Усаа өмчлөх аргыг ах нараас суръя

Нийтлэлчийн булан


​Туул дээр цахилгаан станц барихын тулд ОХУ-аас зөвшөөрөл авах уу​


Алтай, говийн асга, элсэн дунд гэгээн гэдэг нуур бий. Шаргал говийн цэнхэр сувд мэт энэ нууранд зүсэн зүйлийн жигүүртэн жаргаж, хадран, сугас тэргүүтэн наадсаар удаж байна. Гэгээн бол хүний гараар бүтсэн Монголын хамгийн анхны, хамгийн “залуу” нуур. Уг усан завъяаг өнгөрсөн онд олон улсын хайлтын системд албан ёсоор бүртгэж, Монголын газрын зурагт тэмдэглэсэн. Монгол орны гол мөрөн хатаж ширгэсэн тухай мэдээ дуулдах болсон энэ үед нэг ч гэсэн нуур шинээр ийн мэндэлсэн юм. Юутай гэгээн мэдээ. Гэтэл ийм нуур үүсгэж, Говь-Алтайн Тайширт усан цахилгаан станц барихаар ид яригдаж байхад хэчнээн олон хүн үүнийг эсэргүүцсэн билээ. Голын амийг гогдлож, загас жараахайг нь устгахаар зэхлээ хэмээн баахан эсэргүүцэж, багахан бослого дэгдээсэн. Гэтэл зүхэж байсан Тайширын станц өдгөө Завхан, Говь-Алтайн зарим сумыг эрчим хүчээр хангаж, хүн зоныг нь ундаалж байна. Усыг ашиглаж, станц байгуулахын гавьяа энэ. Гэвч өнөө хэр Монголд усан цахилгаан станц байгуулах нь монголчуудын дунд төдийгүй хойд хөрш, манай улсын хооронд хоёр туйл мэт маргаан дагуулсаар байна. Монголчууд цахилгааны хэрэглээ өсдөг оргил ачааллын үед ОХУ- аас өндөр үнээр эрчим хүч импортолж, амиа аргацаадаг. Нэг квт цаг цахилгааныг дунджаар 7-8 центээр, зарим үед бүр 13 центээр худалдан авдаг атлаа хүн амын хэрэглээ буурмагц, идүүлсэн эрчим хүчээ бараг хоёр цент хүрэхгүй үнээр хойд хөршид буцаагаад бэлэглэчихдэг.


Ийм хачин “харилцан ашигтай”-гаар хамтраад удаж буй. Учир нь өглөө өсөж, өдөр буураад, үдэш өсдөг дотоодын эрчим хүчний эрэлтийг даган манай эрчим хүчний үйлдвэрлэл хэлбэлздэггүй. Манай үйлдвэрлэлийн голыг нугалдаг нүүрсний станцууд уян хатан бус хөшүүн учраас хэлбэлзлээ нөхөхийн тулд хойд хөршөөс цахилгаан гуйланчилдаг нь энэ. Тэгвэл энэ хөшүүн байдлыг уян хатан усан цахилгаан станцаар шийдэж болдог. хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц. тиймээс ч манай зах замбараагүй эрчим хүчний системд тохируулга хийж чадна гэж салбарынхан хэлдэг юм. Эрчим хүчний энэ тохируулгагүйн гайгаар Монгол улс татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг жил бүр урсгасаар буй. Энэ онд л гэхэд төвийн бүс 50 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ-аас эрчим хүч импортлохоор төлөвлөж байна. Харин урсгал усыг ажилсаг болгосноор Монголчууд эрчим хүчний хараат байдлаас ангижирахад дөхөм болно. Усаар зөвхөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй усны нөөц бүрдүүлдэг. Зөвхөн эгийн голын усан цахилгаан станцыг барихад уртаараа хөвсгөл нуурын дайтай нуур үүсэж, аялал жуулчлал, газар тариалан гээд ус дагасан амьдрал цэцэглэх таамагтай. Наад зах нь тэр орчмын агаарын чийгшил нэмэгдэж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ дээшилнэ. Үүгээр зогсохгүй урсгал усанд менежмент хийж, үерийн аюулыг хүртэл тогтоон барьж дөнгөдөг.


Ус даган амьдардаг урд хөрш хөх мөрөн дээрээ 20 орчим станц босгосон. ингэснээр нэгэн цагт хэдэн мянган хүнийг хуу хамж үерлэдэг байсан Энэ мөрөн үерлэх нь эрс багассан. Энэ мэт усан цахилгаан станцын тусыг дурдаад байвал дуусахгүй. Тиймээс томоохон голуудаа түшиглэн станц барихаар үе үеийн Засгийн газар бодлогодоо тусгадаг. өнгөрсөн хугацаанд эг, шүрэн, дөргөн, тайшир, эрдэнэбүрэн гээд усан цахилгаан станцуудыг зүтгүүлсэн. Гэвч сүндэрлэн боссон нь тун ховор. Нэг Засгийн газар нь зүтгүүлж, нөгөө нь зогсоосоор өдий хүрлээ. Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай эгийн голын цахилгаан станцын түүх гэхэд одоогоос 20 жилийн өмнө эхэлсэн. Уг нь эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэдийнэ бэлэн болсон. Уг төслийн ТЭЗҮ-ийг Францын Tractebel Engineering компани хийж, эхний шатны өрөмдлөгийн ажлуудыг эхлүүлсэн. Гэвч энэ станцын ажил дорвитой урагшлахгүй л байна. Энэ төслийн нэгж нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болтлоо томорсон ч, ажил нь ахисангүй. Хариулт өгөхөөс татгалзсан хэдэн удирдлага нь амаа үдүүлж, дагжин чичирчихсэн сууна.


Үүнийг нь хүссэн хүлээж байсан эгийн голын усан цахилгаан станцыг эсэргүүцэгчид, байгалиа хайрлан хамгаалъя хэмээн ашиг сонирхлын нүдээр хашхирдаг “эх орончид” ч нам гүм болов. Хойд хөршийн хилээс бараг 600 километрийн зайд Монгол улс станц барихыг эсэргүүцдэг ОХУ-ын эсэргүүцэл ч намжмал байна. Монгол улс Сэлэнгэ мөрөнд станц байгуулахыг ОХУ хүчтэй эсэргүүцдэг. Гэхдээ их гүрний шийр заан хүчтэй шахаж, шантаажилж, дарамталдгаас биш үүнийгээ баталчих хангалттай нотолгоо үзүүлдэггүйг та мэдэх үү. Оросын сонирхлыг хөндсөн усан цахилгаан станц бүрийн маргаанд манай улс төрийн хүрээнийхэн толгой гудайн, чимээгүй суудаг. Энэ үед нь их гүрэн биднийг илт дээрэлхэж, “үхэр монголчуудыг яасан ч яахав” гэсэн ааш аяг гаргадаг талтай. энэ бүрт нь манай эрдэмтэд судалгаа нотолгоогоор амыг нь тагласаар, хэлэх үггүй болгосон хурлын дүрс бичлэгүүд ч бий. Тэр бүү хэл ОХУ-ын тал хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Идэр гээд Монгол улсын төвийн бүх голыг бүхэлд нь Байгаль нуурын сав газарт багтааж, эдгээр голд усан цахилгаан станц баривал биднээс зөвшөөрөл авах ёстой хэмээн давшилсан. Тухайн үед нь манай эрдэмтэд голын сав газар гэж байхаас нуурын сав гэж байхгүй хэмээн амыг нь таглаж байсан удаатай.


• Монгол Улс ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч худалдан авдаг атлаа хүн амын хэрэглээ буурмагц, идүүлсэн эрчим хүчээ хойд хөршдөө бэлэглэчихдэг.
• Хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц.
• Оросын сонирхлыг хөндсөн усан цахилгаан станц бүрийн маргаанд манай улс төрийн хүрээнийхэн толгой гуйдааж, манай эрдэмтэд судалгаа нотолгоогоор оросын талынхны амийг нь тагладаг.



Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьснаар Байгал нуурын ус багасна хэмээн ОХУ мэдэгдэж байгаа. Үнэндээ, энэ мөрний 37.5 хувь нь Монголд, бараг хоёр дахин том хэсэг нь оху-д оршдог. Дахин нэг жишээ, эгийн голын усан цахилгаан станцын сан дүүрэх гурван жилийн хугацаанд Байгаль нуурын усанд 0.002-0.0023 хувь хүртэл нөлөөлнө гэж Tractebel Engineering тооцоолсон. Мөн эгийн голыг хаахад Байгаль нуурын усны төвшин найман сантиметр хэлбэлзэнэ гэсэн тооцоо гарчээ. Гэтэл Байгал нуурт цутгадаг голуудад ОХУ усан цахилгаан станц барихаар зөвшөөрөл олгосноос үүдэн тус нуурын ус 2.4 метр хүртэл хэлбэлзэх таамгийг хойд хөршийн судлаачид хийжээ. Байгал нуурын төлөө үхтэлээ санаа зовж буй хэмээдэг хойд хөрш ингэж л хайрлаж байна. Тус улсын Байгал нуурт цутгадаг Ангар мөрөнд дөрвөн том усан цахилгаан станц байгуулсан. Эдгээрийн нийт хүчин чадал 12 мянган Мвт-ад хүрчихээд байгаа. Гэтэл Монгол улс үүнээс хэд дахин бага буюу 315 Мвт цахилгаан станц яагаад барьж болохгүй гэж. Улс орнууд ингэж эх орноо мэдэж, эзэн шиг нь аашилж байна. Гэтэл бид газар нутгаар нь урсаж буй усаа ашиглах ч эрхгүй сууна. Тэр байтугай 1960-аад оны үед ЗХУ-ын судлаачид манайд 20 гаруй усан цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоог тухайн үеийн нам төрийн удирдагчдад танилцуулж байсан гэх архивын баримт хүртэл бий. Гэтэл “ах дүү” улсууд байхдаа ахын хайраар хайрлаж, ангахын цагт “ах нь амиа бодлоо, миний дүү үүнийг ав” гээд импортоор хуураад хатаж үхэхийг харсаар суух нь. Энэ байдлаараа байвал туул дээр цахилгаан станц барихын тулд оросуудруу хадаг бариад гүйх бус уу.


САНАЛ БОЛГОХ