Хэт инфляци
1923 онд Германд тохиолдсон эдийн засгийн бүтэлгүйтэл нь тус улсад Нацизмыг бий болгох үндэс суурийг тавьж өгсөн юм...
1. ЭХЛЭЛ: Хамгийн хянуур, бүхнийг нарийн тооцоолдог Германчуудын бүтэлгүйтэл
Бүх зүйл уг нь тун энгийн эхэлжээ. 1923 оны эхээр Германы ажилчид Францын цэргүүд Рур хотыг эзлэн түрэмгийлэхийг эсэргүүцэн удаан хугацааны ердийн ажил хаялт эхлүүлэв. Дайны дараах засгийн байдал ерөнхийдөө хүндхэн байгаа хэдий ч Веймарын засгийн газар ажил хаясан ажилчдад цалинг нь үргэлжлүүлэн өгөх замаар энэхүү ажил хаялтыг дэмжихээр шийджээ. Энэ нь засгийн газрын 1921 оноос хойш үе үе хэрэглэж ирсэн мөнгөн дэвсгэртийн хэвлэх тоог нэмэгдүүлэх замаар хийгдэж эхлэв.
2. ГАЛЗУУРАЛ: "Хэвлэлийн салбар хөгжсөн нь"
Мөнгөн тэмдэгийн хэвлэл яваандаа "галзуурч" эхлэв. 1923 оны дунд үе гэхэд тус улсын төв банк 30 гаруй цаасны үйлдвэр, бараг 1800 хэвлэх машин, 133 компанийг ашиглан мөнгөн тэмдэгт хэвлэж эхэллээ. Хачирхалтай нь цаасан мөнгө үйлдвэрлэх нь Германы цөөн хэдэн ашигтай салбарын нэг болж хувирчээ. Хямралын оргил үед Германы мужийн засгийн газрууд, томоохон хотууд, томоохон компаниуд, тэр ч байтугай зарим пабууд бүгд өөрсдийн цаасан мөнгөө гаргаж байв. Мэдээж илүү их мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарахын хэрээр Рейхсмарк бүрийн худалдан авах чадвар буурч, худалдаачид үнээ өсгөж эхлэв. 1918 онд нэг талх Рейхсмаркийн дөрөвний нэгний үнэтэй байв. 1922 он гэхэд энэ нь гурван Рейхсмарк болж нэмэгдэв. 1923 онд талхны зах зээлийн үнэ огцом өсч 700 Рейхсмарк (1-р сар), 1200 (5-р сар), 100,000 (7-р сар), 2 сая (9-р сар), 670 сая (10-р сар), дараа нь 80 тэрбум Рейхсмаркс (11-р сар) хүрчээ. 1918 онд арван өндөг нэг хагас Рейхсмарк, 1921 онд гурван рейхмаркийн үнэтэй байв. 1923 онд зах зээлийн үнэ 500 (1-р сар), дараа нь 30 сая (9-р сар), дөрвөн тэрбум рейхмарк (10-р сар) болж өсчээ.
3. ХЭТ ИНФЛЯЦИ: Кофе захиалаад суух хооронд үнэ нь 3 дахин өсчихдөг
Хүүхдүүд үнэ цэнэгүй мөнгөн дэвсгэртээр янз бүрийн тоглоом зохион тоглож эхэллээ. Гэрийн эзэгтэй нар рэйхсмаркаар зуухаа галлаж, бойлерт, бялуу жигнэхдээ, мөн ханын цаас болгон ашигладаг байлаа. Олон германчууд мөнгөө түрэн харьдагаа бүрмөсөн хаяж, хэрэгцээтэй зүйлээ олж авахын тулд бартер солилцоог хийж эхлэв. Гиперинфляцийн хямрал нь гадаад валютын солилцоог бараг боломжгүй болгожээ. Дэлхийн нэгдүгээр дайны өмнө нэг америк доллар дөрвөн рейхмарктай тэнцэж байв. 1920 оны эцэс гэхэд энэ нь 70 Рейхсмарк болж нэмэгдэж жилийн дараа 180 болов. Хэт инфляци гаарсан 1923 онд нэг ам.долларын ханш огцом өсч 48,000 марк (1 -р сар), дараа нь 192,000 (6 -р сар) 170 тэрбум (10 -р сар), дөрвөн их наяд (11 -р сар) болсон байна.
4. ХЭН ЯЛЖ ХЭН ХОХИРОВ?
1923 оны хэт инфляциас ялсан, ялагдсан хүмүүс нийгэмд мэдээж байсан. Хамгийн их хохирол амссан нь хөрөнгө оруулалт, хадгаламж, тэтгэвэр, түрээсийн орлогод тулгуурласан Mittelstand (дунд анги) байв. 1921 онд 100,000 маркийн хадгаламжтай гэр бүл чинээлэг гэж тооцогддог байсан бол хоёр жилийн дотор энэ нь нэг аяга кофенд хүрэлцэхгүй байв. Харин засаг хямрахыг анаж байсан сөрөг хүчнийхэнд шинэ боломж бодитоор бий болжээ
5. ҮР ДҮН: Шинэ "засаг" ирлээ...
1923 оны хэт инфляци Веймарын засгийн газрыг өөрийг нь устахад хүргэсэн юм. Энд тэндгүй засгаа хараасан, чадваргүй, мэдрэмжгүйг нь гайхсан дундаж давхрагынхан үгээ барж байв. 1923 оны 11 -р сарын эхээр Адольф Гитлер гэх залуухан эрээр толгойлуулсан цоо шинэ Үндэсний Социалистууд (NSDAP) нам Мюнхенд төрийн эргэлт хийсэн нь дээр гэсээр товойн гарч ирлээ.
6. ДҮГНЭЛТ: Дэлхий дахины сургамж
1. Цалин нэмэх ажил хаялтыг мөнгө хэвлэж шийдэхгүй ээ
2. Алтаар баталгаажаагүй мөнгө хэвлэлт нь ихэнхдээ хэт инфляци руу заавал хөтөлдөг
3. Хэт инфляцийн дохио мэдрэгдэнгүүт яаралтай өөр мөнгөн дэвсгэрт гаргаж сэргийлэх хэрэгтэй
4. Засгийн газар, сангийн яам, төв банк нь нэг бодлоготой байхгүй үед ,инфляци гаардаг
5. Хэт инфляцийн хамгийн гайт үр дагавар нь Засаг төр үндсээрээ солигдож нийгмийн шинэ системээр дуусдаг.
Эх сурвалж: Г.Сэржхорол
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй