Ул муутай шийдвэрийн уршиг

Нийтлэл

ХХ зууны эхээр нийслэлийн төв, зүүн хэсэгт орой үдшийн цагаар гадна яваа хүний амьсгал утаанд давчдаж, утаа гамшигийн төвшинд дөхөж ирлээ. Хотын захиргаа цочирдож, нийслэлийн утааг бууруулах алба байгуулж, ажилтнууд томилсон юм. Томилогдсон ажилтнууд нь хотын утааг гэр хорооллын өглөөний галлагаанаас хойш бага үдийн хэрд хэмжилт хийж, нийслэлийн утааг бууруулах албыг буй болгосны үр дүнд утаа багасаж байна хэмээн удаа дараа мэдээлдэг боллоо. Хэдий тийм боловч нийслэлийн утаа буураагүй юм.

Сүүлийн үед утаа төрийн тэргүүний сэтгэлийг түгшээв. Ерөнхийлөгч, өөрийн Тамгын газар болон Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн захирагч нарыг оролцуулсан эрх мэдэл бүхий комиссыг байгуулж, тус хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт гаргах, эл шийдвэрийг хэрэгжүүлээгүй хүмүүстэй хариуцлага тооцно гэсэн боловч нийслэлийн утаа улам нэмэгдсээр байгаа.

Арга ч үгүй юм. Шилжин ирэгсдийг зогсоогоогүй цагт утаа байсаар байх болно. Баримт сөхвөл,1992 онд нийслэлд шилжин ирэгсэд 10 мянга гаруй байсан бол 2000 онд 21700 хүн болж, хоёр дахин нэмэгджээ. 2013-2015 оны хооронд Улаанбаатар хотод 30,000 гаруй хүн шилжин ирж, 1991 оноос гурав дахин өссөн байна. Шилжин ирэгсдийн оргил үе нь 2003 онд 40,000 гаруй, 2004 онд 41,900 гаруй хүн болж, ерээд онтой харьцуулбал дөрөв дахин нэмэгдсэн байдаг. Сүүлийн 10 жилд 235 мянган хүн нийслэлд шилжин иржээ.


Орон нутгаас нийслэлд зөвшөөрөлгүй нүүж ирсэн онц бүрэн эрхт ардуудыг чухам хаана суурьшуулах тухай зааж тодорхойлсон дүрэм, журам хотын захиргаанд байдаггүйг далимдуулан, нүүдэлчид Улаанбаатарын салхин дээр гэр, хашаа барьж дураараа дургиж эхэллээ. Тэд Чингэлтэй уулын мод, Туул голын бургасыг хядаж түлшээ бэлтгэдэг боллоо. Голын бургас дуусаж, ус нь ширгээд хуурайшиж, ойр хавийн модыг сүйтгэж дуусмагц шилжин ирэгсэд нүүрс түлж, утаагаар нийслэлийг утаж эхлэв. Хүний эрх гэдэг бол эмх замбараагүй авирлаж болно гэсэн ухагдахуун бишээ. Төр байсан цагт хүн тэнгэрийн дор ямар нэг засаглалд заавал захирагдах учиртай.

» Хүний эрх гэдэг бол эмх замбараагүй авирлаж болно гэсэн ухагдахуун биш.
» Агаарын бохирдол үр зулбах, зүрхний өвчин, элэгний хавдар, уушгины үрэвсэл өвчний суурь болж байна.
» Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн 700 орчим хүн нутагтаа буцаж, олныхоо дэмээр халамжид хамрагдан, ажил орлоготой болж, цэвэр агаарт сэтгэл тэнүүн амьдарч байна.

Монгол дахь “Хүний эрх” бол бусдыг хохироож байхад чөлөөтэй байдаг болсон юм. Хэмжээгүй эрхт иргэдийн буй болгосон утаанд нийслэлийн бага насны хүүхдүүд туйлын их хэлмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллага тогтоов. Тодруулбал, томуу, томуу төст өвчтөний 80 гаруй хувийг 0-9 насны хүүхэд эзлэх боллоо. Агаарын бохирдол үр зулбах, зүрхний өвчин, элэгний хавдар, уушгины үрэвсэл өвчний суурь болж байна.

Хаа дуртай амьдрах эрхтэй гэсэн алсын хараагүй шийдвэрийн гайгаар нийслэлд хүн амын төвлөрөл буй болж, шилжин ирэгсдийн зорчих тээврийн хэрэгсэлд (автобус худалдан авах, шатахуун, засвар, үйлчилгээ, татвар, жолооч, үйлчлүүлэгчдийн цалин хангамж зэрэгт) их хөрөнгө зарцуулж, ядуу эдийн засагтай Монгол Улсад ноцтой дарамт учрууллаа. Хөнөөлтэй шийдвэрийн уршгаар нийслэлд хүн ам төвлөрч, цэцэрлэг, сургуулийн ачаалал хэрээс хэтэрч, гурван ээлжээр хичээллэн сургалтын хэвийн хэм хэмжээ алдагдаж байхад хөдөөгийн зарим сургуулийн анги сурагчидгүй болж хувирсныг Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын сургууль харууллаа. Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а анги 19, 8б анги 16 хүүхэдтэй хичээллэж байхад Сэргэлэн сумын дунд сургуулийн 6, 7 дугаар анги энэ хичээлийн жилд тус бүр зургаан сурагчтай, 8 дугаар анги хоёр, 9 дүгээр анги гурван хүүхэдтэй хичээллэж байна. Сэргэлэн сумын дунд сургуульд багшийн хичээл заах цаг хүрэлцэхгүйгээс нэг багш хэд хэдэн төрлийн хичээл заадаг болов.

Улаанбаатарын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их болж, гамшигийн төвшинд хүрлээ. Энэхүү бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллынхон эзэлж байна. Дэлхийд "Азийн цагаан дагина” хэмээн алдаршиж байсан цэвэр цэмцгэр агаартай шинэвтэр Улаанбаатар хот гаж шийдвэрийн золиосонд эдүгээ утаан хөшигний цаана бараантан сүүмэлзэх балгас мэт харагдах боллоо. Одоо яах нь зүйтэй бол? Эсэргүүцлийн жагсаал агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга, хэлбэр бол нийслэлийн иргэд хөлтэй нь хөдөлж, хөлгүй нь тэргэнцэртэйгээ хэд жагсаад л агаараа цэвэршүүлчихмээр. Гэхдээ агаарын бохирдлыг багасгахад зөвхөн жагсаал бус олон талын арга хэмжээ шаардагдаж таарна. Зарим нь нийслэлийн агаар бохирдоход хуучирсан автомашины утаа их нөлөөлж байна гэлцдэг. Энэ бол нөгөө л туйлширлын нэг хэлбэр гэлтэй. Учир нь хэрэв энэ дүгнэлт бодитой аваас жил бүрийн урин дулаан улиралд нийслэлийн агаар яагаад тунгалаг байдаг бол! Нэг сая хүнд үйлчилдэг Улаанбаатар хотын 1000 хүнд зуун машин оногддог бол 12,2 сая хүнтэй Москвагийн 1000 хүнд 380 машин ногдож байгаа боловч Москвагийн агаар Монголын нийслэлээс цэвэр байгааг юу гэж үзэх вэ? Ядуусын хөл дүүжилдэг хуучирсан авто машинаа Нийслэлийн агаарыг бохирдуулагч голлох хүчин зүйл хэмээн үзэгчид нь эл сэдлээр далимдуулж, ядуусаас татвар авахыг зорьсон этгээдүүдийн санаархал юм. Байшин шиг машинтай манай хөрөнгөтнүүдэд хуучирсан авто машины татвар оноогдохгүй гэдэг нь мэдээж.

Төвлөрлийг сааруулж, утааг бууруулахын тулд орон нутгийг хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн үлгэр жишээ хөгжиж буй аймаг Сүхбаатар гэдгийг хүн бүр ярих боллоо. Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн 700 орчим хүн нутагтаа буцаж, олныхоо дэмээр халамжид хамрагдан, ажил орлоготой болж, цэвэр агаарт сэтгэл тэнүүн амьдарч байна. Тэгэхээр аймаг бүр Сүхбаатар шиг хөгжиж, иргэдийг орон нутаг руугаа татах цаг болжээ.

Төрөөс барилгад хөрөнгө оруулж, нэг ам метрийн үнийг нэг саяас доош хямдруулсан цагт ядуучууд тохилог сууцанд амьдарна. Барилгын эздийн ноёрхол, гүйлгээгүй сууцны үнэ ч унаж, хэвийн хэмжээнд шилжинэ. Ийнхүү ул муутай гаргасан шийдвэрийн балаг утааны эсрэг хамт олноор тэмцэх аваас бид зорьсноо хэрэгжүүлж чадна.
САНАЛ БОЛГОХ