“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлын сунгааны сураг

Нийтлэл

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сунгаа үргэлжилж буй. Гүйцэтгэх захирлын албан тушаалд горилж, 40 хүн анкетаа илгээсэн гэх мэдээлэл байна. Харин тэдний дийлэнх нь улстөрч байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний дундаас тус үйлдвэрийг 2008-2012 онд удирдаж байсан Ч.Ганзоригийн нэрийг дэвшүүлжээ. Гэвч “Монголын зэс корпораци”-ийн зүгээс буцаасан байна. Учир нь Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх “Жаст”- ын хэрэг Ч.Ганзоригийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед болсон нь түүнийг нэрийг сэвтүүлсэн байдаг. Түүнээс гадна дэлхийн зах зээл дээр шар металлын ханш тонн нь 9000 ам.доллар давж байсан өсөлтийн жилүүд буюу үйлдвэр ашигтай ажиллах алтан боломжтой цаг үед сайн менежмент хийж чадаагүй гэдгээр нь Ч.Ганзоригийг сонгоогүй бололтой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж буйгаас харвал дараагийн “нэр дэвшигч” нь “Алтжин” группийн тэргүүн Г.Алтан гэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Г.Алтанг томилохоор болсон тухай шуум тус үйлдвэрийн талаарх УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдээлэлтэй зэрэгцэн дэгдсэн ч ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ мэдээллийг үгүйсгэснээр хэсэг намжсан байсан билээ.

Энэ удаа бас нэгэн шинэ “гүйцэтгэх захирал”-ын тухай мэдээлэл чих дэлссэн нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт. Түүнийг салбарын сайдаар ажиллаж байсан туршлагатай гэдгээр нь онцолж, нэрийг нь дэвшүүлсэн бололтой юм.

Харин уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж буй “Монголын зэс корпораци”- ийн ТУЗ-ийн зүгээс энэхүү албан тушаалд зөвхөн мэргэжлийн хүн томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Тийм ч учраас тэдний зүгээс гурван хүн санал болгоод байгаа гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар удаан хугацаанд ажилласан Эндрью Вүдлэй, мөн “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал болон “Рио Тинто” компанийн захирал асан Камерон МакРэй, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад энэ оны долдугаар сараас уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж буй Да.Ганболд нар ажээ. “Монголын зэс корпораци”-ийн зүгээс тавьж буй хамгийн гол шалгуур болох “мэргэжлийн” гэдэг тодотголыг энэ эрхмүүд хамгийн сайн хангаж буй гэж тус компанийн ТУЗ үзсэн бололтой.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төр эзэмшиж байгаа гэдэг утгаараа тус үйлдвэрийн ерөнхий захирлыг томилоход Засгийн газрын санал жинтэй. Тийм ч учраас Засгийн газраас санал болгосон нэрийг “Эрдэнэт”-ийн ТУЗ батламжлах учиртай. Гэвч нэр дэвшиж буй зарим эрхмүүд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар сонгогдох шалгуурт нийцэхгүй байгаа бололтой.


Д.Ганболд
"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, нийслэлийн Засаг даргын орлогч, Төмөр замын Удир- дах газрын дарга, “Эрдэнэс Оюутолгой”н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.


Эндрью Вүүдлей
Рио Тинто компанийн Оюутолгойг хариуцсан Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Олон улсад уул уурхайн салбарт 26 жил ажилласан туршлагатай.


Камерон Макрей
Одоогоор Терраком компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг болох Рио Тинто-д 28 жил ажилласан.


Д.Зоригт
Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд газрын дарга, "Эрдэнэс MGL" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар 2008-2012 онд ажиллаж байсан. МАН-ын гишүүн.


Г.Алтан
"Алтжин" компанийн захирал. МАН-ын гишүүн


Ч.Ганзориг
Үйлдвэр худалдааны яамыг тэргүүлж байгаад 2008-2012 онд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан


САНАЛ БОЛГОХ