Шуурга сөрсөн тэрбумтнууд

Мөнгө ба бизнес


Samsung Electronics- ийн хувьцааны ханш жилийн хугацаанд 60 гаруй хувиар өссөн

Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын хувьд нэлээд бужигнаантай жил болж өнгөрсөн. Ерөнхийлөгч нь шоронд хоригдож, хамгийн том конгломератын дэд ерөнхийлөгч авлигын хэргээр шүүхэд дуудагдаж, тэрчлэн пуужингаас хамгаалах Хойд Солонгосын эсрэг систем нь Хятадын эгдүүцлийг хүргэв. Солонгосчууд өөр зуураа chaebol хэмээн нэрийддэг бизнесийн хамгийн том конгломератуудын удирдлагууд нь ч гэсэн тус улсын экс Ерөнхийлөгчийн дуулиант хэрэгт холбогдож, Үндэсний Ассамблейд байцаалт өгсөн нь түүхэнд байгаагүй юм. Эдгээр эрхмийн тав нь энэ жилийн жагсаалтад бичигджээ.

Гэсэн ч дээрх үйл явдал зах зээлд төдийлэн нөлөөлсөнгүй. БНСУ-ын хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээний 22 хувийг бүрдүүлдэг Samsung Electronics-ийн хувьцааны ханш нэг жилийн хугацаанд 60 гаруй хувиар өссөний үр дүнд тус улсын Kospi жишиг индекс зургаан Өсөж буй од хувиар дээшилжээ.

Энэ үйл явцын ачаар Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг эрхэм Ли Күн-Хи хамгийн их долларын ашиг олсон хүнээр тодорч, хоёрдугаар байранд орсон эрхмээс даруй хоёр дахин их хэмжээний хөрөнгөтэй болов. Samsung компанийн ТУЗ-ийн дарга хийдэг түүний хөрөнгө 4.2 тэрбум ам.доллараар өссөн юм. Харин түүний гэр бүлийн холдинг компани Samsung C&T-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг, өдгөө хоригдож буй түүний хүү Ли Жэй Ёны хөрөнгө 6.2 тэрбум ам.доллараас (гуравдугаарт) өөрчлөгдсөнгүй. Ам.доллараар илэрхийлэгдэх хөрөнгө нь огцом өссөн эрхэм бол онлайн тоглоомын магнат Квон Хьюк-Бин. Түүний нийт хөрөнгө 1.2 тэрбум ам.доллараар дээшилж, 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ жилийн жагсаалт дахь тэрбумтнуудын эгнээнд гурван хүн шинээр нэмэгдсэн байна. Тодруулбал, гар утасны тоглоомын бизнесээр хөрөнгөжсөн Бан Жүн- Хьюк 24 дүгээрт, бэлэн хоолны салбарт тэргүүлэгч Ottogi-ийн Хам Ён-Жүн 47 дугаарт, аж үйлдвэрийн салбарын конгломерат Hyosung-ийн Чо Хьюн-Сан 49 дүгээрт (түүний ах нь 46 дугаарт бичигдэж буй) тус тус эрэмбэлэгджээ. Үнэт цаасны MBK Partners компанийн хамтран үүсгэн байгуулагч Майкл Кимийн амжилт дагуулсан дөрөв дэх хөрөнгө оруулалт 4.1 тэрбум ам.долларын ашиг авчирч, тэрбээр энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтын 38 дугаарт бичигдэх боллоо.

Тэрбээр ING Insurance Korea компаниа өнгөрсөн тавдугаар сард хөрөнгийн биржид бүртгүүлж, 977 сая ам.долларын хөрөнгө босгосон юм. Ингэснээр энэхүү хэлцэл БНСУ-ын хөрөнгийн зах зээлд энэ онд хийсэн хоёр дахь том IPO-д тооцогдож байна. Тэрчлэн БНСУ- ын Хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжиж буй анхны хувийн үнэт цаасны фирм юм. Тэгвэл өнгөрсөн жилийн жагсаалтад бичигдсэн ихэнх эрхмийн хөрөнгийн хэмжээ энэ жил буурчээ. Хамгийн их алдагдалд орсон эрхэм бол эм хангамжийн магнат Лим Сүнг-Ки. Түүний хөрөнгө 56 хувиар буурсан нь эмнэлзүйн туршилт хойшлогдож, дотоодын гурван корпорацитай байгуулсан гэрээ нь цуцлагдаж, нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой. Хорт хавдар, чихрийн шижингийн эсрэг эм үйлдвэрлэдэг түүний Hanmi Science компанийн хувьцааны ханш 54 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 4.5 тэрбум ам.доллараар доошилсон ч Лим Сүнг-Ки тэрбумтны байр сууриа хадгалж, энэ жилийн эрэмбийн 15 дугаарт бичигдлээ. Нийт тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа, валют арилжааны хаалтын ханшаар тооцов.


САНАЛ БОЛГОХ