О.Бат-Эрдэнэ: Өрсөлдөх чадвараа сайжруулахаас хөгжил эхэлнэ

Ярилцлага

Хөгжлийн тулгуур салбараа мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гэж тодорхойлсон

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Манай аймаг хилийн гарцгүй ч байршлын хувьд Улаанбаатар хот болон Өмнөговийн уул уурхайн их бүтээн байгуулалтын алтан дундаж дээр байрладаг давуу байдлаа түшиглэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжүүлэх өргөн боломжтой” хэмээн тодотгов.

-Та ямар эдийн засагтай аймаг хүлээж авсан бэ. Эдийн засгийн байдал амаргүй байгаа нь олон ажлыг хийж, хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь үнэн. Гэхдээ боломж, бололцоог эрэлхийлж байгаа байх?
-Ний нуугүй хэлэхэд эдийн засгийн тамир тэнхээ тааруухан л аймаг хүлээж авсан. Улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл манай аймагт ч ялгаагүй нүүрлэсэн гэж болно. Гэхдээ хариуцлага алдсан, түүний сөрөг үр дагавар ч энэ байдалд түлхүү нөлөөлсөн тал бий. Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч эдийн засгийн үзүүлэлтээ тодорхой түвшинд сайжруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сан болон аймгийн Засаг даргын нөөц аль аль нь алдагдалтай байсан.

-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? -Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 20 орчим заалттай албан даалгавар гаргаж, төв суурин болон хөдөөгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Тухай бүрт нь хэрэгжилттэй танилцаж, чиглэл өгч ажилласны үр дүнд төлөвлөгөө бүрэн хангагдсан. Сумд маань өвлийн нөөц болох өвс, тэжээлээ боломжит түвшинд хангаж авсан. Малчин өрхүүд маань хадлан тэжээлээ өөрсдийн бололцоогоор бэлтгэсэн байгаа. Орон нутагт хадлан, тэжээл бэлтгэх боломжгүй, өвс, тэжээлийг алсаас тээвэрлэдэг. Энэ нь өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэл үүсгэдэг.

-Аймаг болгон өөрсдийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж, бодлогоо ч түүндээ нийцүүлж байгаа. Тухайлбал, танай аймгийн хувьд аль салбарт найдвар тавьж байна вэ?
-Манай аймгийн эдийн засгийн үндэс нь мал аж ахуй. Энэ утгаараа томоохон үйлдвэр, уурхай гэж байхгүй. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарт түшиглэн хөгжиж ирсэн нь нэг талаар сул тал болж байна. Тиймээс Орхон, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймагтай харьцуулахад орлого багатай. Жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас татаас байдлаар авч байгаа. Тиймээс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ сүүл мушгиж байна. Энэ байдлыг өөрчлөх зорилтыг бид дэвшүүлсэн. Манай баг үүний төлөө л ажиллаж байна. Өрсөлдөх чадвараа сайжруулахаас хөгжил эхэлнэ. Хүн ам цөөн, зах зээлийн багтаамж багатай ч нөөц, боломжоо бүрэн ашиглаж чадвал хөгжлийн түвшингээ шинэ шатанд гаргах бололцоотой. Хөгжлийн тулгуур салбараа мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гэж тодорхойлсон. Эдгээр нь Дундговь аймгийн тэргүүлэх салбар болон хөгжих юм. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө ч энд онцолсон салбаруудаа илүү нарийн тусгаж өгсөн.

-Дундговь аймгийн давуу талыг та хэрхэн харж байна вэ?
-Газар зүйн байршил маань өөрөө давуу тал болж байгаа юм. Улаанбаатар хотод ойрхон. Өмнөговь аймаг, нийслэл хотын дунд оршдог. Үүнээс гадна эрчим хүчний хүндрэл, бэрхшээл манай аймгийн хувьд байхгүй. Аймгийн төв, бүх сумын төв болон зарим төв суурин газар төвийн эрчим хүчний системд холбогдсон. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Аймгийн төв болон 12 сумын төв шилэн кабельд холбогдсон. Үүнийг давуу тал гэж харж байгаа. Бидний тодотгол бол дуу хуурын өлгий нутаг. Байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын газар ихтэй. Энэ нь аялал жуулчлал хөгжих дүүрэн боломж юм. Дэлхий нийтээр ногоон хөгжлийг онцолж байгаа. Үүний нэг нь сэргээгдэх эрчим хүч. Манай аймаг нар, салхины эрчим хүчний ихээхэн нөөцтэй. Тэгэхээр цаашид сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжихөд нээлттэй гэсэн үг. Энэ бол шавхагдашгүй баялаг. Мөн нутгийн айраг, мах, сүү, цагаан идээ бол брэнд бүтээгдэхүүн. Тиймээс малчдын хувьд орлогоо нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь.

-Та уул уурхайг хөгжлийн тулгуур салбараа гэж хэллээ. Тус салбарыг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?
-Манай аймаг бол ашигт малтмалын арвин нөөцтэй. Тухайлбал, нүүрс, жонш, төмрийн хүдэр, гөлтгөнө болон барилгын материалын түүхий эд нь байна. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Энэ зарчмыг хадгалж, орд газраа ашиглах, нэмүү өртөг шингээх тал дээр орон нутгийн зүгээс илүү нээлттэй ажиллана. Гол нь орон нутгийн иргэдэд өгөөжтэй, хөгжилд тус нэмэртэй байх ёстой. Үүний цаана байгаль орчны асуудал ч стандартын дагуу тавигдана. Уул уурхай сайн хөгжөөгүй нь эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байгаа. Хэдийгээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн.

-Дэд бүтэц, эрчим хүч нь уул уурхай хөгжих боломж. Хөгжихгүй байгаа шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?
-Үүний учир нь уул уурхайн үйлдвэрлэлийн олборлолтын технологи, тээвэрлэлт нь байгаль орчинд халтай, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилддөг тал бий. Мөн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайг эрхлэх санаачилга сул, уул уурхайгаас орон нутагт ордог орлого гэж бараг байхгүй. Энэ нь томоохон шалтгааны нэг болов уу. Мөн ажиллах хүчийг олноор шингээдэггүйтэй холбоотой гэж үзэж байна.


-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт танай аймгийн Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн, экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц барихаар болсон. Үүний өгөөж орон нутагт наалдах болов уу?
-Бид бүхэн үүнийг баяртай хүлээн авч байгаа. Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордын өгөөжийг нэмэгдүүлэхээр том чадлын цахилгаан станц болон тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь хүрэн нүүрсний арвин их нөөцтэй манай аймгийн хувьд нүүрсээ борлуулах зах зээл гарч ирэхээс гадна цахилгаан экспортлох, ажлын байр нэмэгдэх боломж гэж харж байгаа. Үүнийг дагаад аймаг эдийн засгийн хувьд бие даах боломж нээгдэх юм.

-Аялал жуулчлалын салбарт орон нутгийн зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Манай аймгийн аялал жуулчлалын салбар харьцангуй хожуу буюу 2003 оноос хөгжиж эхэлсэн. Тиймээс эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болон хөгжих боломжтой гэж үзэж байгаа. Байгалийн үзэсгэлэнт, ховор ан амьтан, ургамалтай, түүх соёлын дурсгалт Их газрын чулуу, Бага газрын чулуу, Онгийн хийд, Сүм хөх бүрд, Цагаансуварга зэрэг ховорхон тогтоцтой, жуулчдын зорин очих олон газар бий. Эдгээр газрыг түшиглэн байгуулагдсан жуулчны 15 бааз одоогоор үйл ажиллагаа явуулж байна. Жуулчны баазын 50 хувь нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Үүнийг дагаад үйлчилгээ сайжрах боломжтой. Ер нь үйлчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэх шаардлага бий. Үүнд хувийн хэвшлийнхэн маань илүү анхаарах ёстой.

Манай аймагт гадаад, дотоодын жуулчид говь, хээрийн нутаг, хөдөөгийн зан заншил, нүүдлийн мал аж ахуйтай танилцах боломжтой. Үүнээс тэмээ, адууны соёл илүү хадгалагдаж үлдсэн. Мөн аялал жуулчлалын хөгжилд дуу хуурын өлгий нутаг гэдэг брэнд ч түлхэц болно гэж үзэж байна. Дэд бүтэц сайтар хөгжсөн нь сүүлийн жилүүдэд дотоодын жуулчдыг татах болсон. Энэ нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэртэй. Гэхдээ манай иргэд аяллын соёлд суралцаж, тухайн орон нутгийн журам, дүрмийг хэрэгжүүлж, байгаль орчиндоо ээлтэй хандах хэрэгтэй. Бүс нутгийн аялал жуулчлалыг цаашид хөгжүүлэх боломжтой.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд ямар зарчим баримталж ажиллах вэ?
-Давуу талууддаа түшиглэн, тулгуур салбараа хөгжүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо мэдээж чухал. Тиймээс орон нутгийн зүгээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ирэх он жилүүдэд шинэ шатанд гаргана гэж зорьж байгаа. Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалт татах чиглэлд нь бодлогын хувьд дэмжинэ. Манай аймаг хилийн гарцгүй ч байршлын хувьд Улаанбаатар хот болон Өмнөговийн уул уурхайн их бүтээн байгуулалтын алтан дундаж дээр байрладаг давуу байдлаа түшиглэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжүүлэх өргөн боломжтой.

-Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбарт ямар ажил эхлүүлэхээр зорьж байна вэ?
-Манай аймгийн нэг хүнд ногдох малын тоо улсын дунджаас гурав дахин дээгүүр. Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь мал аж ахуй. Малын тоо толгойг өсгөхөөс илүү сүргийн бүтцийг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бүрэн ашиглах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах нь аймгийн эдийн засгийн цаашдын хөгжлийн гол чиг хандлага байх болно. Мал сүрэг тасралтгүй өсөж байгаа. Энэ оны эцэст гурван сая толгойд хүрэх боломж бий. Говийн малын мах илүү амттай гэж хэлдэг. Энэ нь ч үнэн. Тиймээс аймгийн малын тоо болон махны амт чанар онцгой сайн давуу талд түшиглэн орчин үеийн дэвшилт технологи бүхий махны үйлдвэр баривал бүс нутгийн төдийгүй хотын махны хэрэгцээний тодорхой хувийг хангах бололцоотой. Үүнийг дагаад малын гаралтай түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр хөгжих боломж бүрдэх юм. Гол нь малчдын хоршиж ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн зүгээс нэлээд анхаарна. Энэ хүрээнд хийх ажил чамгүй их байна.

Давуу талууддаа түшиглэн тулгуур салбараа хөгжүүлнэ
-Жижиг, дунд үйлдвэрлэлд орон нутгийн зүгээс хэрхэн ач холбогдол өгч, анхаарч ирсэн бэ?
-Өнгөрсөн жилүүдэд төр засгаас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Аймгийн хэмжээнд сум хөгжүүлэх сангаас 5.8 тэрбум, аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Энэ зээлийг авсан 360 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байгаа. Иргэдийн маань үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг нээж өгөх шаардлага бий. Аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулахаар төлөвлөж байгаа. Тодруулбал, сум болгонд тодорхой хэмжээний үйлдвэр байгуулахаар зорьж байна. Нийтдээ аймаг, сумын түвшинд 21 үйлдвэр байгуулахаар судалгаа, тооцоолол эхлүүлсэн. Эдгээр нь том хэмжээний үйлдвэр байж чадахгүй. Харин орон нутаг болон бүс нутгийн хэрэгцээ, шаардлага, зах зээлд нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хэмжээний дунд оврын үйлдвэр байх юм. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн амьжиргааны түвшинд ихээхэн ач холбогдолтой.

-Орон нутгийн хэмжээнд шилжих хөдөлгөөн саарсан уу, эсвэл хэвээр байгаа юу? -Манай аймгийн хувьд шилжилт, хөдөлгөөн харьцангуй саарч, багассан. Иргэдийн хувьд ч нутаг орондоо ажиллаж, амьдрах хүсэл, сонирхолтой байна.

-Цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар томоохон бүтээн байгуулалтын ажил байна вэ?
-Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвийн дулааны станцын барилга, шугам сүлжээний ажил, Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга, Улаанбаатар- Мандалговийн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлууд байгаа. Мөн Тэвшийн говийн нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, аймгийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв” барихаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр ажлаас гадна Дэлхийн банкны хөрөнгөөр Эрчим хүчний хоёрдугаар шатны төслийн хүрээнд аймгийн төвийн гэр хорооллын 0.4 кВт-ын цахилгааны шугамыг төмөр бетон тулгуур, бүрээстэй утсаар солих ажил хийгдэнэ.

Улс, орон нутгийн төсөв, гадаад орны тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр томоохон хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэрээнд мягмар гарагт гарын үсэг зурлаа. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Дархан-Уул, Завхан аймгийн удирдлага оролцсон. Уг төслийн хүрээнд манай аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэгийн засварын төсөл хэрэгжих боломжтой болж байна.
САНАЛ БОЛГОХ