2024 оны Нобелийн Физикийн Шагналын эзэд

UB Info

2024 оны Нобелийн Физикийн Шагналын эзэд зарлагдлаа. Хиймэл оюуны чухал хэсэг нь хиймлээр бүтээсэн нейроны сүлжээг ашиглах машин сургалт юм. Энэ технологи нь их хэмжээний өгөгдлийг анализ хийж, тэдгээр дундаас давхардах өгөгдлүүдийг таньж, түүнийгээ дахин бүтээж чаддагаараа онцлог. Хиймэл нейроны сүлжээг хүний тархины бүтцээс санаа аван боловсруулжээ.

Хиймэл нейроны сүлжээнд тархины нейронуудтай зүйрлэж болохуйц “зангилаа” (node) хэмээх нэгж бий. Зангилааг хиймэл нейрон гэж байгаа юм. Хиймэл нейрон нь дохиог хүлээн аваад түүнийгээ хувиргаж чадна. Энэ нь биологийн нейронууд авсан дохиогоо бусад эсүүд рүү дамжуулдагтай төстэй ажилладаг. Түүнчлэн синапс буюу биологийн мэдрэлийн эсийн холбооснуудтай зүйрлэж болохуйц холбоосоор хиймэл нейронууд нэг нэгэндээ нөлөөлдөг. Хүмүүс бид суралцах үед зарим синапс холбоос хүчтэй болж, зарим нь сулрах процесс явагддагтай ижил хиймэл нейронууд ч бас хүчтэй ба сул холбоос үүсгэдэг. Эдгээр хиймэл нейронуудын холбогдох бүтэц ба загварыг хөгжүүлснээр хиймэл оюун буюу машин сургалтыг явуулах боломжтой болдог. Энэ жилийн Нобелийн Физикийн шагналыг 1980 оноос хойш хиймэл мэдрэлийн сүлжээтэй холбоотой судалгааг явуулж, чухал нээлтийг хийсэн Америкийн физикч Жон Хопфилд ба Англи-Канадын компьютерын шинжлэх ухаанч Жеффри Хинтон нар хүртсэн юм.

Товчхондоо Хопфилд нь өгөгдөл дундаас тодорхой загварыг хадгалж түүнийгээ дахин бүтээх чадвартай сүлжээг бүтээсэн. Харин Хинтон нь Хопфилдийн сүлжээг улам хөгжүүлж өөр загваруудыг таних чадвартай болгожээ. Эдгээр эрхмүүдийн суурь судалгаа нь өнөөдрийн хиймэл оюуны тэсрэлтийн дарь нь болсон гэхэд хилсдэхгүй. Харин хиймэл оюун нь технологийн хөгжлийг хэрхэн бадрааж байгааг та бид харж байгаа билээ.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