Ховор нандин үзмэрүүдийг Германы тал нэхэмжилсэн ч оросууд татгалзсаар
Түрүүч нь №184 (462) дугаарт
1899-1902 оны хооронд болсон Америк Филиппиний дайны үеэр Америкийн цэргүүд Филиппиний төв арал Самарын нэгэн сүмээс эдгээр хонхыг олзолсон түүхтэй. Ийнхүү сүүлийн 13 жилийн турш Филиппиний Засгийн газар, сүм хийдийн тэргүүнүүд мөнөөх хонхнуудыг эргүүлэн авахаар оролдож буй ч өнөө хэр амжилтанд хүрээгүй л байна.
Америкийн зэвсэгт хүчин Манилаг эзлэн авсны дараа Филиппиний арлуудын төлөөх Испани Америкийн дайн эцэслэсэн. Гэвч залгаад Филиппиний эрх чөлөөний төлөө тэмцэгчидтэй америкчуудын хийсэн дайн эхэлсэн билээ. Америкчуудын энэ түрэмгийлэл 250 мянган хүний амийг авч одсон юм. Баланжижагийн хонхнууд уг дайны явц дахь хамгийн цуст мөргөлдөөний үеэр америкчуудын гарт орсон байдаг. Америкийн явган цэргийн есдүгээр хорооны байлдагчид өглөөний цайгаа ууж байх үед ажилчид, оршуулганд гашуудагчдын дүрд хувирч , авч яваа авсандаа мачете /Чихрийн нишингэ хураах зориулалттай аварга том чинжаал/ нуусан босогчид хотод нэвтрэн орж, хонхны дуунаар америкчуудыг гэнэдүүлэн довтолж, 45 цэргийг хороожээ. Энэ нь уг дайнд америкчуудын нэг өдөрт хүлээсэн хамгийн том хохирол болсон бөгөөд хариу үйлдэл нь төсөөлөхийн аргагүй байв.
Генерал Якоб Смит 250 мянган хүнтэй арлын арваас дээш насны бүх эрчүүдийг хөнөөх тушаал өгсөн бөгөөд “Надад хоригдлууд хэрэггүй. Би зөвхөн алахыг, бас шатаахыг, улам олныг алж, улам ихийг шатаахыг хүсч байна” гэж байв. Үр дүнд нь 50 мянган энгийн иргэн алагдсан гэдэг. Аллагын дараа генерал Смит дохио өгсөн буруутан болох хонхнуудыг цамхагаас буулгаж, Америкийн армийн өмч болгов.
Энэ зуунд эдгээр хонх хоёр улсын аль алиных нь хувьд ихээхэн бэлгэдэлт утгыг агуулах болжээ. Америкчуудын хувьд явган цэргийн есдүгээр хорооны амиа алдсан эрчүүдийн дурсгал болсон. Нэг хонх нь Өмнөд Солонгосын нутагт байрлаж буй есдүгээр хорооны баазад, нөгөөх нь Виоминг дахь Ф.Е.Варрены агаарын цэргийн хүчний баазад хадгалагддаг. Харин Филиппиний ард түмний хувьд эдгээр хонх эрх чөлөөний төлөөх урт удаан зовлонт тэмцлийнх нь бэлгэдэл байх нь гарцаагүй. 1990-ээд оны дунд үеэс филиппинчууд эдгээр хонхыг эргүүлэн авах хүсэлтээ тавьж эхэлсэн. Гэхдээ Америкийн легионы командлагч Жое Сестак “Бид дайчин нөхдийнхөө дурсгалыг үл хүндэтгэсэн үйлдэл хийхгүй” хэмээн эрсхэн мэдэгдэж байв.
Америкчууд хонхнуудыг олзлон авахаасаа гурван жилийн өмнө буюу 1899 онд Гаагийн конвенцид нэгдэн орсон. Уг конвенцид хамгаалалтгүй хот тосгод руу довтлох, шашны байгууламжууд, эмнэлэг, шинжлэх ухаан, урлагийн байгууламж руу довтлох, шашны институциудын болон хувийн өмчийг тонон дээрэмдэх зэрэг үйлдлийг хориглосон байдаг. 1907 онд уг конвенци түүх соёлын өвд гэмтэл учруулахаас зайлсхийх, олзлогдсон хөрөнгийг буцаан олгох тухай заалтаар баяжсан байдаг. Мөнөөх хонхнууд дайнд зориулан ашигласан шашны институцийн эд хөрөнгө байсан нь маргаангүй билээ.
Гэвч колоничлолын үед үйлдэгдсэнээрээ энэ хэрэг багагүй ээдрээ үүсгээд байгаа юм. Учир нь Испани Америкийн дайны дараа Филиппинийн арлуудыг Испани улс АНУ-д 20 сая ам.доллараар худалдсан байдаг. Үүнд хонхнууд ч багтах нь дамжиггүй. Хонхнуудыг америкчууд олзолж байх үед Филиппин нь тусгаар улс бус, Америкийн газар нутгийн нэг хэсэг байсан учраас энэ нь олон улсын ямар нэгэн шүүхээр бус, дотоодын шүүхээр шийдэгдэх асуудал болон хувирсан хэрэг.
Ингэхээр филиппинчүүдийн хувьд энэ маргаанд ялах ганц боломж нь ёс зүй, зүрх сэтгэл л болж байна. Ийм төрлийн асуудлыг хэрхэн шийдэх тухай асуудалд
олон нийтийн анхаарлыг Дэлхийн II дайн л татсан юм. Наци нар төрийн эрхэнд гарсныхаа дараа урлаг соёлын өвийг булаан дээрэмдэх цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд Рейхийн жүүд иргэдийн иргэний эрхийг хасàæ , өв хөрөнгийг нь булаан дээрэмдэж, хөнөөж байхдаа гар дээрх урлагийн өвийг нь булаан авахад ч ихээхэн анхаарал хандуулж байв. Гоген, Кандинский, Пикассо, Шагал зэрэг орчин үеийн болон жүүд гаралтай уран бүтээлчдийн бүтээлийг ад шоо үзэн, урлагийн гадаад зах зээл рүү худалдаж байлаа.
Харин Гитлерийн дуртай холланд мастеруудын бүтээсэн тариаланчдын аж амьдралын тухай уран зургуудыг цуглуулна. Энэхүү хөрөнгө хураалт нь германчууд Австрийг нэгтгэж, Франц, Голланд болон бусад барууны улсуудыг эзлэн авсны дараа тэнд ч бас үргэлжилсэн. Зөвхөн Францыг эзэлсний дараа л гэхэд 300 хуудас бүхий жагсаалт урлагийн бүтээл рейхийн мэдэлд шилжиж байв. Эдгээрийн ихэнх нь Гитлерийн Нюшванштейн дэх цайз руу зөөгдсөн. Наци нар зарим тохиолдолд урлагийн бүтээлүүдийг музей болон эздээс нь маш бага үнээр худалдан авч байв.
Зүүн фронт дээр нацистууд бүр ч харгис байсан. Слав үндэстнүүдийг доод арьстан гэж үзэж байснаас польш, украин, оросуудын соёлын өвийг устгах ажиллагааг өргөн фронтоор эхлүүлэв. Урлагийн бүтээлүүдийг хураан авах, устгах замаар үндэстний санах ойг арчихыг санаархжээ. Хөшөө дурсгалуудыг нурааж, ордон, сүм, музейнүүдийг тонон дээрэмдэж байв. Варшав хотод устгалыг бүр системтэйгээр өрнүүлсэн байдаг. Барилгуудыг тоосго тоосгоор нь нурааж, номын сангуудыг шатааж, эцэст нь хааны ордонг дэлбэлэв. 2007 онд Польш улс Германаас энэхүү үйлдлийнх нь төлөөсөнд 20 тэрбум ам.доллар нэхэмжилсэн юм.
Орост Толстойн эдлэнг тонож, шарилыг нь сүйтгэж, гар бичмэлүүдийг нь шатааж байв. Оросуудын тооцоолсноор германчууд 400 музей, 2000 сүм, 43,000 номын санг сүйтгэжээ. Германы фильдмаршал Вальтер Рейхенау тухайн үед “Зүүн зүгт урлаг түүхийн ямар ч дурсгал үлдэх ёсгүй” гэж хэлж байжээ. Зөвхөн баруун Оросыг эзэлсэн богино хугацаанд л хоёр сая урлагийн бүтээл алдагдсан гэж оросууд тооцоолдог. 1942- 1943 оны хооронд Нормандад Америкийн десант бууж, дайны хувь заяа эргэхтэй хамт урлаг соёлын өвүүдийн хувь заяа ч ахин эргэв. Зөвлөлт орос ба америкчууд эргээд германчуудаас булаан авч эхлэв.
Наполеоны дайны дараа францууд, Дэлхийн I дайны дараа германчууд дайны үеэр булаагдсан соёлын өвийг дайны дараа эздэд нь эргүүлэн өгч байсан. Харин энэ уламжлалыг америкчууд дагасангүй. Нью-Йоркийн Метрополитан музей, Вашингтоны Үндэсний галерейд германчуудаас булаан авсан үнэт өвүүд маш их. Дайны дараа аюулгүй хадгалах нэрээр 16,000 урлагийн бүтээлийг АНУ руу зөөсөн байдаг. Холбоотнууд олзлогдсон, дайны үед сүйдсэн урлаг соёлын өвийн бүх бурууг Нюрнбергийн шүүх хурал дээр германчуудад үүрүүлж дөнгөсөн. Америкчууд далайг гаталган үнэт зүйлс зөөж байх үед оросууд өш хонзонгоо тайлж байлаа. Оросын цэргийн удирдлагууд нэн түрүүнд оросуудаас булаан авсан эд хөрөнгийг эргүүлэн авахад анхаарчээ. Тэд Баруун Орос, Беларусь, Польшоос олзлон авсан урлагийн өвийг хадгалсан асар том агуулахыг илрүүлсэн юм. Дайны олзын комисс нь үнэ цэнэтэй болон зөөвөрлөх боломжтой обьектуудыг генералууд болон энгийн цэргүүд хувьдаа завшихаас өмнө шүүн авдаг байв. Берлинийг эзлэн авсныхаа дараа оросууд музей, агуулахуудыг тонон дээрэмдэж эхэлсэн юм. Хэсэг хугацааны дараа мөнөөх музей, агуулахууд нь үлдэгдлийнхээ хамтаар барууны холбоотнуудад шилжсэн байдаг.
Урлагийн бүтээлүүд дайны золиос болох үзэгдэл өнөөг хүртэл үргэлжилсээр
Ренуар, Мане, Гояа, эртний Тройгийн баялаг зэрэг 2,5 сая үнэт зүйлс Орос руу зөөгдсөн гэдэг. Хожим оросууд сая гаруйг нь Зүүн Германы Засгийн газарт эргүүлэн өгсөн. Харин үлдсэн хэсэг нь музейн агуулах болон Москвагийн эргэн тойронд нууцлагдан үлджээ. 1995 онд Эрмитаж, Пушкины музей хагас зууны туршид ил гараагүй хэдэн зуун уран зургийг дэлгэн шуугиан тарьсан юм. Урлагийн түүхэнд ч үлдээгүй ховор нандин эдгээр үзмэрүүдийг Германы тал нэхэмжилсэн ч оросууд эдүгээ хүртэл татгалзсаар байна.
Урлагийн бүтээлүүд дайны золиос болох ийм үзэгдэл зөвхөн өнө эртэд тохиосон ч биш, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Югославын задралын дараах үндэстэн хоорондын дайны үеэр мянган жилийн настай Муслимийн сүмийг дэлбэлж, Сараевагийн бөмбөгдөлтийн үеэр Үндэсний их сургуулийн номын сан дахь 1,5 сая ном, үүний дотор 155 мянган нэн эртний ховор ном шатсан. 1954 оны Гаагийн конвенцè түүх соёлын дурсгалт барилгууд дээр цэнхэр бамбайны дүрс зоож, бөмбөгдөлтөөс аврах нарийн ухаан сийлсэн ч Югославын дайны үеэр мөнөөх цэнхэр бамбай юуг ч хамгаалж чадаагүй юм. Цэнхэр бамбай цэргүүдэд сайн харагдаагүйгээс дайны үед маш олон түүхийн дурсгалт байгууламжууд устгагдсан гэсэн гэнэн тайлбар хийсэн. Гэвч үнэн хэрэгтээ мөнөөх тэмдэг нь харин ч түүх соёлын дурсгалт байгууламжууд дайны золиос болох сайхан шалтаг болсон юм.
Эдүгээ цагийн хамгийн халуун цэг бол яах аргагүй Ирак. Иракийн соёлын өвийг түрэмгийлэгчид булаан дээрэмдээгүй л дээ. Гэхдээ америкчууд Багдадыг эзлэн авсныхаа дараа түүх соёлын дурсгалыг хадгалдаг номын сан, музейг хамгаалалтандаа аваагүйгээс гурван өдрийн дотор музейнүүдээс эртний Вавилон, Ассирын үеийн 15,000 орчим үнэт өв алдагдсан байдаг. Музейн захирал Донни Жорж гадаадын сэтгүүлчийн зээлдүүлсэн сансрын холбоогоор Британийн музейд ажилладаг найздаа хэл дуулгажээ. Улмаар найз нь Английн Ерөнхий сайдад, Английн Ерөнхий сайд Пентагонд хүсэлт тавьж байж америк цэргүүд музейг хамгаалалтандаа авсан байдаг.
Гоо даль