ВАГНЕРИЗМ 200
Аливаа нэг бүтээл бүтээгчийнхээ хувийн амьдралыг их бага хэмжээгээр тусгаж байдаг
“ХӨГЖИМ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮН” Р.ВАГНЕР
Герман улс, Байрут хот. Уран бүтээлчид тоглолт болохоос хэдэн сарын өмнө театрын тайзнаа сургуулилтаа эхэлжээ. “Нибелунгийн бөгж” II үзэгдлийг эхнээс нь... гурав, дөрөв...” хэмээгээд удирдаач дохиураараа дохин хөгжмийг эхлүүлнэ. Тайзнаа удирдаачаас гадна концертмейстр, хагас тайзны хувцастай гол дүрүүд бэлтгэлээ хийж байв. Оркестрын 120 гаруй хөгжимчид хаачаа вэ гэтэл тэд хэсэгчилж бэлтгэлээ хийдэг аж. Партитурыг ажвал хүнд гэгч хавтастай, зузаанаас зузаан эрээлжилсэн нот... “Уг дуурь Вагнерийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Тэгээд ч хөгжим гэдэг дуурийн урлагийн зөвхөн ганцхан хэсэг нь шүү дээ..”. хэмээн бодсоор би тайзны хаалганы дэргэд чимээгүйхэн зогсов. Хувцас, хиймэл үс, модон гутал, алд алдаар хэмжигдэх олон өнгийн бөс материалыг ширээн дээгүүрээ хөглөрүүлсэн оёдолчид машинаа тачигнуулан үйл мэтгэнэ. Агуулахын өрөөнд хэдэн арван хайрцаг хувцас хэрэглэл он оны дууриудын гэрч болон хураалттай. Өлгөөтэй хар цагаан хөргүүдэд үе үеийн удирдаачдын тоглуулсан бүтээлүүдийг он сартай нь жагсаажээ... Tristan und Isolde-1931, Lohengrin-1936, Ring-1936, 1937, Parsifal-1936,19 37, Meistersinger 1943, 1944...
Германы хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч, гүн ухаантан, жүжгийн зохиолч Ричард Вагнерын хорвоод мэндэлсний 200 жилийн ойг өнгөрсөн 2013 онд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Дуурийг хөгжмийн урлагийн цогц хэлбэр гэж үздэг. Учир нь дуурь хөгжим, бүжиг, зураг, тайз, жүжиг, хувцас, цаашлаад гол дүр, туслах дүр, найрал дуу гээд маш олон төрлийн урлагийн нэгдэл болдгийг бид мэднэ. Тэгвэл Вагнерын дуурь эдгээр бүх хэсгийг багтаасан төдийгүй агуулгаас улбаатай элементүүд, элементээс үүдэлтэй хугацаа гээд бүх талаараа хэд дахин томорсноороо хөгжимт- театр нэрнээс үүдэлтэй дуурь хэмээх ойлголтыг цоо шинээр томьёолж, хэдэн зуун дамнасан агуу шинэчлэлийг хөгжмийн урлагт эхлүүлсэн юм.
Та театрт хамгийн дээд тал нь хэдэн цаг саатаж чадах вэ? Бүтэн хоногийн талаас илүү буюу 15 цаг суудалдаа тухлан хөгжим сонсоход бэлэн үү? Энэ асуултыг Вагнерын дууриуд үзэгчээсээ асуух бөгөөд жинхэнэ хөгжмийн жанр сонсогчоо шалгадгийн тод жишээ. Энэ бол энгийн нэг дуурь биш. Энэ бол агуу дуурийн урлаг юм. Чухам энэ л хэмжүүрт тэнцэх, эсэхээ шалгуулахаар дэлхий дахины дуурийн театрууд өнгөрсөн жилээс хүчтэй өрсөлдөж эхлээд байна. Сонсогчдоосоо хөгжим судлаачийн хэмжээний мэдрэмжийг шаарддаг Вагнерын хөгжмийн үнэнч сонсогчид аль улсын ямар театруудад ямар гүйцэтгэлээр уг ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг гярхай ажиглан буй. Санкт Петербургийн Маринскийн театрт уу, Миланы Театро алла Скалад уу, Нью- Йоркийн Метрополитаны театрт уу, Берлиний дуурийн төвд үү? Д.Баренмойм уу, В.Гергиев үү, эсвэл К.Телеманны удирдсанаар уу...?
Эйзенах дахь түүхийн музей 1842 он руу хөтлөх бол өмнөд Америкт хамгийн томд тооцогдох Буэнос-Айресийн дуурийн театрт түүний алдарт дууриар хөгжимт баримтат кино хийж, Лейпцигт 10-хан хоногт найман дуурь тоглох фестиваль болно. Үүнээс гадна Мелбурн, Сиаттл, Вена, Милан, Хамбүрг, Лондон, Парис хотуудад зөвхөн “Нибелунгийн бөгж” дуурийг цоо шинэ тайзнаа тавих аж. Венецийн Ла Фенис дуурийн театр “Тристан, Изольда хоёр”-ыг тоглох бол урд хөршийн нийслэл Бээжингийн үндэсний театрт итали найруулагч Жанкарло дэл Монакогийн найруулгаар “Лоэнгрин”-г тоглохоор бэлтгэл ажлаа базааж байна. Эдгээрийн дотроос хамгийн онцгой газруудын нэг бол Вагнерийн эх нутгийн баруун урдхан хэсэгт орших Байрут хот.
Ногоон толгод бүхий энэ хот жилд дунджаар 60,000 орчим тоглолт үзэх захиалга, захидлыг дэлхийн өнцөг булан бүрийн вагнеристуудаас хүлээн авдаг бөгөөд он цаг өнгөрөх тусам тэдний нэрс хүлээлгийн жагсаалтад орох нь ихэсэж, энэ нугад ирэхийн тулд заримдаа бүр найман жил хүртэл хүлээх болдог гэвэл та итгэх үү? Чухамдаа яагаад энэ “толгод”- д Вагнерийн хөгжим ингэтлээ нутагшсан шалтгааныг олохын тулд хөгжмийн зохиолчийн намтрыг эргэн сөхөх нь зүйтэй.
Р.Вагнер 1813 оны тавдугаар сарын 22-нд Лейпциг хотод цагдаагийн түшмэлийн гэрт төржээ. Түүнийг нэг нас хүрэхэд эцэг нь өөд болж, өнчин хүүг зураач, зохиолч Людвиг Гейер өргөж авснаар урлаг, уран сайхны ертөнцтэй танилцах үүд хаалга нь нээгджээ. Улмаар 15 настайгаасаа ээж, эгч нарынхаа нөлөөн дор хөгжмөөр хичээллэж эхэлсэн нь түүний зохион туурвих хосгүй авьяасын эхлэл болж, 1832 он гэхэд төгөлдөр хуурын хэд хэдэн бүтээл, найрал хөгжимд зориулсан удиртгал хөгжим, Гётегийн “Фауст” зохиолд зориулсан хөгжим зэргээ бичээд байлаа.
Байрутын театраас хэдхэн бээрийн зайд орших Маргравиал дуурийн театр түүний карьераа эхлүүлсэн газар. Түүний дууриудыг бүтсэн цагаас нь эхлэн тайз, үзэгч, акустик орчноороо “шүүн” шалгасан театр нь. Гэхдээ Вагнер энэ театрыг үзэн яддаг байв. Түүний амьдралын энэ үеийг дөнгөж өндрөө авч буй нисэх онгоцтой зүйрлэж л тэр зургаан дуурь бичсэн байсан. Хувьсгал, улс төрийн үймээн самуунаар дүүрэн 1848 онд тэрээр Дрезденд хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан бөгөөд цэргүүд хотыг эзлэх үед баруун Германы нутагт тусгаарлагдаж, улмаар амьдралынхаа 12 жилийг өнгөрүүлэх төөрөгтэй Швейцарийн Луцерн рүү дүрвэн гарчээ. Уул ус, мод чулуу, хөх тэнгэр гээд байгалийн төгс зохицлоороо хэнийг ч хөглөм энэ нутаг Вагнерт өнөөх театрчилсан дуурийн хувьсгалаа бүтээх их эрчмийг өгсөн гэдэг. Гэр оронгүй, 36 настай эр бодит байдлаа эргэцүүлэхийн оронд цоо шинэ уран бүтээлийн эрэлд хатаж байв. Агуу урлаг нь агуу их эмгэнэлээс эхтэй гэж, жүжиг, яруу найраг, хөгжим, бүжиг, хувцас зэрэг нь нэгэн цогц болж, тусгай, тэр дундаа шүтлэгт зан үйл болон хувирах ёстой гэж тэр үздэг байв. Үүнээс гадна уг зан үйл нь эртний домгийн уран сэтгэмжит сэдэвтэй байх ёстой байв. Үүнд хайрын түүх, Аристократын элитийн аль нь ч дүрслэгдэхгүй бөгөөд аль ч цаг үед хамаарахгүй үйл явдал гардгаараа бидний мэдэх шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолтой төсөөтэй байв. Тэр дуурь хэмээх томъёоллоос зайлсхийж, театрчлалыг чухалчилсан хатуу зарчимтай, урлагийн бүхий л элементийг агуулсан цогц бүтээл бүтээхээр зорьж байсан юм. Чингэхдээ энэ бүгдийг хэн нэгний оролцоогүй, цэвэр өөрийн санаа сэдлээр бичсэн нь өнөөгийн бидний сонсох дуртай Вагнерист хөгжимт
Дөнгөж 30 гарч байхдаа л тэр зургаан дуурь бичсэн байсанжүжгийг бий болгосон байна.
Аливаа нэг бүтээл бүтээгчийнхээ хувийн амьдралыг их бага хэмжээгээр тусгаж байдаг. Швейцарьт байх үедээ Вагнер албан ёсоор гэрлэсэн байсан ч хөрөнгөжүү эртэй дэр нэгтгэсэн Матилда гэгч бүсгүйтэй холбогдсон байна. Уулын нугын том гэгч эдлэн дэх усан оргилуураар хүрээлүүлсэн Матильдагийн тансаг байшингийн хаалганы цаана чухам юу болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Вагнерийн туурвисан хөгжмүүдээс Матильда тэр хоёрын харилцааг тааварлаж болно. Вагнер 1857 оны арван хоёрдугаар сарын 23-нд “Мөрөөсөл” гэх дууг Матильдад зориулан тоглуулав. Үгийг нь Матильда бичжээ. Тэдний харилцаа хожим нь “Тристан, Изольда хоёр” дуурийнх нь галыг ноцоосон гэдэг. Сандал дээр суух хос хоёрын хоршил дуу... Залуу хажуудаа суух бүсгүйн гараас атган, нүд рүү нь нэг харснаа сандлаасаа бууж “тэнд л байгаад баймаар” хэмээн бодсоор түүний өвдгийг дэрлэн газар тэрийн хэвтэнэ. Вагнер 1857 онд бөгжний тухай цуврал дууриа түр хойш тавин, эртний домгоос сэдэвлэсэн хориотой хайрын түүхийг өгүүлэх энэ дуурьтаа төвлөрсөн түүхтэй.
Эрс тэс өнгө аястай, ердийн дуурьслуудын хил хязгаарыг цөмлөсөн бичиглэлийг дуурийн удиртгалын хэсэгт дуугарах хамгийн эхний хам эгшгээс шууд л мэдэрч болно. Үндсэн аяын өгсөлт, бусад хоолойн уруудалт дундуур орох хам эгшгүүд нь түүний хэр драматист зохиолч байсныг илтгэнэ. Энэхүү ая нь дээр дурдсан хоёрлын хэсэгт үргэлжлэн, зохиолын төгсгөл хүртэл дөрвөн цаг тэмцсэний эцэст эргэн эгшиглэх нь зохиолыг нэгэн бүхэл болгож, төгс шинжид аваачсанаар хүмүүний энгийн хэрнээ ялгуусан амьдралыг дүрслэн харуулах ер бусын толь болдог. Хэдий агуу уран бүтээлч гэлээ ч хүн л юм хойно Вагнер үеийнхээ бусад уран бүтээлчидтэй өөрийгөө жишин харьцуулж байв. 1840-1850-иад онд ихээхэн нэрд гарсан Мендельсон, Маябэер хоёрт мань эр битүүхэн атаархдаг байжээ. Вагнер тийм ч сайхан зантай нэгэн байгаагүй бөгөөд амьдралынхаа туршид өөртэйгөө тэмцэлдсээр байсан юм. Түүний энэ атаархал, бүтээхүйн их сэдэл хоёр нэгэн цэгт огтлолцож, энэ нь цаашид хөтлөх их эрчмийг түүнд өгч байсан биз ээ. ВВС-гийн сэтгүүлч, судлаач, хөгжмийн зохиолч Стефен Фрай түүний тухай хийсэн нэвтрүүлэгтээ “Би түүний амьдарч байсан эрин үе рүү нисэж очоод “Вагнер аа, би чамтай ярилцах хэрэгтэй байна. Юу гээч, чи бол яахын аргагүй XIX зууны шилдэг хөгжмийн зохиолч болно. Ирээдүйн хүмүүс аар саархан зүйлсийг мартах болно” гэж захиа бичмээр санагддаг юм” хэмээн дурдсан байдаг.
“Вагнерын дууриудыг хэрхэн удирдах талаар тайлбарлахад амаргүй. Тэнд оркестрыг түрхэн зуур орхих үе гэж байхад, зөвхөн дуучдыг дэмжих үе гэж байна. Тэнд ямар ч үлгэрийн үзэгдэл үгүй байхад, хөгжмөөр хүнийг хийсвэр орчинд аваачих хэрэг гарна” Удирдаач В.Гергиев.
Чамгүй цогтой зохиолч байсныхаа хувьд Вагнер дууриудынхаа либреттог өөрөө бичдэг байв. Энэ нь түүний дуурийнхаа агуулгад хэр ач холбогдол өгдөг байсныг харуулна. Вагнерийн бүтээлүүдийн агуулга нь Германы тухай бус, дэлхий нийтийн сэдэвтэй байдаг байв. Агуулгыг ийн гүн гүнзгий авч үзэх эл хандлага нь дөрвөн цуврал “Нибелунгийн бөгж” дуурьт нь тодоос тод илэрдэг. Энд байгаль, хүн, хүч гээд бүхий л зүйлсийн тухай өгүүлэх бөгөөд тухайн цаг үед хүчийг авч байсан нацизмыг үл хэрэгсэн, дараагийн нийгэмд буй болох хүний чөлөөт сэтгэлгээний тухай сэдвийг хөндсөн юм.
1864 он. Залуу нас нь хэдийнэ орхин одсон, хөрөнгө зоорь ч гэх юмгүй Вагнер эхнэрээсээ салж, Матильдатай ургуулсан хайрын түүх нь ч өндөрлөөд байв. Дээр нь “Тристан, Изольда хоёр” дууриа олны хүртээл болгоход нь янз бүрийн бэрхшээл тулгарсаар... Тавин нас үй түмэн бэрхшээлийн хамт угтан ирсэн нь энэ. Зардал өндөртэй дууриудаа тайзнаа тавихад түүнд хэмжээлшгүй хөлжсөн өгөөмөр нэгэн хэрэгтэй байлаа. Гэтэл 1864 оны гуравдугаар сарын 10-нд шидийн мэт тохиол болов. Баварын хаан насан эцэслэж, түүний хүү, Вагнерийн шүтэн бишрэгч 18 настай Людвиг хаан ор суув. Шинэ хаантан Вагнерийн бүхий л өрийг барагдуулаад зогсохгүй, цаашид бичих зохиолуудад нь ч хөрөнгө оруулж, язгууртны ордон гэмээр байр бариулж өгөв. Ихэс дээдсийн ивээл хайрыг харамгүй хүртэж асан Моцарт, Бетховений аль нь ч ийм өгөөмөр сэтгэлтэй учирч байсангүй ээ.
