Монголын иргэний нисэхийн салбарыг үгүй хийхийг санаархаж буй улстөрчид хэн бэ
Далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбар стратегийн нэн чухал ач холбогдолтой. Товчоор хэлбэл, агаарын тээврийн салбарт үндэсний эрх ашгийг орхигдуулбал шууд аюул учирна. Яг ийм харамсалтай явдал Гүржийн агаарын тээврийн салбарт тохиолдсон юм. Тодруулбал, 2005 онд Михаил Саакашвили Гүржийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийнхээ тийзийг Европтой харьцуулахад үнэтэй хэмээн байнга гомдоллодог байсан нь цаагуураа туркуудын ашиг, сонирхлыг төлөөлж улсынхаа авиакомпаниудыг дампууруулах замд хөтөлсөн гэж ажиглагчид шүүмжилдэг. Тэрбээр үндэсний тээвэрлэгчдийнхээ илэрхийлсэн өртөг бууруулах боломжгүй гэсэн үндэслэл, тайлбар, баримтыг хүлээн авалгүйгээр алдаатай шийдвэр гаргасан юм. “Хямд нисч чадахгүй бол чаддагаар нь гадаадынхныг нисгэнэ” гэсэн мунхаг шийдвэр удалгүй гадаадын дурын тээвэрлэгч Гүржийн дурын нисэх буудал руу зөвшөөрөлгүй нисдэг болгосон юм. Ийнхүү 10 хүрэхгүй жилийн дотор Гүржийн агаарын тээврийн 17 компаниас 14 нь дампуурсан гашуун түүх байна. Тиймээс гадны авиакомпанид зах зээлээ булаалгасан Гүржийн тухай нийтлэлүүд тухайн үед дэлхий дахиныг цочроож, Саакашвили Гүржээс хөөгдөж яваад Украины Одесс мужийн захирагч болсон. Гэвч хашралгүй дахин энэ санаагаа давтахаар оролдсон ч бүтэлгүйтсэн удаатай.
ТУРКИЙН ЗГ ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧЭЭ ОНЦГОЙ ДЭМЖДЭГ
Гүржийн Ерөнхийлөгч асаныг амжилттай “лобби”-дож улсынх нь агаарын тээврийн салбарыг элгээр нь хэвтүүлсэн “Туркиш Эйрлайнс” компани улсынхаа Засгийн газрын онцгой дэмжлэгээр “бойжиж” өдий зэрэгт хүрчээ. 1933 онд Турк улсын төрийн өмчийг оролцуулан тавхан онгоцтой байгуулагдаж байсан “Туркиш Эйрлайнс” компани өнөөдрийг хүртэл өргөжин тэлсээр дэлхийн 282 чиглэлд 298 онгоцоор нислэг үйлддэг асар том групп болон өндийсөн. Энэ компани сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт огцом хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсний нууц нь Туркийн Засгийн газар үндэсний агаарын тээвэрлэгчээ онцгой дэмжиж ирсний тод илрэл юм.
Дэлхийн агаарын тээврийн зах зээлийг Ойрх Дорнодын нислэгийн компаниуд булаан эзэлж, АНУ-ын “Виржин Америка”, “Америка Эйрвэйс”, Их Британийн “Бритиш Эйрвэйс” болон Германы “Луфтанса” зэрэг өрнөдийн топ авиакомпаниуд түүх болон үлдэх гунигт жагсаалтад өршөөлгүй бичигдсээр байна. Жагсаалтаас харвал “Туркиш Эйрлайнс” компани сүүлийн жилүүдэд огцом өндөр амжилт үзүүлж байгаа нь 2015 онд дэлхийн топ авиакомпаниудын жагсаалтын дөрөвдүгээрт, 2016 онд долдугаар байрт бичигдсэнээр батлагдана.
