Хурандаа аавын хурандаа охин

ЗГМ: Сэдэв


Зэвсэгт хүчний арын албыг бүсгүйчүүд авч явдаг

Зэвсэгт хүчний түүхэнд эмэгтэй хурандаа нэгээр нэмэгдлээ. Шинэхэн хурандаа Х.Эрдэнэчимэг Энхийг сахиулах ажиллагааны хангалт, арын албанд зүтгэдэг. Цэргийн гэр бүлээс гаралтай, салбартаа 23 жил ажилласан тэрбээр ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Энхийг дэмжих ажиллагааны ар тал хангалт, дэмжлэгийн тасгийн даргаар ажилладаг. Монголын тав дахь эмэгтэй хурандаа болсон түүнийг Монгол цэргийн баярыг тохиолдуулан зочноор урилаа.

-Хурандаа цол хүртсэнд тань баяр хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Баярлалаа. Би 1995 онд Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн анхны эмэгтэй офицеруудын нэг. Аав, ээж маань Сүхбаатар аймгийн хүмүүс. Хоёулаа цэргийн хүн болохоор бага нас маань цэргийн хотхонд өнгөрсөн. Ээж цэргийн эмчээр 20 жил, аав артиллерийн салбарт 33 жил ажилласан. Ер нь би төрсөн цагаасаа эхлээд цэргийн хүмүүсийн дунд амьдарч байна. Бага байхад аав, ээж маань Төв аймгийн Сэргэлэнгийн дивизэд ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны 256 дугаар анги руу томилогдсон.


Аавын ажил өөрчлөгдвөл миний сургууль бас өөрчлөгддөг байлаа. Би Өвөрхангай аймгийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд Батлан хамгаалахын их сургуулийн эдийн засгийн ангид орсон юм. Тухайн үед анх удаа арын албанд эмэгтэй сонсогч авч байсан учраас охид энэ мэргэжлийг их сонирхож байлаа. 600 хүүхдээс шигшигдээд нэгдүгээр байрт орж байсан шүү.

-Таныг буудлагын төрлийн олон медаль, шагналтай гэж сонслоо. Ямар амжилт гаргаж байв?
-Батлан хамгаалахын сургуульд цэргийн ерөнхий эрдмийн хичээл үздэг. Эрчүүдтэй адил буудах, давших тактик заалгасан. Сонсогч болсноосоо хойш буудлагыг илүү сонирхдог болж, олон тэмцээнд оролцсон. Би 9мм PM гар буугаар мэргэшсэн л дээ. Зэвсэгт хүчний армийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2003 онд түргэн буудлагын алтан медаль авч байсан. Саяхан жанжин штабын газар, хэлтсүүдийн дунд болсон “Цол бүхэн сайхан” тэмцээнд манай дэд хурандаа нарын баг хоёрдугаар байрт орсон.

-Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ? Эмэгтэй хүнд хэцүү мэргэжил шиг санагддаг.
-Багадаа бусад охидын адил дуучин, бүжигчин болно гэж мөрөөддөг л байсан. Харин дунд сургуульдаа орос хэлний гүнзгий сургалттай ангийг төгссөн учраас хэлний чиглэлээр сурна гэж боддог байлаа. Гэхдээ л хувь заяаны эрхээр цэргийн хүн болсон доо.

-Таны аав хурандаа хүн. Зэвсэгт хүчний алба хаагч болоход аав тань нөлөөлсөн үү. Ер нь хурандаа аав охиндоо юу гэж захидаг вэ?
-Миний аав артиллерийн хурандаа Г.Халтар гэж хүн бий. Одоо 70 нас шүргэж яваа гүндүүгүй сайхан хүн. Аав маань ажил дээрээ их ширүүн харцтай, чанга хатуу дарга байдаг бол гэртээ огт өөр хүн болчихдог. Тэг, ингэж гэж шаарддаггүй, ямагт үлгэр жишээ үзүүлдэг ер бусын хүн. Ер нь цэргийн дарга гэдэг онцгой алба. Би зөөлөн зантай хүн гээд өөрийнхөөрөө байж болдоггүй. Алба л бол алба гэдэг зарчмаар цэргийн хатуу дүрэм, журмыг мөрдөх л ёстой. Гэхдээ мэдээж, хүнээ бодолгүй яах вэ.

-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ. Ажлын шаардлагаар гэнэт дуудагдах үед ар гэрийн асуудлаа хэрхэн зохицуулах уу?
-Хань маань бас л цэргийн хүн, 1999 онд их сургуулиа цуг төгссөн. Одоо Батлан хамгаалахын дээд сургуулийн “Түшиц” найрал хөгжмийн удирдаачаар ажилладаг. Харин охин маань наймдугаар ангид, хүү тавдугаар ангид сурдаг. Нөхөр маань миний ажлыг ойлгодог учраас харьцангуй амар байдаг. Үнэнийг хэлэхэд ар гэрийн ачааны ихэнхийг нөхөр маань л үүрдэг дээ.

-Нууц биш бол хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн орчин, нөхцөл хэр байдаг вэ. Танай Энхийг дэмжих ажиллагааны ар тал хангалт, дэмжлэгийн тасаг ямар үүрэгтэй ажилладаг юм бэ?
-Айл гэрийг эмэгтэй хүн авч явдаг шиг цэргийн салбарын арын албыг бүсгүйчүүд авч явдаг. Бид цэргүүдийг үүрэг гүйцэтгэх нөхцөл, бололцоог тасралтгүй хангах ёстой. Үүний тулд маш сайн төлөвлөж, урдаас харж, бэлтгэсэн байх шаардлагатай болдог. Одоогоор энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улсын 14 мянга гаруй цэрэг оролцоод байна. Жилд 1100 гаруй хүн энэ ажиллагаанд хамрагддаг. Бид цэргүүдийн бүх хувцас, хэрэгслийг бэлддэг. Дараа нь НҮБ-тай хийсэн хамтран ойлголцох санамж бичгийн хүрээнд нөхөн төлбөр авдаг юм. Өмнөд Судан бол дайн дажин татраагүй, цагийн байдал тогтворжоогүй газар учраас цэргүүд аюулгүй байдал, эрүүл мэнддээ хамгийн түрүүнд анхаарах ёстой. Монголоос явахдаа сар гаруй бэлтгэл хийдэг учраас хүндрэл харьцангуй бага гардаг.

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүд олон улсын хэмжээнд сайнаар үнэлэгддэг. Монгол цэргүүдийн бусдаас ялгардаг чадварыг юунд байна гэж боддог вэ?
-Би 2011-2012 онд баруун Сахарт НҮБ-ын цэргийн ажиглагчаар ажилласан. Дараа нь ажлын шугамаар Афганистанд очсон. Манайх Энхийг дэмжих ажиллагааныхаа гарааг анхнаасаа сайн тавьж өгсөн. Дараагийн үе нь энэ нэр хүндийг унагахгүйн тулд бүгдээрээ хичээдэг. Монголчуудын сахилга, зохион байгуулалт мэргэжлийн түвшинд очсон. Бас их бүтээлч. Очсон газартаа амьдрах орон сууц, орчноо байнга засаж, сайжруулж байдаг учраас монголчуудыг “ажилчин зөгий” гэдэг юм билээ.

-Энэ салбарт 23 жил ажиллажээ. Энэ хугацаанд манай улсын зэвсэгт хүчний салбарт ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?
-1990-ээд оны эхэн үед нийгмийн байдал зэвсэгт хүчинд ч бас нөлөөлж байсан. Хүмүүсийн албандаа хандах хандлага, итгэл буурсан байлаа. Цэрэгт явах хүн олддоггүй, нуугдаж, зугтдаг байсан үе. Тэр үетэй харьцуулбал зэвсэгт хүчин хөгжиж, үүнийг дагаад хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Зэвсэгт хүчний салбар өөрөө мэргэжлийн байх зорилт тавьсан, үүний төлөө хүн бүр зүтгэж байгаа. Залуус ч ажилдаа мэргэших, хамгийн сайн нь болох зорилготой болжээ.

Манай салбар бусад өндөр хөгжилтэй орнуудын жишигт ойртохын төлөө зүтгэдэг. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо бидэнд сайнаар нөлөөлж байгаа. Хэлтэй, өөрөө зүтгэлтэй бол НҮБ, цаашлаад олон улсад ажиллах боломж ч нээгдсэн.

-Хурандаа цолыг олон жил ажилласан ч гэсэн хүн бүрт өгдөггүй. Цөөхөн эмэгтэй хурандаа нарын нэг болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Миний хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ажлын минь үр дүн болов уу. Мөн гэр бүлийнхэн, багш, хамт олны дэмжлэг, туслалцааг онцлох ёстой. Аав, ээждээ маш их талархаж байгаа. Хурандаа цол авах гэж буйгаа хэлэхэд аав маань их баярласан шүү.
САНАЛ БОЛГОХ