“Нюренбергийн мастер дуучид” дууриа бичиж дуусах үест Вагнерийн амьдралд нэгэн эмэгтэй орж ирсэн нь түүний дотны найз хөгжмийн зохиолч Ф.Листийн охин байлаа. Тэд 1870 онд гэрлэж, Байрутад эргэн ирэв. Нэгэнт энд түүний дуурийг талбих төгс чадалт театр байхгүй учраас шинэ театр байгуулахаар шийдэж, өнөөдрийн домогт театр бий болжээ. Хорь гаруй жил бичсэн “Нибелунгийн бөгж” дөрвөн цуврал дуурь нь түүний уран бүтээлийн ноён оргил нь байсан юм. Ингээд хүссэн тайзаа засаж, театртай болсноор зөвхөн хөгжим эгшиглэж, сонсогчид сонордох л үлдэв... 1876.08.13. Бөгжний шидийн дуурь олны өмнө анхлан дуурссан өдөр. Домогт ариун сүмд түүний “бөгж”-ний анхны гар бичмэл одоо болтол хадгалаастай. Чингээд тэрээр 1882 онд өөрийн сүүлийн дуурь “Парсифаль”- аа удирдан тоглуулаад, удаах жилд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
А.Гитлер сүр хүчнийхээ төвөөр сэргэн мандалтын үеийн соёлын төв хотуудын нэг Нюренбергийг сонгосон бол хэдэн зуун мянган хүний өмнө тавих сүрлэг илтгэлүүдийнхээ араас Вагнерын хөгжмийг ашигладаг байв. Гитлер Вагнерийн шүтэн бишрэгч байснаас түүний хөгжмийг нацизмын үзэл санаанд зориулан бүтээгдсэн гэх нь бий. Гэхдээ энэ бол ташаарал. Үүний нотолгоо болгож хожим зарим театр Вагнерийн “Парсифаль” дуурийн шинэ тавилтууд дээр иудейчүүдийг хөнөөсөн нацист үзлийг шүүмжилсэн хэсгүүдийг үндсэн агуулгыг нь өөрчлөлгүйгээр нэмж оруулсан байдаг.
Вагнер зөвхөн дуурьт бус, дуурийн театрт ч хувьсгал хийсэн юм. Байрутын фестивалийг театрын аль ч суудлаас үзэхэд үзэгдэх орчин төгс байхаас гадна аль ч хэсэгт акустикийн хувьд ижил дуугаралттай. Харин сандал нь хагас өдөр суухад төдийлөн тухтай биш гэмээр. Гэхдээ та энэ жил Байрутад очиж түүний дуурийг үзэхээр шийдсэн бол сонордох ахуйдаа өөрийгөө дэлхий дээр байгаагаар мэдрэхгүй нь лавтай. Тэртээ хол. Тэнд л байгаад баймаар... Энэ бол Вагнер.
Та 200 дахь зууны босгон дээрх энэ баярын гэрч болж мөнхөд алсрах сүр жавхлант хөгжмийн нэгээхэн хэсэг болоорой.
ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮД:
Дууриуд:
“Шидтэнгүүд” 1833 он, 229 минут
“Хориотой дурлал” 1834 он, 123 минут
“Трибюний үлдэгдэл Риэнзи” 1838-1840 он, 118 минут
“Нисч буй голланд эр” 1841 он, 135 минут
“Танхаузер” 1843-1865 он, 143 минут
“Лоэнгрин” 1850 онд анх тоглогдсон, 229 минут
“Нибелунгийн бөгж” дөрвөн цуврал дуурь -
“Райны алт”, “Валькирия”, “Зигфрид”, “Бурхадын мөхөл” 1848-1874 он, 15 цаг
“Тристан, Изольда хоёр” 1857-1859 он, 257 минут
“Нюренбергийн мастер дуучид” 1868 онд анх тоглогдсон, 300 минут
“Парсифаль” 1882 онд анх тоглогдсон, 268 минут.
Фауст удиртгал, найрал хөгжмийн зохиол, найрал дуунууд, төгөлдөр хуурын бүтээлүүд.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй