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийн нөхөн олговор өгсөн бэ?
-Энэ оны долдугаар сарын байдлаар гэр, орон сууц, мөнгөн олговор зэрэг 16.3 тэрбум төгрөгийн тусламжийг 18,200 гаруй иргэнд олгосон. Үүнээс амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, түүний гэр бүлийн хүн гээд 361 иргэнд орон сууц болон түүнтэй дүйцүүлсэн 3.3 тэрбум төгрөгийг олгоод байгаа.

-Манай улс нөхөн олговрыг ямар журмаар өгдөг вэ?
- Хэлмэгдсэн гэж үзэж байгаа бол эхлээд шүүх байгууллагын тогтоолоор цагаатгах ёстой. Цаазлагдсан, хорих ял эдэлсэн бол дээд шүүх, шалгагдаж байсан бол прокурорын байгууллагад, намын болон бусад төр захиргааны шийдвэрээр нутаг заагдсан бол орон нутгийн шүүхдээ гомдол гаргадаг. Үүний дараа нөхөн олговор олгох баримт бичгийг бүрдүүлээд шүүхэд хандана. Одоогоор манай улсад нэг удаа л нөхөн олговор өгөх зохицуулалттай.

Манай улсад 1940 оноос зарим хүнд хураагдсан хөрөнгийг нь буцаан олгох, тухайн үеийн үнэ ханшаар дүйцүүлэн хохирлыг нь барагдуулсан. 1990 онд хэлмэгдсэн хүний ажилласан жилийг нь нэмэх, цэргийн албан хаагч бол хоригдож байсан хугацааг нь ажилласан жилээр тооцох зэрэг шийдвэр гаргаж байсан.

-Бусад оронд хэлмэгдэгсдийн хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?
-Янз бүр. Зарим нь сар бүр нөхөн олговор өгдөг. Мөн тэтгэврийн хэмжээг нь тодорхой хувиар нэмэх зэргээр дэмжлэг үзүүлдэг.

-Нөхөн олговрыг хэрхэн тоогдог юм бэ?
-Хэлмэгдүүлэлтийн үед хураасан хөрөнгийг иргэний журмаар л нэхэмжлэх боломжтой. Цагаатгалын тухай хуульд нөхөн олговрыг ингэж олгоно, хураагдсан хөрөнгийг тэгж тооцно гэсэн зүйл, заалт байдаггүй учраас хүндрэл учирдаг. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ төсөлд зөвхөн хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд олгох нэмэлт нөхөн олговрын асуудлыг тусгасан. Өмнө нь орон сууц авч байсан бол нөхөн олговрыг давхцуулж олгохгүй. гэхдээ энэ төсөл УИХ-аар батлагдаж, эцсийн байдлаар шийдэгдээгүй гэдгийг дахин хэлье.


САНАЛ БОЛГОХ