Ажиглагчдын бичиж байгаагаар “Туркиш Эйрлайнс” компанийн өрсөлдөөний арга нь түрэмгий бөгөөд зальжин байдгаараа өөрийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий хүмүүсийг татан оролцуулж чаддаг байна. Америкийн авиакомпаниуд хүртэл “Туркиш Эйрлайнс”-аас айж эмээхдээ Төрийн Департаментдаа хандаж, тусгай бодлогоор үндэсний компаниудаа дэмжээч хэмээн гуйж байсан удаатай. Хүчирхэг гүрний олон жилийн түүхтэй компаниуд ингэж хандаж байхад жижиг орнуудын зах зээлийг эзлэх нь “Туркиш Эйрлайнс”-т тун амархан биз ээ. Харин Монгол Улс яг одоо Гүржийн алдааг давтах уу, үгүй юу гэсэн сонголтын ирмэг дээр байна.
ТЭД ЯАГААД МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ТЭМҮҮЛЭВ
“Туркиш Эйрлайнс”-ын дараагийн бай нь Монгол уу хэмээх нийтлэл цахим орчинд тархаж эхэллээ. Анх 2012 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд улам өргөжүүлэх талаар сүүлийн жилүүдэд яригдсаар байна. Зах зээлийн зарчмаа дагаад зөвхөн Монгол бус манайхтай ижил хөгжилтэй, газар зүйн хувьд ойролцоо оршиж байгаа улс орнуудын иргэний агаарын тээврийн орон зайг эзлэхээр тэмүүлж байгаа нь дамжиггүй юм. Энэ нь хууль бус зүйл огт биш, зах зээлийн зарчим ч гэлээ Монгол руу тэмүүлсэн дэлхийн аварга том авиакомпанийн эрх ашгийг хамгаалан, эсрэгээрээ үндэсний эрх ашгийг үл ойшоож, эрх мэдлээ хэтрүүлж буй улстөрчдийн баадууны түлхүүрийг чангалж суугаа “нууц” бүлэглэл байна хэмээн хардахад хүргэж байна. Гүржийн экс Ерөнхийлөгч Саакашвили гэх том тулыг шидсэн торондоо оруулж дөнгөсөн туркууд Монголын жараахайнуудыг барихад юухэн байхав гэдгийг санахад илүүдэхгүй.
МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫГ ҮГҮЙ ХИЙХЭЭР САНААРХАЖ БУЙ УЛСТӨРЧИД ХЭН БЭ
Одоогоос жилийн өмнө “МИАТ” компанийн экс захирал Г.Жаргалсайханыг “Туркиш Эйрлайнс”-тай гэрээ байгуул хэмээн сайд асан М.Зоригт шахалт үзүүлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй нийтлэгдэж байсан. Угтаа бол Монгол, Турк хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан “Агаарын харилцааны хэлэлцээр”-т “Туркиш Эйрлайнс” компани Монгол руу, “МИАТ” компани Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрх, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй хэмээн заажээ. Гэтэл “Туркиш Эйрлайнс”-ийнхан барьцаа ахиулж том онгоцоор долоо хоногт хийх нислэгээ тав болгох тухай Монголд огт ашиггүй, алдагдалд оруулах санал тавьсан тул гэрээ хийх боломжүйг экс захирал Г.Жаргалсайхан шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудал ингээд эцэслэгдсэнгүй. Зөвхөн “Туркиш Эйрлайнс”-аар зогсохгүй “Эйр Пусан”, “Эйр Астана” гэсэн гадны гурван том авиакомпанийн дунд Монголын иргэний агаарын тээврийн салбарыг үгүй хийх “тулаан” өрнөж байна. Тавхан онгоцтой “МИАТ” компани тэдэнтэй тулалдаад “барахгүй”. Утсан хүүхэлдэй болсон улстөрчдөөс чухам хэн нь түрүүлж стратегийн чухал ач холбогдолтой энэ салбараар тоглох бол. Эсвэл хэн нь түрүүлж аварч үлдэх бол. Монгол Улсын язгуур эрх ашиг бүү хөндөгдөөсэй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй