Утаанаас салах шийдэмгий “Засаглал”

Нийтлэл

ҮАБЗ-өөс агаарын бохирдлыг гамшиг болсон гэдгийг нэгэнтээ зарласан. Утаа гэдэг нэрийн дор үе үеийн засгийн газар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Тухайн үед улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хүрээнд багагүй хөрөнгө зарцуулжээ. Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газар 32.1 тэрбум төгрөгийг, Шийдлийн засгийн газар 9.6 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилын сан 200 гаруй тэрбум төгрөг, Японы ЖАЙКА олон улсын байгууллага агаарын чанарыг хэмжих суурин харуулын 11 станц байрлуулж, автобусанд тортогжилтийг шүүх шүүлтүүр суурилуулан ажилласан байна. Гэвч тухайн үед зарим хэсэгт агаарын бохирдол буурсан гэх мэдээ гарч байсан боловч үр дүн муутай төсөл хөтөлбөрүүд өнөөдрийн гамшигт байдалд хүрэхийг зогсоож чадаагүй юм.

Утааны гамшгийн эсрэг эрс шийдэмгий, зоригтой алхам хийх бүхэл бүтэн засаглал хэрэгтэй болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна.Утаагүй болох хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах, барилгажуулах асуудал юм гэдгийг ойлгодог ч зоригтой хэрэгжүүлж чадсан Засгийн газар байсангүй. Харин энэ засгийн газар яаралтай зоримог алхмуудыг хийж чадвал “Ард түмний Засгийн газар” гэж үнэлэгдэх болно. Ингэхийн тулд гадаадын банк оруулж ирж банк санхүүгийн байгууллагад томоохон реформ хийх хэрэгтэй. Гадны банкыг оруулж ирснээр Монголд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлнө. Тэр дундаа иргэдийг орон сууцжуулах, барилгын салбарыг өөд нь татах замаар утааны асуудлыг шийдэх боломжтой болно. Ингэхдээ засгийн газрын 8%-ийн орон сууцны хөтөлбөрийг гадны банкны үйл ажиллагаатай нэн тэргүүнд холбож өгөх хэрэгтэй байгаа тухай эдийн засагчид хэлж байна. МАН-ын засгийн газраас энэ мэт эрс шийдэмгий, зоримог алхмыг ард түмэн хүлээж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэдэн барилгын компани барилга бариад, хэдэн айл орон сууцанд ороод байгаа мэтээр төсөөлөх нь эндүүрэл юм. 100 гаруй мянган хүн ажиллаж байгаа энэ салбарыг Утаанаас салах шийдэмгий “Засаглал”-ын эдийн засгийн цогц хөтөлбөр гэж харах шаардлагатай.

Барилгын салбар өнөөдөр 20-хон тэрбум төгрөгөөр амь зогоох байдлаар удаан явбал дампуурах, үндэсний банкуудад хэдэн зуун тэрбум төгрөгийн өрөө төлж чадахгүйд хүрнэ. Улмаар тус салбарын 100 гаруй мянган хүмүүсийн ажлын байр эрсдэлд орно. Барилгын компанийг дагасан тавилгын үйлдвэрлэл, тавилга импортоор оруулж ирж байгаа компаниуд, зураг төсөл хийж байгаа компаниуд , шугам сүлжээ хийж байгаа компаниуд, төрөл бүрийн барилгын материал импортоор оруулж ирж байгаа компаниуд, хөшиг тогтоодог компани, гэр нүүлгэдэг компани цонх угаадаг компани гээд барилга дагасан бүх төрлийн бизнес зогсож монголын эдийн засаг хямрах биш, яг утаа шигээ гамшгийн байдалд орох нь тодорхой. Утаатай тэмцэх шат дараалсан арга хэмжээг хараад байхад эцсийн үр дүнд гэр хорооллыг барилгажуулах нь хамгийн оновчтой, зөв гарц. Хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүсийг түр хязгаарлах, цахилгаан зуух зэрэг нь байж болох жижиг асуудлууд юм. Гэвч туйлын үнэн бол Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн 60-70% нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 160-180 мянган яндангаас гарч байгаа утааг ийм аргаар устгах боломжгүй. Эрх баригчид нийгмийн бухимдлыг туйлд нь хүргэхгүйгээр яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгараад байна. Тухайлбал, дээр хэлсэнчлэн гадаадын банкыг оруулж ирэн, томоохон төсөл хөтөлбөрүүдийг, тэр дундаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг додомдож эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. 20-хон тэрбум төгрөгөөр энэ салбарыг төсөөлөхгүйгээр дор хаяж 60-80 тэрбум төгрөгийн тэлэлт хийж чадвал салбарын төдийгүй улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөг үзүүлэх юм. Үүнд эргэлзэх хэрэггүй. Ипотекийн зээлийн төлөлт бол 99%-ийн найдвартай гэдгийг статистик харуулдаг. Энэ зээлийг яаралтай хэвийн байдалд оруулснаар эдийн засаг тогтворжиж, засгийн газар тууштай тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг ойлгох цаг нэгэнт иржээ. Хэрэв энэ асуудлыг зөнд нь хаях юм бол засгийн газрын хувь заяа ч гэсэн өөрөө маш хүнд байдалд орно гэдгийг төрийн түшээ, эрхэм гишүүд, засаг төрийн удирдлагууд гүнээ ойлгож шуурхай ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.

Утаанаас салах шийдэмгий алхамыг одоогийн Засгийн газар зоригтой шийдэж, яаралтай хэрэгжүүлнэ хэмээн сонгогч иргэд бид итгэж, хүлээж байна. Ард иргэдийн итгэл алдарч, нийгмийн бухимдал дээд түвшиндээ хүрсэн үймээн ямар үр дагаварт хүргэдгийг "7 дугаар сарын 1” бидэнд ойлгуулсан. Утааны гамшиг улс орны эдийн засгийн гамшиг болж, олон нийтийн, Засгийн газрын тогтворгүй байдалд бүү хүргээсэй. Агаарын бохирдлын гамшгийн эсрэг зоригтой алхам хийж, гадны банкыг татаж оролцуулан барилгын салбараасаа эхэлж эдийн засаг, эрүүл мэндээ аварч чадвал энэ засгийн газрыг Ард түмний Засгийн газар хэмээн өргөмжлөхөд ч болохгүй гэх зүйлгүй.

САНАЛ БОЛГОХ