Улс орнуудын урсгал тэнцлийн зөрүү улам тэлж байна
Мөнгө ба бизнес
Урсгал тэнцлийн зөрүү нэг түвшинд байгаа нь ДНБ-ий өсөлтийг сааруулж байна
Улс орнууд худалдаа, хадгаламж, хөрөнгө оруулалтын тэнцвэргүй байдлаа багасгахад илүү нягт хамтын ажиллагаа хэрэгтэйг ОУВС-гийн ахлах эдийн засагч Мори Остффелд санууллаа. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын урсгал тэнцлийн хэт зөрүүтэй байдал өөрчлөгдөөгүй байна. Ялангуяа, хөгжингүй эдийн засгуудад. Энэ байдал засгийн газруудын хооронд худалдааны зөрчил үүсэх шалтгаан болж буй нь ОУВС-гийн 30 том эдийн засгийн гадаад секторын тайланд хийсэн дүн шинжилгээний үр дүнд тодорхой боллоо” хэмээсэн байна. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа огцом багассан урсгал тэнцэл өнгөрсөн таван жилд нэг түвшинд буюу дэлхийн ДНБ-ий 3.25 хувьд хадгалагдаж буйд эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эдийн засагчдын тооцооллоор урсгал тэнцлийн хэт зөрүү 40-50 хувьд хүрсэн байна. Түүнчлэн тэнцлийн эдгээр зөрүүд тохируулга хийх нь эрсдэл учруулахгүй.
Гэхдээ шийдэгдэхгүй энэ чигээрээ байвал дэлхий нийтийн тогтвортой байдалд шууд аюул учруулна гэдгийг онцолсон байна. ОУВС жил тутмын уг тайлангаа томоохон эдийн засгуудын гадаад эдийн засаг дахь байр суурь, бодлогыг олон үзүүлэлтээр үнэлж гаргадаг юм. Энгийнээр бол, улс орнуудын урсгал дансны нэгдсэн үзүүлэлт гэсэн үг. Гадаад секторын тайланд дунд хугацаанд тогтвортой буюу хамгийн сайн үзүүлэлттэй Герман, Голланд, Сингапур, тайланд байгаа юм. Эдгээр орны урсгал тэнцлийн зөрүү ДНБ-ийх нь дөрвөөс дээш хувьтай тэнцэж байгаа бол Малайзынх 2-4 хувьтай тэнцэж, харьцангуй тогтвортой гэсэн ангилалд багтаад байгаа юм. Мөн Хятад, Өмнөд Солонгос, Шведийн урсгал тэнцэл ДНБ-ий 1-2 хувьтай тэнцэхээр байна. Харин Франц, Итали, Испанийн урсгал тэнцэл алдагдал руу улам бүр ойртож буй аж. Тэгвэл сөрөг төлөвтэй буюу ДНБ-ийхээ 2-4 хувьтай тэнцэх алдагдал хүлээж буй орнуудыг Аргентин, Бельги, Саудын Араб, Турк, Их Британи зэрэг орнууд тэргүүлж байна. Тэгвэл эрсдэл дунд зэрэг байгаа орнуудад Канад, Францд, ОХУ, Өмнөд Африк, Испани, АНУ зэрэг улсыг нэрлэжээ. Евро бүсэд урсгал тэнцлийн хэлбэлзэл өндөр байгаа нь өрсөлдөөний тэгш бус байдал нэгдсэн мөнгөн тэмдэгттэй бүс нутагт ч үйлчилж байгааг харуулж буй хэрэг хэмээн тус тайланд бичсэн байна.
Тиймээс ОУВС Герман зэрэг урсгал дансны илүүдэлтэй улс орнууд эдийн засгаа илүү нээлттэй болгож, нийгмийн халамжийн тогтолцоо, өргөн зурвасын интернэт үйлчилгээ зэрэг дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин АНУ, Их Британи зэрэг орон Засгийн газрын зардлаа бууруулж, хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардагатай гэж үзсэн байна. Хэдийгээр урсгал тооцооны тэнцэлд 2016 оноос хойш мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй ч онцлох зарим эдийн засгуудын тэнцлийн зөрүү багасаж байгаа аж. Мори Остффелд сурвалжлагчдад тэнцлийн хэт зөрүүтэй байдал, худалдааны тэнцвэргүй оролцоо нь дэлхийн нийтэд протекционист үзэл санааг дэвэргэж байна. Цаашид ч хурцатгах эрсдэл өндөр байгааг онцолжээ. Гадаад секторын 2018 оны тайланд дурдсанаар хэдийгээр энэ жилийн тайланд протекционизмын нөлөө харьцангуй бага байсан ч яваандаа эл үзэл санаа тухайн улсын төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөөс доош чангаана гэдэг нь тодорхой хэмээжээ.
Дунд хугацаанд дэлхийн болоод хөгжингүй эдийн засгуудын төлвийг харуулсан тус тайланд бичсэнээр худалдааны зөрчил, тарифын хязгаарлалтын хохирлыг хэмжиж болно. Гэхдээ дэлхийн ДНБ-ий өсөлтөд үзүүлж буй үүний нөлөө төсвийн бодлого болон бүтээмжид үзүүлж буйтай харьцуулахад маш бага аж. Өнгөрсөн долоо хоногт ОУВС худалдааны дайны цар хүрээ нэмэгдээд байвал 2020 он гэхэд дэлхийн ДНБ-ий өсөлт хоёр дахин саарах бөгөөд үнийн дүнгээр илэрхийлбэл 430 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэж таамаглаад байгаа юм. Тиймээс ч улс орнуудын байр суурь тун эмзэг байгаа бөгөөд юу юугүй гулсаж унахад ойрхон налуу ирмэгт ирээд буй гэдгийг ОУВС-гийн шинжээчид хэлж байна. Одоо бол системээ сайжруулах цаг үе, эс бөгөөс нөхцөл байдал улам хүндрэх тул худалдааны зөрчлийг шийдвэрлэх олон талын арга хэмжээ авахыг улс орнуудаас шаардаад байгаа юм. Үйлчилгээний салбарт худалдааг дэмжих, худалдааны либералчлалын үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр худалдааны олон тулгуурт системийг боловсронгуй болгохын зэрэгцээ улс орнууд худалдааны либералчлалаа ч сэргээхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэйг ОУВС зөвлөжээ. Энэ бүх хүчин чармайлт урсгал тэнцлийн хэт зөрүүг багасгахад төдий их нөлөөлөхгүй ч цаашдын эрсдэлийг бууруулж, нийгмийн сайн сайхан, бүтээмжид өндөр нөлөө үзүүлэх аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй