“Mусульман хүн Chevrolet машин унаж болохгүй”

Судлаачийн үг


Арабын хойгт хоёр шашин байж огт таарахгүй хэмээн зөнч Мухаммед гэрээсэлсэн

Apаб ертөнц, Сири, Ирак, Йеменд өрнөж буй дайн мөргөлдөөний талаар уншигчдыг залхаатал мэдээлжлээ. Сонирхохоо ч больжээ. Харин Европ, Орос, Төв Ази, Зүүн өмнөд Ази руу халдварлан тархах нь нэн аюултай гэдэгт монголчууд маань анхаарлаа төвлөрлүүлэхгүй нь харамсалтай. Иймээс өөр өнцгөөс хөндөх гэж байна. Гарц үг. Жендерийн тэгш байдал, хувь хүний эрх, хувь хүний хөгжиж дэвжих эрх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, хэвлэлийн эрх чөлөө нь лалын олон зарчмуудаар хязгаарлагдана. Үүнийг Саудын Арабт алхам тутамдаа мэдэрч болно. Асуулт. Хэрэв Ромын Пап загалмайн шашинтны нутагт, Европт мечетүүдийг устгаж үгүй болгох тушаал буулгавал яах вэ гэсэн асуултыг сөргүүлж тавибал яах вэ? Хариулт. “Энэ бол тэвчишгүй”, “жинхэнэ фанатизм”. Тэгвэл Сауд Арабын муфтийн (лалын шашны их хамба) уриалга нь 2011-2012 онд Араб, Ойрхи Дорнодын орнуудад шашны шинэ хямралын эхийг тавьсан ба тэр нь ч одоогийн их гамшгийн уг сурвалж нь юм. Намайг Египетэд ажиллаж байх ахуйд өрнөсөн “Арабын хавар” гэх ардчилсан хувьсгалын эхний дүн нь Египетэд парламентын хоёр танхимыг сонгосноор хэрэгжсэн. Хууль тогтоох хоёр танхимд олонхи болж чадсан исламист намууд тус оронд мусульманчууд, христианчуудыг хооронд нь ёстой гал авалцуулсныг харж мэдэрч байсансан. Египет ба Африкийн христиан– коптуудын шашны пап хамба лам гуравдугаар Шенудийг эмгэнэн гашуудаж байсан тэр өдрүүдэд шашин хоорондын тэмцэл мөргөлдөөн огт дэгдээгүй мэт ийм суртал хүчтэй тархаж байлаа.

“Лалын ахан дүүс”-ийн лидертэй III Шенуд нь үе үе уулздаг байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд “Лалын ахан дүүс”-ээс сойх нэр дэвшигчийг Египетийн коптууд үг дуугүй дэмжих болно хэмээн III Шенуд мэдэгдэж байсан зэрэг нь лалынхан бусад шашиндаа хүндэтгэлтэй ханддагийн илрэл, шашин хоорондын эвлэрлийн нотолгоо хэмээн мэдэгдсээр байсан боловч хэрэг дээрээ эсрэгээрээ үйл явдал тэс өөрөөр өрнөж байсансан. Амьдрал дээр бүр эсрэгээр эргэв үү гэлтэй үйл явдал хэвлэлээр ил болсоор байлаа. Саудын Арабын Дээд муфтий шейх Абдул Азиз Аль-Ашейх гэгч нөхөр христосын сүмүүдийг нурааж устгах хэрэгтэй хэмээн мэдэгдэж, Арабын хойгоос загалмайн шашинтнуудыг хөөж гаргахыг уриалснаар Египетийн лалын мухар сүсэгтнүүд лалын шашныг завхруулах замдаа эргэлтгүй орсон юм. “Лалын өвийг сэргээх нийгэмлэгийн сан” гэгч Кувейтын байгууллагын төлөөлөгчдийг Рияд хотод хүлээн авч уулзахдаа муфтий Аль-Ашейх ийнхүү уриалсан ба шариатын тухай яриа нь хэтрээд ийм зүйл хэлэхэд хүргэсэн байв. Кувейтын парламентад олонхи болсон исламистууд тус орноос христианчуудыг гаргах, тэдний сүм хийдүүдийг арчиж үгүй болгох мэдэгдэл хийж, бүр парламентаасаа тусгай тогтоол хүртэл гаргуулчихсан байсансан.

Тэр нь тус улсад алдаг оног ажилладаг ганц нэг сүмийг (байхгүйтэй адил) устгах тухайд бус, ирээдүйд огт бариулахгүй гэсэн санаагаар хэлэгдсэн үг ба ерөөсөө Арабын хойгт биетэй бодитой, ажиллаж буй христосын сүмүүд байхгүй атал Аль-Ашейх, кувейтын хууль тогтоогчид ийнхүү заналхийлсэн мэдэгдэл хийж хийрхэх болсон нь христианчуудаар “хахаж байгаа” Египет рүү хандсан уриа дуудлага болж хувирсан даа. Монголтой маш найрсаг харилцаа бүхий, ахан дүүс болох шахсан Кувейт Улсыг жишээлж байгаадаа харамсаж байвч яалт ч үгүй тэгсэн юм. Манайхан мөнгө цаас гуйчих санаатай, өгчих болов уу хэмээн горьдлого тээдэг Булангийн орнуудад шашны нэг талын эрх чөлөө, шашны мухар сүсэг дооз нь хэтэрнэ үү гэхээс хэвийн хэмжээнд бус. Тэгээд ч шиит шашинт Ирантай хэзээ мөдгүй дайтахаар зэхсэн өнөө цагт хэдэн жилийн өмнөх нүцгэн баримтуудыг сөхөж тавьж байна. Саудын Арабт лалаас өөр шашныг тас хориглосон, Үндсэн хууль, бусад хуулиудыг шариат орлодог боловч албан бус зарим мэдээгээр христианчууд зохих тоогоор байгаа гэсэн.

Америкийн хүсээд байгаа тэр ардчилал худал хуурмаг зүйл гэж Мубарак хэлсэн
Арваад жилийн өмнө нэг тооллого хийжээ. 2008 оны албан бус бүртгэлээр бол 800 мянган католик (бараг бүгд гадаадын ажилчид) байж, тэд нь өөрийн гэх мөргөлийн сүмгүй, зөвхөн гэр гэртээ шашны цагдаагийн хатуу хяналтад эр эмээрээ ялгарч, ганц ганцаараа мөргөдөг гэж бичсэнийг би олж үзсэн. Христиан-этиоп ажилчид нэг дор олуулаа мөргөл үйлдэж байгаад цагдаад баригдан ял авсан буюу хөөгдөж гарсан тохиолдол ч олон. “Арабын хойгт хоёр шашин байж огт таарахгүй хэмээн зөнч Мухаммед гэрээслэсэн тул мечетээс өөр ямарваа сүм хийд байх тухай яриа огт байшгүй” хэмээн муфтий Аль-Ашейх хэлснийг тухайн үед египетийн исламистууд, салафитууд ихээхэн олзуурхан авч шуугиулж байхыг би нүдээрээ үзсэн. Дээд Египетийн Асьют мужид (Нил мөрний эхээд) явагдсан нэгэн шүүх хурлыг тухайн үед хэвлэлээр мөн ч их шуугиулсан. Үнэндээ саудын хамбын лүндэгдсэнийг дэвэргэсэн уур амьсгалд болж өнгөрсөн шүүх хурал.

Тэндхийн нэгэн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч христиан–копт нөхрийг зургаан жилээр “баяр ёслолын байдалд” яллаж байв. Ялын тогтоолын дараа лалын шашны завхруулга бүр ч газар авч байлаа. Макрам Диаб гэдэг нэртэй тэр багш их зөнчийг доромжилсон хэрэгт унажээ. Шүүхээс ялласан ялын тогтоол нь хөнгөдлөө, заавал цаазаар аваачих ёстой хэмээн хийрхсэн хутга мэс агссан 2000- 3000 мусульманчууд шүүхийн ажлыг үлэмж хүндрүүлж, танхимд давшлан орж мөргөлдөөн дэгдээж байв. Зөнч Мухаммедыг доромжилсон гээд буй тэр үйлдэл нь хоёр багшийн ажил хэргийн маргаанаас үүдэлтэй байсан ба хичээлийн эрхлэгч христиан–копт нь өөрийн нэг багштай маргалджээ. Цаад нөхөр нь салафит байснаас хэрэг манджээ. Хэрүүлээ мартаад 13 хоног өнгөрөөд байтал өөр нэг мусульман багш цагдаад хандаж гомдол мэдүүлж, нэмж 11 мусульман багш гарын үсэг зурснаар М.Диаб баривчлагдсан хоригдсоноор түүх цааш өрнөлөө. Диабын өмгөөлөгч нь мусульман хуульч байснаас улам хүндэрч, цаад өмгөөлөгч Ахмад Саид Габали гэгч өөрөө ял авчихалгүй арай гэж салжээ.

Шүүх хурал болох сургаар тус орны өнцөг булан бүрээс 80 гаруй өмгөөлөгч (лалын шашны хуульчид бололтой) Асьют руу очиж, хурлын танхимыг дүүргээд мусульман өмгөөлөгч Саид Габалийг олон талаас нь дайрч давшлан өмгөөлүүлэхгүй байсан ба Саид Габалийн хэлснээр шүүхийн 15 ажилтан, цагдаагийн хэсэг л тэр олон мянган хийрхсэн мусульманчуудыг дөнгөн данган торгоож байсан бололтой. Диабыг шүүсэн биш, тийшээ очсон тэр олон мусульман хуульчид төр засгаа төлөөлөн ганц чухал (өөрсдийнх нь хувьд) шийдвэр гаргаад байв. Тэр нь юу гэвэл, үүнээс хойш мусульман өмгөөлөгч лал биш гэмтнийг өмгөөлөхгүй байхаар болгожээ. Саудын муфтийтэй дуу дуугаа авалцан Египетийн лалын шашны тэргүүний бас нэг зарлиг нийтлэгдэж шуугиан тарьж онигоо болсон. Үүнээс хойш түүнээс цааш мусульман хүн америкийн Chevrolet машин унаж болохгүй, жолоодож болохгүй, бүр сууж ч болохгүй болжээ. Учир нь гэвэл Chevrolet-ийн марк (лого) нь “христианчуудын хэрээс”-тэй төстэй, тийм дүрсийн тэмдэг болж таарсан. Лалын шашны их хамбын зарлиг Египет даяар гайхаш төрүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллээр бараг доог тохуу болж байсныг сайн санаж байна. Дэлхийд нэр нь түгсэн, 100 гаруй жилийн түүхтэй Chevrolet-ийг Египетэд маш олон сая мусульман хэрэглэдэг, алба амины, аж ахуйн зориулалтаар ихээхэн ашигладаг, тэгээд ч тэр марк лого нь мөн 100 гаруйн жилийн түүхтэй, 100 жил хэрэглэгдсэн хэрээсэн логог дөнгөж өчигдөр олж харав уу хэмээн ТВ-ийн нэртэй хөтлөгч Амр Адиб элэглэн асуусан нэвтрүүлэг цацагдаж байлаа.

Алба амины маш их ажил залгуулж буй машины логотой ноцолдохоос илүү маш их асуудал нийгэмд, улс оронд тулгараад байна шүү дээ гэсэн санаа тэр нэвтрүүлгээр нэлээд цухалзсан даа. Энд би юу гэж хэлэх гэв? Зөнчийг доромжилсон хэрэгт гэмгүй христиан зургаан жилийн ял сонссон нь иймэрхүү шүүх хурлуудын эхлэл, хэлмэгдүүлэлтийн эхлэл, парламентын сонгуульд “Лалын ахан дүүс” ялсны үр дүн амьдрал дээр хэрэгжиж байгаагийн илрэл хэмээн дүгнэж байсан нь хожим бүр нотлогдсон. Ганц Египет гэлтгүй бослого тэмцэлд нэрвэгдсэн Арабын бусад улс, бүс нутгуудад исламистууд, салафитууд, улмаар мусульманчууд өөр шашныхантай зөрчилдсөн муудалцсанаа яаж ч мушгиж эргүүлж болох тийм таатай нөхцөл тэдний хувьд бүрдсэн юм. Тэр нь ч нийгмээсээ аяндаа дэмжигдэх нь харагдсан. “Исламын улс”-ын мэдэлд байсан бүс нутгуудад ихэнх цааз голдуу бусад шашинтныг егүүтгэж дууссан. Египетийн Ерөнхийлөгч Х.Мубарак огцрохынхоо яг өмнөхөн Израилийн Кнессетийн депутат Биньямин Бен-Элиэзертэй утсаар ярьсан яриа Израилийн ТВ-ээр нэвтэрснийг олж үзсэн. Сайтуудад ч байгаа. Тэр яриаг анхлан Reuters агентлаг дэлхийд цацсан. Түүний ярьснаар бол Ойрхи Дорнодод ардчилал ялтал мөдгүй, бараг ялах ч үгүй, ардчилал ялна гэсэн худал хуурмаг ярианд итгэх хэрэггүй. Америкийн хүсээд байгаа тэр ардчилал бол худал хуурмаг зүйл хэмээн Мубарак шууд хэлсэн л дээ. “Ойрхи Дорнодод явуулж буй АНУ- ын бодлого эцсийн бүлэгтээ экстремизм, радикал лалын ялалтад хүргэнэ.

Иранд Засгийн газрыг солих гэж оролдоод лалын диктатур л тогтоосон, Газын зурваст сонгууль явууллаа гэсэн чинь террорист ХАМАС байгууллагыг ялуулчихсан” хэмээн Мубарак ярьж байсансан. Дэглэм суларсан, нурсан арабын бүх оронд исламистууд идэвхжинэ хэмээн Мубарак ёрлож байсан нь өнгөрсөн хэдэн жил яалт ч үгүй нотлогдсонд хэргийн учир оршиж байна. Авторитари дэглэмтэй, тахин шүтэх тогтолцооотой, нэг хүний эрхшээлд байдаг төржсөн ганц намтай байсан Арабын орнуудад (Египет, Тунис, Йемен), эсвэл нэг хүний дарангуйлалтай, хэмжээгүй эрхт хаант засаглалтай Арабын орнуудад (Ливи, Бахрейн, Саудын Араб гэх мэт) барууны консерватив, баруун төвийн, либерал, зүүн төвийн социалист, коммунист намуудыг тас хориглож, тийм намуудыг огт төлөвшүүлээгүй ирсэний гайгаар дэглэм солигдлоо гэхэд улс төрийн орон зайг исламистууд орлож гарах бүрэн магадлалтай, “Ойрхи Дорнодод ардчилал ялтал мөдгүй, бараг ялах ч үгүй” хэмээн Мубаракийн онож хэлсэн үг улам бүр нотлогдсоор байгаа бус уу?

САНАЛ БОЛГОХ