Олимпийн үеэр бидний мэдээгүй зүйлс

Спорт
  • Олимпийн наадмын өмнө Бразилын уснаас хүн бүр айж байлаа. Тэндхийн задгай усанд нь үхсэн загас үй олноороо хөвж байдаг, аймшигтай их бохирдсон гэсэн ойлголт хүмүүст байсан. Харин газар дээр нь очсон хүмүүс энэ ойлголт хэтрүүлэг байсныг мэдэж тайвширсан юм. Тиймээс Риогийн эргэн тойрны усанд хүмүүс санаа зовох зүйлгүй сэлж байлаа. Гэтэл усанд үсрэлтийн тэмцээн явагдаж байсан бассейны ус тунгалаг цэнхэр байснаа ганц шөнийн дотор ногоон болж хувирах нь тэр. Хүмүүс үүний учрыг олох гэж янз бүрийн таамаг дэвшүүлж эхлэв. Бразилчууд бохир усаа ариутгах гэж янз бүрийн химийн бодис ашигласан нь эцэстээ ийм байдалд хүрэв үү? Эсвэл өөр ямар нэг шалтгаан байна уу? Тунгалаг цэнхэр харагдаад байсан бассейны ус тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй биз гэсэн асуулт хариултгүй үлдэж байна.
  • Цэнгэлдэхийн хоосон суудал зохион байгуулагчдын толгойны өвчин болж байлаа. Зурагтаар гардаг олны сонирхлыг татдаг төрлүүд ч яахав, угаас битүү хүнтэй байдаг. Харин үдээс өмнөх урьдчилсан шатны тэмцээний үеэр үзэгчийн суудал хүнгүй шахам байдаг нь энгийн үзэгдэл. Ямар сайндаа л тамирчид “Үзэгчдийн зүгээс ирэх дэмжлэг алга. Зохион байгуулагчид үзэгчдийн тоог нэмэгдүүлэх талаар ямар нэг юм хийх хэрэгтэй” хэмээн гомдоллож байхав. Бразилчуудын амьжиргааны түвшин Англи зэрэг бусад оронтой харьцуулахад хавьгүй доогуур тул тасалбар авч дийлэх бэлтэй хүн ховор байсан бололтой.
  • Гольфын спорт 112 жилийн дараа хөтөлбөрт дахин багтсан нь энэ олимпийн нэг онцлог байлаа. Гэтэл сэтгүүлчид гольфыг олимпийн наадмын хамгийн аюултай төрлөөр тодруулжээ. Учир нь тэмцээн явагдаж буй цөөрөмд нь матар элбэг байхаас гадна хүн рүү довтолж мэдэх өвсөн тэжээлт амьтан, сармагчин олон таарна. Бөмбөгөө хаа хамаагүй цохисон тамирчин түүнийхээ араас явахдаа болгоомжтой л байхгүй бол ямар ч аюултай учирч болзошгүй байв.
  • Олимпийн наадмаас 87 улс медаль авч, 120 гаруй нь хоосон хоцорсон. Шинээр медаль авсан есөн улсаас Фижигийн амжилт хамгийн сэтгэл хөдөлгөм байв. Энэ улс 1956 оноос хойш олимпийн наадамд оролцож ирсэн ч (дунд нь хоёр л удаа өнжсөн) медаль авч амжилгүй өдийг хүрэв. Харин Риогийн олимпийн хөтөлбөрт регби багтсан нь тэдэнд анхны медалиа авах том боломж олгосон билээ. Фижигийн бахим эрс энэ боломжийг алдалгүй ашиглаж, учраа бүрээ хожсоор аваргалсан юм. Хүдэр чийрэг эрс эх орондоо анхны медалийг авчраад баярын нулимс унагах мөч олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн биз ээ.
Бассейны ус тунгалаг цэнхэр байснаа ганц шөнийн дотор ногоон болж хувирсан юм

  • Өмнөд Солонгосын гимнастикч Ли Ён-Жу Хойд Солонгосын Хон Юн-Жонтой тэмцээний үеэр сельфи авахуулж буй мөчийг гэрэл зурагчид дурандаа алдалгүй буулгажээ. Энэ хоёр улс хоорондоо байнга дайсагналцдаг ч спортын талбарт ийм явдал үгүй гэдгийг тэрхүү зураг харуулав. Харин болохгүй хүнтэй зургаа авахуулсан Хойд Солонгосын тамирчин нутагтаа очоод элдэв асуудалд орооцолдоогүй байгаасай гэж залбирах л үлдэж байна.
  • Дэлхийн чансааны 384-д эрэмбэтэй Оросын гольфчин Мария Вервенова тэмцээний сүүлийн өдөр алсын цохилтоор бөмбөгийг нүхэнд шууд хийж, үзэгчдийг шуугиулсан. Тэрбээр үүнээс гадна донжтой хувцас, үзэсгэлэнтэй царайгаараа олны анхаарлыг татаад амжжээ. Зарим хэвлэл түүнийг олимпийн хамгийн загварлаг тамирчнаар нэрлэж байв. Тэрбээр нийлбэр дүнгээр 16 дугаар байр эзэлсэн юм.
САНАЛ БОЛГОХ