“Goldman Sachs” Монголыг эхний 50-д багтаасангүй

Спорт

Үндэстэн дамнасан санхүүгийн компани “Goldman Sachs” Риогийн олимпийн медалийн зураглалыг гаргажээ. Тус компанийн шинжээчид АНУ- ын тамирчид 46 алт, нийт 106 медаль авч, багаараа тэргүүлнэ гэсэн “төлөг” буулгасан байна. Хятадууд 89 медальтайгаар аман хүзүүдэх бол Их Британи гуравт орно гэж таамаглав. Хойд хөрш Оросын баг британичуудын ард бичигдэх болсон нь хөнгөний тамирчид нь бөөнөөрөө эрхээ хасуулсантай холбоотой.

Оросууд энэ жил өмнөх олимптой харьцуулахад 24-өөр цөөн медаль авна гэж тэд тааварласан юм. Тэдний араас БНСУ, Герман, Франц, Итали, Унгар, Япон жагсах аж. Харин зохион байгуулагч Бразил түүхэндээ хамгийн өндөр амжилтыг үзүүлж, таван алт, 22 медальтайгаар 16-д орно гэжээ. Жагсаалтын эхний 50-д нэг алтан медальтай орнууд бичигдсэн байна.

Харин энэ дундаа Монголыг оруулсангүй. Лондоны олимпоос алтгүй ирсэн болохоор энэ удаад ч шар өнгөтэй медаль авч чадахгүй гэж үзсэн бололтой. Сонирхуулахад, “Goldman Sachs” Лондоны олимпийн өмнө ч бас ийм таавар дэвшүүлж байв. Ингэхдээ тэд эхний 10 байрыг дарааллаар нь тааж, муугүй шинжээч болохоо нотолжээ.


САНАЛ БОЛГОХ