2024 оны Нобелийн Химийн Шагналын эзэд зарлагдлаа

UB Info

2024 оны Нобелийн Химийн Шагналын эзэд зарлагдлаа. Амьдралын тулгын чулуунууд бол уураг хэмээх гайхалтай молекулууд билээ. Уургууд амьд биеийн бүхий л суурь химийн урвалыг удирдаж, чиглүүлдэг. Түүнчлэн даавар, дохио дамжуулах бодис, дархлааны биет, эд эсийг бүрдүүлэгч материалууд зэрэг амьд биеийн хамгийн чухал хэсгүүд уургаас бүтдэг. Уургыг харин 20 ялгаатай төрлийн амин хүчил босгодог.

Эдгээр амин хүчлүүдийг угсарч өөр шинэ уураг бүтээж болох юм байна гэдгийг нээсэн биохимич Дэвид Бейкэр энэ жилийн Нобелийн Химийн Шагналын талыг хүртлээ. Бейкир амин хүчлүүдийг угсарч цоо шинэ уураг гаргаж чадсан байна. Үүгээр ч зогсохгүй эм, вакцин, наноматериал, мини сенсоруудад ашиглагдах уургуудыг шинээр бүтээжээ. Шагналын нөгөө хагасыг Google Deepmind-ийг үүсгэн байгуулагч Демис Хассабис ба түүний хамтрагч Жон Жампер нар хүртсэн. Тэд AlphaFold2 хэмээх хиймэл оюуны загварыг бүтээсэн юм. Энэ хиймэл оюуны тусламжтайгаар уургийн бүтцийг таамаглах боломжтой. 1970 оноос хойш эрдэмтэд уургийн бүтцийг таамаглахыг мөрөөддөг байлаа. 50 жилийн мөрөөдлийг харин 2020 онд энэ хоёр эрхэм биелүүлж чадсан. 4 жилийн дотор 190 орны 2 сая гаран хэрэглэгч AlphaFold-ийг ашиглан 200 сая орчим уургийн бүтцийг тодорхойлжээ. Энэ технологийн хэрэглээ асар өргөн хүрээтэй ба эрдэмтэд өдгөө антибиотикийн эсэргүүцлийг илүү сайн ойлгож, хуванцрыг задлах чадвартай энзимийг бүтээгээд байна.

Уураг байгаагүй бол амьдрал үүсэхгүй байсан. Уургуудын бүтцийг тодорхойлж, тохиромжтой уургийг шинээр бүтээх боломжтой болсон нь хүн төрөлхтний хөгжилд үнэлж үл барах хувь нэмэр юм.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